Монгол улсад ял эдэлж буй гадаадын иргэдийг эргэв

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 15:35 цагт
Мэдээний зураг,

Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газар, Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний  комисс, ШШГЕГ, ОХУ, БНХАУ, БНСУ, БНСВУ-ын ЭСЯ, БНФилУ-ын Өргөмжит консулын хамтарсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харъяа хорих 407, 409, 421, 427 дугаар ангиудад ял эдэлж буй гадаадын 10 улсын 24 иргэнийг эргэх, санал хүсэлтийг нь сонсох, хорих ангийн нөхцөл байдалтай нь танилцах ажлыг 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Монгол Улсад нийт 11 улсын 31 иргэн 2-25 жилийн хорих ял эдэлж байна.

Хорих ангийн дотоод журмын дагуу ял эдэлж буй иргэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, нийгэмшлийн болон хүмүүжлийн ажилд идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд ар гэрийнхнээсээ захидал, илгээмж хүлээн авч, 14 хоногт 1 удаа 10 минут утсаар ярьж байгаа ажээ.

Эргэлт, уулзалтын үеэр дээрх иргэдээс үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хорих ангийн удирдлага, алба хаагчид, хорих байрны талаар гомдол санал байхгүйг дурдаад тэднийг ийнхүү эргэж уулзан, санал хүсэлтийг нь сонсож буйд талархал илэрхийллээ. Мөн эдлээгүй үлдсэн ялыг эх орондоо эдлэх хүсэлтэй байгаа хятад, филиппин, украин ялтнуудад ХЗЯ-наас мэдээлэл, зөвлөгөө өгөв.

Ялтнууд хэрээсэн хатгамал оёх, монгол, буриад гутал хийх, тусгай захиалгат хувцас үйлдвэрлэх, хүнсний ногоо тарих, барилга барьж буй хятад ажилчдад орчуулга хийх, тогооч, цэвэрлэгчээр ажиллах зэрэг хөдөлмөрийн чадвар, мэргэжил, боловсролдоо тохирсон ажил хөдөлмөр хийж, цалин хөлс, урамшууллын хоног тооцуулдаг байна.

ГХЭЗХАЯ-ны Консулын газрын санаачилгаар 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй хүмүүнлэгийн зорилготой энэхүү эргэлт, уулзалт нь ялтнуудад сэтгэлийн дэм өгөх ач холбогдолтой байдагт ШШГЕГ-ын удирдлагууд талархал илэрхийлээд, цаашид гэмт хэрэгт сэжиглэгдсэн, саатуулагдсан, ял шийтгэгдсэн гадаадын иргэдэд зайлшгүй шаардлагатай холбогдох хуулийн заалт, хэсгийг эх хэлээр нь орчуулсан гарын авлага хэвлүүлэх ажлыг Улаанбаатар дахь нийт ЭСЯ-тай хамтран зохион байгуулах санал гаргасныг төлөөлөгчид дэмжиж, 2015 онд багтаан хэрэгжүүлэхээр тогтлоо.

ГХЭЗХАЯ-ны зүгээс ял эдэлж буй гадаадын иргэдэд ном товхимол, ахуйн хэрэглээний эд зүйлсийг хувь хэрэгцээнд нь өгөв. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.