БНХАУ төрөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, үр хөндөлтийг хориглоно

Twitter Print
2022 оны 08-р сар 25-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо үр хөндөлтийг бууруулах бодлого хэрэгжүүлж, Бээжин хотын төрөлтийн түвшинг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтийн зогсонги байдалтай тэмцэхээ мэдэгдлээ. 

Төрөлтийг дэмжих төрийн бодлогыг хагас зууны дараа эхлүүлэхдээ хүн амын бодлогодоо эрс шинэтгэл хийж, жирэмсний эрт үеийн оношлогооны аппаратуудаар хөдөө хотын бүх эмнэлгээ яаран тоноглож, орон даяар ясли цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг хүүхдээ өсгөхөд зориулсан хөнгөлөлт халамжийн тодорхой хууль дүрэм, тэтгэлэг дэмжлэгүүдийг батлав. Нэг айл 3 хүүхэд бодлого хэрэгжинэ.

Хятадын засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн шинэ удирдамжид хүн амын өсөлтийг дэмжиж бодлогын урамшуулал олгох, хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, цэцэрлэгт хамрагдах зардлыг бууруулах, албан газруудыг гэр бүлд ээлтэй болгохын төлөө зорьж ажиллахаар тусгажээ.

Гэвч энэ нь Хятад улс төрөлтийн үзүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч буй анхны арга хэмжээ биш юм. Тус улс 2015 оноос гэр бүлүүд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч үр дүн гарахгүй байсанд 2021 онд гурван хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрсөн ба жирэмсний амралтын хугацааг уртасгаж, урамшуулал олгож эхэлсэн байдаг. Түүнчлэн, тус улсын үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд нөхөн үржихүйн эмчилгээ, үргүйдлийн эмчилгээг гэрлэсэн эмэгтэйчүүд рүү түлхүү чиглэн хийнэ гэсэн бодлого байдаг. 

“Guttmacher Institute”-ийн тайланд дурдсанаар Хятад улс дэлхийд үр хөндөлтийн үзүүлтээр хамгийн өндөрт ордог улс юм. 2015-2019 оны хооронд жил бүр 40 сая эмэгтэй жирэмсэлсний 23.2 сая нь хүсээгүй жирэмслэлт байжээ. Тэдний 17.7 сая нь үр хөндүүлсэн байна. 

Хятадад гэр бүлүүд угсаа залгамжлах гэдэг утгаараа хүү төрүүлэхийг илүүд үздэг нь үр хөндөлт хийлгэх хамгийн том шалтгаан болдог байна. Үүгээр зогсохгүй энэ нь хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа юм. 2021 оны хүн амын тооллогоор тус улсын эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 35 саяар илүү байжээ. Төрөлтийн түвшин буурсан хэвээр байвал хүн амын дундаж нас нэмэгдэж, ажиллах хүчний хомсдол нүүрлэх эрсдэлтэй юм. 

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/world/

Д.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.