
Жирэмсэн болсноор хамаг бие хөөж томроод цаанаасаа л нэг үлэмж биетэн шиг болоод байгаа биз? Жирэмсэн эмэгтэйн биед шингэний нэмэлт хэрэгцээ бий болсноор жирэмсний хаван үүсдэг.
Энэ нь хэвийн аюулгүй шинжүүдийн нэг бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 75%-д илэрдэг. Оройн цагаар, удаан суух эсвэл зогсох, халуун цаг агаар, халуун орчинд хавагнах нь түгээмэл бөгөөд унтаад сэрэхэд хаван багассан байдаг. Хэвийн шинжүүдийн нэг боловч ээжид таагүй мэдрэмж төрүүлж тав тух алдагдуулдаг нь гачлантай. Гутал барьж, хуримын бөгжөө хуруунаасаа авч хадгалах шаардлага гарч болох юм. Хөл гарын хуруунууд яг л зайдас мэт санагдаж болно. Хамар хүртэл хөөж томрохыг яана.
Жирэмсний хяналтын эмч таны хаванг шалгаж, шинжилгээнд өөрчлөлт илрэх юм бол эмчилгээ зөвлөх болно. Бусад тохиолдолд дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.
-
Дасгал хийгээрэй. Жирэмсний дасгал нь хаванг бууруулахад сайнаар нөлөөлнө. Дасгал хөдөлгөөн нь цусны эргэлтийг сайжруулан биед хуримтлагдсан шингэнийг бөөрөөр дамжуулан шээс болгон гадагшлуулж өгдөг.
-
Давсны хэрэглээгээ хянаарай. Огт давсыг хорих нь тийм ч тохиромжтой зүйл биш бөгөөд амт оруулах төдий хэмжээнд давсны хэрэглээгээ багасгаарай.
-
Хавагналаа гээд уух шингэнээ багасгаж болохгүй шүү. Хэдий чинээ шингэн сайн ууна төдий чинээ шээсээр хорт бодис ялгарч байдаг. Өдөрт 8-10 аяга ус ууж хэвшээрэй.
-
Удаан суух болон зогсож болохгүй. Ажлын онцлогоос суугаа эсвэл зогсоо ажил хийдэг бол 1 цаг тутамд байрлалаа өөрчлөн амрахаас гадна судас бүдүүрэхээс сэргийлдэг оймс өмсөөд үзээрэй. Зогсоо ажил хийдэг бол суух хэрэгтэй. Бичиг цаас шагайгаад суухад нэг мэдэхэд 3-4 цаг суучихсан байдаг бол өөрийнхөө төлөө сэрүүлэг тавиад өрөөн дотроо, зуны таатай цагт гадаа гарч 5хан минут алхаад үзээрэй. Тархи цэнэглэгдэн ажлын бүтээмж ч нэмэгдэх болно. Суухдаа хөлөө багахаан өндөрлөөд суугаарай.
-
Хөлд эвтэйхэн хөнгөн, зөөлөн гутал өмсөөрэй. Бариу, хатуу ултай гутал хаванг улам нэмэгдүүлдэг.
-
Хажуу талаараа хэвтээрэй. Энэ нь бөөрний үйл ажиллагааг дэмжин хавагнахаас сэргийлдэг.
-
Иллэг хийлгээрэй. Хавагнаж ядарсан хөлөө оройдоо бүлээн усанд дүрж амраагаад нөхрөөрөө илүүлэх шиг жаргал байна гэжүү. Мэдээж дараа нь хөлөө сойгоод хэвтэж амрах хэрэгтэй.
Эх сурвалж: http://bestmother.mn/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.