Эмнэлэгт гарсан осолтой холбоотойгоор 12 хүнийг баривчилжээ

Twitter Print
2023 оны 04-р сар 20-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн мягмар гарагт Бээжин хотын Чанфэн эмнэлэгт гал гарч, 29 хүн амь үрэгдсэн хэрэгтэй холбогдуулан Хятадын эрх баригчид 12 хүнийг баривчилжээ.

Гал гарах үеэр эмнэлэгт байсан өвчтнүүд амьд гарахын тулд цонхоор үсрэн гарч, барилгын гадна хананд тогтоосон эйр кондишнууд дээр гарч зогсоход хүрсэн ба амь үрэгдсэн иргэдийн дийлэнх нь тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж.

Өнгөрсөн лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Фэнтай дүүргийн орлогч дарга галын ослын улмаас амиа алдсан 16 эмэгтэй, 13 эрэгтэйн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, хохирогчид болон тэдгээрийн гэр бүлийнхэн, Бээжин хотын иргэдээс уучлалт гуйжээ.

Бээжин хотын олон нийтийн аюулгүй байдлын хорооны төлөөлөгч Сун Хайтаогийн мэдээлснээр дээрх хэрэгт холбогдуулан Чанфэн эмнэлгийн дарга, эмнэлэгт засвар хийж байсан компанийн ажилчид зэрэг нийт 12 хүнийг баривчилсан байна.

Мөрдөн шалгалтын явцад гал хэвтэн эмчлүүлэх тасагт хийгдэж байсан засварын ажлын үеэр цог үсэрснээс болж гарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тухай Бээжин хотын гал унтраах албаны төлөөлөгч Жао Ян мэдэгджээ. People's Daily сонинд бичсэнээр лхагва гарагийн байдлаар дээрх ослоос болж эмнэлэгт 39 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Бээжин хотын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ин Ли "ослын шалтгааныг шуурхай тогтоож, буруутай хүмүүст нь хариуцлага тооцно" гэдгээ амласан байна. Хятадад галын осол гарах нь элбэг бөгөөд энэ нь аюулгүй байдлын стандарт, түүнд тавих хяналт нь сул байдагтай холбоотой аж.

2002 онд Бээжинд интернет кафед гал гарсны улмаас 25 сурагч амиа алдаж байсан бол өнгөрсөн 11-р сард Шиньжаанд цар тахлын хөл хорионд байсан орон сууцанд гал гарч 10 хүн амиа алдсан билээ. Түүнчлэн Хятадын төвд байрлах нэгэн үйлдвэрт өнгөрсөн 11-р сард гал гарч, 38 хүн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Холбоотой мэдээлэл:

Бээжингийн эмнэлэгт гал гарч, 29 хүн амиа алдлаа - http://mongolcom.mn/read/12789

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.