
ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ СОЁЛ
Надаас хүмүүс их асуудаг л даа. Япончууд яаж ийм айхтар байж чадаж байна аа, гэж. Хариулт бол их энгийн. Ердөө л хүний баримтлах ёстой дэг журам, ёс зүйг л баримталдаг учраас шүү дээ. Цагаа барь, цагтаа сэрж бос, хэлсэн амандаа хүр, хэрүүл битгий хий, ажил үйлстээ сэтгэлээсээ ханд, аав ээжээ хүндэтгэ... гээд л, нөгөө л бид бүхний сургууль, цэцэрлэгээсээ л сонсож ирсэн сургаал ном. Иймэрхүү, хүний баримтлах ёстой дүрэм журмыг л ягштал баримтлаад байх юм бол монголчууд бид Японыг гүйцэж түрүүлэх амархан ш дээ.
Харин тал нутгийн бидэнд байхгүй өвөрмөц соёлоос гадна та бидний муухай чанарын “эсрэг” сайхан чанарууд тэдэнд бий. Жишээлбэл, би хувьдаа “өөрийгөө буруутгах соёл” гэж нэрлэдэг, япончуудын өөрийгөө буруутгадаг нэг жишээг танилцуулъя. Монголд жуулчлан ирсэн нэгэн япон хүн донсолгоотой замд 7 хоног сэгсрэгдээд, дээрээс нь, ажилдаа сэтгэлгүй орчуулагчийн үйлчилгээнд ахин нэг "ядраад", нутаг буцахын түйс болж гэнэ. Харин тэр япон хүн “тааруухан аялалдаа” өөрийгөө буруутгаж байна. “Хохь нь, яах гэж ийм улсад явсан юм, Монголд жуулчлах гэж сонгосон нь миний өөрийн л буруу”, гэж.
Өөрийгөө буруутган, өөртөө хатуу хандаж байгаа хүн бол дахиж ийм төрлийн алдаа барагтаа бол гаргахгүй. Харин, ямар нэгэн ажил нь бүтэхгүй бол “төр засгийн алдаатай бодлогоос л боллоо”, эсвэл “хамар хашааныхны буруу, хажуу айлын буруу” хэмээн буруугаа бусдаас хайгч монгол хүн энэ алдаагаа ахин дахин давтана.
Яагаад гэвэл тэр монгол хүн буруугаа өөр хүнд тохосноор өөрийгөө хариуцлагаас “чөлөөлчихөж” байгаа юм. Өөрийгөө буруутгаж, өөртөйгөө хариуцлага тооцож байя, монголчууд аа!
Дэлэгийн Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.