13-р зууны Монголын их хаадын шүншиглэсэн дарагдмал эрдэнэс Хархорумоос олдлоо

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

Энэ сүмийг 1311 болон 1346 онд 2 удаа сэргээн засварласан байдаг бөгөөд энэ тухай мэдээг 1346 оны хөшөөний бичээст мөн тэмдэглэжээ. 1311 онд Буянт (1311-1320) хаан Хархорум дахь сүм эвдэрч гэмтсэнийг сонсоод буддын шашин хариуцсан хэлтсийн түшмэл Чогсүмийг засварт шаардагдах мөнгийг өгөн илгээж байжээ. Хоёр дахь нь Тогоонтөмөр (1333-1368) хааны үед болж, сэргээн засварлах ажил 4 жил үргэлжилж, 1346 оны сүүлээр урьд өмнө албан ёсны нэргүй байсан тэр сүмийг "Зарлигаар байгуулсан Юань улсын мандал бадралын асар” буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрласан ажээ.

Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон энэхүү сүмийн довжоо суурин дороос 13-р зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг илрүүлэн олсон нь Монголын эртний түүхийн судалгаа, археологийн шинжлэх ухаанд гарсан нэгэн шинэ нээлт боллоо.

Сүмийн шүншигт тариа будаа, төрөл бүрийн жимс, алтан утастай торгонд боодолтой “есөн эрдэнэ” (үүнд: Монгол гүрний их хаадын алтан зоос 2 ш, мөнгөн зоос 3 ш, шүр, сувд, оюу) орсон бөгөөд эдгээрийг том вааран саванд хийж амсрыг нь шавар тагаар таглаж тавьжээ. Алтан зоосны нэг нь Чингис хааны Самарканд хотноо дэлдүүлсэн зоос, харин мөнгөн зооснууд нь Мөнх хааны үед Хархорумд дэлдсэн зооснууд байх ажээ. Есөн төрлийн материалаас бүрдсэн эд юмс нь бүтээн цогцолсон суварга шүтээнийг амилуулан тэтгэх нарийн нандин бэлгэдэлтэй бөгөөд Хархорум хотод монгол, герман археологичдын малтан судалсан энэхүү байгууламж XIII-XIV зууны бурханы шашны сүм байсныг бүрэн дүүрэн нотолж өглөө.

Энэхүү түүхэн малтлагын тухай хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр Хархорум музейд хадгалж байгаа энэхүү олдворын дээжээс анх удаа олон нийтэд биет байдлаар үзүүлж, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн бөгөөд МУИС-ийн археологийн мэргэжлийн ангийн оюутнууд хоёр орны хамтарсан археологийн хээрийн судалгаанд жил бүр оролцон идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг сайшаан тэмдэглэлээ.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.