90 настай Хорлоо эмээд байшин барьж өгөх хандивын аян эхэлжээ

Twitter Print
2014 оны 12-р сар 02-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Хорлоо гэдэг энэ эмээ 90 насыг зооглож буй хэдий ч төрсөн ганц үрийнхээ төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол Дэнжийн мянга, Бөмбөгөр Худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж хэдэн төгрөг олдог. Тэрээр өдөрт 2-3 мянган төгрөг олж, түүгээрээ өдрийнхөө хоолыг залгуулж, үлдсэн хэдийгээ хадгалдаг байна. Өндөр настан Хорлоо өөрөөсөө харамлан байж хураасан мөнгөөрөө сард нэг удаа мэдрэлийн сааталтай хүүгээ эргэж очдог байна.

Уг нь тэрээр өдий насандаа хүүхдүүдийнхээ ачлалд бөмбөрч, ач гучаа тойруулаад алтан сургаалаа хайрлаад сууж баймаар. Гэтэл Хорлоо гэх энэ буурай хөхөө өвлийн хүйтэнд айлын хашаанд хэзээ мөдгүй нураад уначихмаар хуучин муу амбаарт олон жилийг үджээ.

“Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-ын залуучууд олон нийтийн сүлжээгээр өндөр настан Хорлоод туслахаар уриалга гаргажээ. Сайн дураараа нэгдсэн залуучууд амралтын өдрүүдээр Хорлоо хөгшнийд очиж мод, нүүрс мөн хөнжил хувцас болон ойр зуурын хоол хүнс авах мөнгө хүргэж өгсөн аж. Мөн шинэ байшин барьж өгөхөөр болжээ.

Бид “Монгол тусгал залуусын нэгдэл” ТББ-тай холбогдоход "Хорлоо эмээд барьж өгөх байшингийнхаа суурийг тавилаа. 10 гаруй сая төгрөгөөр шинэ байшин барих төлөвлөгөө гаргасан. Барилгын ажил долоо хоног үргэлжлэх байх. Энд ажиллаж байгаа залуучууд сайн дураараа ирсэн. Хорлоо эмээд туслахыг хүссэн хүн бүр байшин барихад тусалж болно шүү гэдгийг хэлмээр байна. Мөн Хорлоо эмээг сувилалд амраахаар явуулсан” гэв. Хорлоо буурайд туслах мөнгөн тусламж сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар арвижсаар байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.