Ж.Мөнхбат: МАН уяраад шийдвэр гаргадаг улстөрийн хүчин биш

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

МАН-ын генсек Ж.Мөнхбат “МАН-ын Бага хурал  Ерөнхий  сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн Засгийн газарт хамтран ажиллах  саналыг дэмжихдээ намынхаа эрх ашгийг бус улсынхаа эрх ашиг, эдийн засгийн хямралаас яаж гарах вэ гэдэг зарчмыг нэгдүгээрт тавьсан. Хэрэв МАН Засгийн газарт орох саналыг хүлээж авахгүй бол эдийн засаг улам хямрах юм байна гэж үзсэн. Тиймээс эдийн засгийн энэ хямралыг зогсоох нь чухал гэж бага хурлын гишүүд ярьсан. Бага хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн биеэр илгээлт явуулж, МАН улс орныхоо эрх ашгийн төлөө шийдвэр гаргахыг хүссэн байсан. Мөн Монголын ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Уул уурхайн ассиоцаци зэрэг ТББ-аас улс орноо бодооч ээ гэсэн уриалга ирүүлсэн. Хэвлэл мэдээллээр яваад байгаа сайдын суудал  гэх мэт зүйлс Ажлын хэсэг дээр, Бага хурал дээр огт яригдаагүй. Зарчмын асуудлаар зөвшилцсөн. Сонгуулийн санал тоолох хар машинтай холбоотой санал солилцож, Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намуудын санхүүжилтын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн хуулиуд дээр зарчмын  байр сууринд Ажлын хэсгүүд хүрсэн учраас бага хурал  Засгийн газарт хамтрахыг дэмжсэн” гэв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Ч.Сайханбилэг илгээлт явуулахаар Бага хурлын гишүүд уярчихсан хэрэг үү. МАН засагт орохгүй болохоор эдийн засаг унаад доошоо орчихсон хэрэг үү. Яруу найраг ярихаа болихгүй юмуу?

-Ж.Мөнхбат: Яруу найраг энд ярьсангүй. Улстөрийн шийдвэрийг танилцууллаа. МАН-ын бага хурлын гишүүд уяраад шийдвэр гаргасан юм байхгүй. Би Ерөнхий сайдын ирүүлсэн илгээлтийг ирүүлснээр нь ярьж байгаа юм. МАН уяраад шийдвэр гаргадаг улстөрийн хүчин биш. Эдийн засаг сэргэх эсэх нь цаг хугацааны асуудал. Бид засагт оръё гэж гуйгаагүй. Биднийг орооч гэж хүссэний дагуу дүрмийн дагуу хуралдаж шийдвэрээ гаргасан.

-Д.Оюунхорол: Энэ асуултад нэмж хариулъя. МАН-ын бүлэг зөвшилцлийн ажлын хэсгийг байгуулж, зургаан гишүүн  маань  АН-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй дөрвөн удаа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн явц боломжийн хэмжээнд эдийн засаг, улстөрийн нөхцөл байдал,  ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхээр бодож хамтарч шийдвэр гаргах нь зүйтэй гэдэг санал гарсан. Аль, аль намууд өөр өөрийнхөө бодлого зарчмыг баримталж хэлэлцээрт оролцсон. Хэлэлцээр тийм амар байгаагүй. МАН-ын бүлэг дөрвөн удаа хуралдсан. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байсан.  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярьж эхэлнэ. Манай намын бүлэг цомхон, чадварлаг Засгийн газар байгуулах ёстой гэдэг байр суурь баримталж байгаа.

-МАН Засагт орчихоор хэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх вэ. Төр хяналтгүй болж байгаа юм бишүү?

-Ж.Мөнхбат: Сөрөг хүчний дуу хоолой яригдаж байгаа. Засгийн газрыг хамтарч байгуулснаар амаа үдүүлээд явна гэсэн ойлголт байхгүй. Буруу бодлогыг нь   эсэргүүцээд явна.

-Н.Номтойбаяр: Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай намын бүлэг УИХ-ын хяналтын асуудлыг удаа дараа хөндөж байсан. Давхар дээлийн асуудлыг үргэлжлүүлж шаардана. Засагт орсноор  Засгийн газраас гарах  шийдвэрийг  гарахаас нь өмнө хяналт тавина. Энэ бол хяналтын нэг хэлбэр. МАН засагт орсноор эдийн засаг  тэр дороо сэргэчихгүй нь тодорхой. Гэхдээ хямралыг зогсоох эрчимжсэн богино хугацааны төлөвлөгөөг үлдсэн 1.6 жилд гаргаж ажиллана гэж зөвшилцлийн ажлын хэсэг дээр ярилцсан.

-Хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?

-Н.Номтойбаяр: Бодлогын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөхийг шаардсан байгаа. Одоогоор тодорхой байр суурь илэрхийлээгүй ч алдаа гаргаснаа ажлын хэсэг дээр хүлээн зөвшөөрсөн.  Хоёрдугаарт хамтарсан тохиолдолд эхлэх цэгээ зөв тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл эдийн засгийн тоон үзүүлэлтээ  тодорхой болгох ёстой.  Үүнийг нарийвчилж ярьж байна. Хийх ажлууд тодорхой байх  хэрэгтэй. Эхлэх цэгээ олон нийтэд ил тод зарлаад ажлаа цааш үргэлжлүүлнэ гэдэг дээр санал нэгдэж байгаа.

-Давхар дээлтэй байхыг МАН эсэргүүцэж байсан. Одоо ямар байр суурьтай байна вэ?

-Д. Оюунхорол: Өнгөрсөн хоёр жил бидний ярьсан гол зарчмын нэг нь “давхар дээл”-гүй байх асуудал. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийг дэмжих байр суурь хэвээрээ байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж буй хуулиар Засгийн газар  байгуулах асуудлыг зөвшилцлийн хүрээнд  ярьж байгаа. Манай намын бүлгийн хувьд өмнө нь энэ асуудал яригдаж байхад үндсэн чиг үүргийн яамдад УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно. Энэ бол 30 хувь нь. Үлдсэн 70 хувь нь мэргэжлийн  хүнээр удирдуулах ёстой гэдэг байр сууриа одоо ч баримталж байгаа. Ийм цаг хугацаанд  ажиллах сайд нь салбараа мэддэг, туршлагатай хүн томилох нь чухал гэдэг байр суурьтай байна.

-Засгаас гарахгүй гэдэг баталгааг хэдэн хувьтай өгөх вэ?

-Ж.Мөнхбат: 2012 оны сонгуулийн дараа МАН  Засагт ороогүй байж одоо орлоо гэсэн зүйл яриад байна. Тухайн үед Н.Алтанхуяг Засгийн газраа байгуулахдаа манай намд санал тавиагүй. Санал тавиагүй учраас бид Засагт орох боломжгүй байсан. МАН 45 суудалтай байхдаа АН-ыг урьж хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Энэ хугацаанд эдийн засаг 17 хувийн өсөлттэй болж байсныг та бүхэн мэдэж байгаа. Засгийн  газраас  гарахгүй гэх баталгааг хэдэн хувьтай өгч чадах вэ гэж асуулаа. Одоо Засгийн газрын  бүрэлдэхүүний  тухай  хуулийн төсөл явж байгаа юм билээ. Ер нь МАН тодорхой хэмжээнд олон жил ачааны хүндийг үүрч байгаагийн хувьд өнөөдөр нэг юм яриад маргааш өөр юм ярьдаг улстөрийн хүчин биш. Засагт хамтарсан улстөрийн хүчнээс хамаарна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.