М.Батчимэг: Намууд УИХ дахь суудлынхаа харьцаагаар Засгийн газарт сайд томилно

Twitter Print
2014 оны 12-р сар 01-нд 14:35 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ дагуу намуудаас томилогдсон ажлын хэсгийнхэн уулзаж зөвшилцсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Батчимэгээс энэ талаар тодрууллаа.

-МАН-ын Бага хурлаар Засгийн газартай хамтарч ажиллах шийдвэр гаргасан байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдана. Засагт хамтрах асуудлаа эцэслэн шийдэх үү?

-УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан Засгийн газарт хамтран ажиллах УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажлын хэсгийн ажил үргэлжилж байна. ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх уулзалт хийсэн. МАН-ын бүлэгтэй тодорхой асуудлаар ойлголцох уулзалт хийгдсэн. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтарч ажиллана гэсэн шийдвэр гарсан байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх хороо хуралдахаар зар тараасан. Манай намын ҮЗХ-ноос намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах асуудлаар эцсийн шийдвэр тогтоол гаргана. Тийм учраас энэ хурлын өмнө намуудын ажлын хэсгүүд дахин уулзаж, хамтарч ажиллах асуудлаа бичгээр баталгаажуулна.

-Засгийн газрын бүтэц хэрхэн зурагдах вэ. Бүтцээ нэмэгдүүлэх үү, хасах уу?

-Өнөөдөр нам, эвслийн бүлгийн ажлын хэсгийн уулзалтаар бүтцийн асуудлыг эцэслэн тохирно. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтаар Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо гэхээсээ илүү өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр хүндрэлтэй, засаглалыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах шаардлагатай байгаа учраас УИХ-д суудалтай намууд хамгийн гол нь улс төр, эдийн засгийн асуудлаар хэрхэн яаж хамтрах вэ талаар ярьсан.

-МАН-д Засагт хичнээн суудал өгөх талаар тохиролцсон уу?

-Эхний байдлаар хийсэн ойлголцол бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд томилно гэсэн ерөнхий ойлголцол байгаа.

-Өрийн таацыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг МАН илэрхийлсэн гэсэн?

-Өртэй холбоотойгоор тодорхой асуудлыг ойлголцсон. Нэгдүгээрт, Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргахгүй гэсэн үг. Цаашдаа хамгийн чухал асуудал бол хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа сэргээх асуудал байгаа. Тийм учраас Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөх асуудлыг үгүйсгээгүй.

Хоёр тал ярилцсан байгаа. Мөн өнөөдөр төсвөөс гадуур байгаа бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж байгаа санхүүжилтийг төсөвт оруулж нэгтгэе. Өнөөдөр Монгол Улс хоёр төсөвтэй явж байна гэдэг шүүмжлэл байна. Тиймээс энэ санхүүжилтийг төсөвт нэгтгэе гэдэг дээр тохирсон.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.