Дэлхийн шилдэг багшаар шалгарсан Энэтхэгийн тосгоны багш 1 сая долларын шагналаа хуваалцлаа

Twitter Print
2020 оны 12-р сар 04-нд 12:12 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн баруун зүгийн Махараштра мужийн Паритевади тосгоны Зилла Паришадын бага сургуулийн багш Ранжицин Дисале Дэлхийн Шилдэг багшаар шалгарчээ.

Тэрээр Дэлхийн Шилдэг багшийн шагнал болох 1 сая ам.долларынхаа талыг Дэлхийн шилдэг багшид нэр дэвшсэн багш нартай хуваалцсан байна.

32 настай Ранжицин Дисале, "Энэ хэцүү цаг үед бүх багш нар нэг ч сурагч үлдээлгүйгээр төрсөн цагаас нь олгогдсон сурах эрхийг нь эдлүүлэхээр бүхий л чадлаараа хичээн ажиллаж байна." хэмээн ярьжээ. Тэрээр багш хүн үргэлж бусдад өгч, бусадтай хуваалцах нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй байдаг хэмээн шагналын мөнгөө Дэлхийн шилдэг багшид өрсөлдсөн бусад багш нартай хуваалцжээ.

Энэтхэгт ядуу гэр бүлээс гаралтай охид сургууль завсардах, эрт гэрлэх явдал ихээр гардаг ба Ранжицин Дисале багш амьжиргааны түвшин доогуур амьдралтай охидыг сургуульд хамруулж, мэдлэг олгоход анхаарч ажилладаг аж. Түүнчлэн тэрээр дэлхийн 83 орны хүүхдүүдэд шинжлэх ухааны цахим хичээл заадаг бөгөөд дайн тулаан, хямралд өртсөн орнуудын залуусыг хооронд нь холбох ажлыг хийдэг байна. Дэлхийн Шилдэг багшийн шалгаруулалтанд хамтран ажилласан ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын туслах Стефания Жианнини, "Коронавирусын цар тахал дэлхий даяар боловсролын тогтолцоонд маш хүнд цохилт болсон. Энэ хүнд цаг үед багш нар маань хамгийн их хувь нэмэр оруулж байгаа билээ." хэмээн онцолжээ.

Varkey Foundation сангийн үүсгэн байгуулагч Санни Варки Ранжицин Дисале багш өөрийн шагналын мөнгөө бусад багш нартайгаа хуваалцсанаар "бусадтай хуваалцах нь ямар чухал болохыг харуулсан явдал болсон" хэмээн ярьсан байна. Дэлхийн шилдэг багшид нийт 12 000 багш өрсөлдсөн ба шилдэг 10 багшид Бразил, Нигери, Вьетнам, Малайз, Итали, Өмнөд Африк, БНСУ, АНУ болон Их Британийн багш нар багтжээ.

Ранжицин Дисале багш шагналынхаа мөнгөны талыг шилдэг 10-т багтсан багш нартай хуваалцсанаар багш болгон 40 мянган фунт стерлинг хүртжээ. Коронавирусын цар тахлын үеийн баатар багш гэсэн тусгай шагналыг үнэгүй тооны хичээл заадаг цахим хуудас ажиллуулдаг Их Британийн Жэми Фрост багш хүртэж, 34 мянган фунт стерлингийн шагнал авчээ.

Их Британийн Кингстон-апон-Тэмз хотын Тиффин сургуульд багшилдаг Жэми Фростын DrFrostMaths цахим хуудас хөл хорионы үед хүүхдүүдэд сурах, эцэг эхчүүдэд хүүхдүүддээ хичээлийг нь заахад маш том хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна.

Жэми Фрост багш коронавирусын цар тахал нь боловсролын эрх тэгш бус байдлыг улам нэмэгдүүлсэн болохыг онцолж, хөл хорионы улмаас хичээл нь орохгүй байгаа хүүхдүүдэд туслахын тулд цахим хичээлээ сайжруулахын тулд бүхий л чадлаараа ажиллахыг хичээж байгаа гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Жэми Фрост болон бусад багш нарын "бүтээлч бөгөөд ухаалаг арга барилыг" магтаж, коронавирусын цар тахлын үед багш нар асар их хувь нэмэр, золиос гаргаж байгааг онцолжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/education-55168602

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.