Ерөнхийлөгчийн хүү үүрэг гүйцэтгээд ирлээ

Twitter Print
2013 оны 11-р сар 30-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ. х Өмнөд Судан улсад явагдсан Мото буудлагын Батальоны хоёр дугаар ээлжийн 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийнхан үүрэгт ажиллагаагаа амжилттай дуусгавар болгож буй юм.

Тэднийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон бусад албаны хүмүүс нисэх онгоцны буудалд угтан авлаа. Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ Өмнөд Судан улсад энхийг сахиулсан энэ удаагийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд тагнуулын даргаар үүрэг гүйцэтгэжээ. Цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг эх нутагтаа газардсан даруйд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж офицер, ахлагч нарт Энхийн төлөө, Дайчин алдар зэрэг тєрийн дээд одон медалийг нь гардуулан өгчээ.

Энхийг сахиулагчдыг угтан авах ёслол дээр Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж баяр хүргэж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн эрхэм Энхийг сахиулагчид, ард иргэд, ар гэрийн төлөөлөл, генерал, офицерууд, нийт хүмүүсийн энэ өдрийн түмэн амгаланг айлтгая.

Монгол Улсдаа, газар нутагтаа дөнгөж бууж, ээж, аав, ар гэрийнхэнтэйгээ уулзах гэж байгаа, үүргээ сайн гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Өмнөд Судан улсад энхийг сахиулж,  олон улсын хэмжээнд Монгол Улсын нэрийн өмнөөс онцгой үүрэг гүйцэтгээд ирсэн энэ удаагийн манайэнхийг сахиулагчид үнэхээр сайн ажиллаад ирлээ. НҮБ-ын Тусгай төлөөлөгч, Хүчний командлалаас байнга өндөр үнэлгээ авч Монгол Улсынхаа болон Монгол Улсын Зэвсэгт хүчний албан хаагчийн нэр төрийг байнга өндөрт өргөж ирсэнд би туйлын их баяртай байна. Манай БХЯ, Зэвсэгт хүчний  удирдлагын зүгээс  та бүхний алба хааж байгаа талаар бидэнд байнга мэдээлэл өгч , бид байнга холбоотой байсан. Та бүхэн үнэхээр Монгол Улсын, Монгол УлсынЗэвсэгт хүчний бахархал болж Өмнөд Судан улсад, Африкийн тэр хүнд нөхцөлд  үүргээ нэр төртэй, маш сайн биелүүлж ирлээ. Үүнд нийт ард түмэн, Зэвсэгт хүчний нийт байгууллагууд, бид бүхэн туйлын их баяртай байгаа гэдгийг хэлье.

Энэ удаагийн, өнөөдрийн ирж байгаа ээлж бол сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг хамгийн их ачааллыг үүрч, хамгийн удаан хүлээлгэж эх орондоо газардаж байгаа хүмүүс юм. Сая зөрж очсон батальоны шинэ хүмүүсийг хүлээж авч, тэр хүмүүст орон байр, эд хогшил, зэвсэг техник, үүрэг гүйцэтгэх бүх чиглэлийг хүлээлгэж өгөөд Өмнөд Судан улсад алба хаасан 850 албан хаагчийн хамгийн ар талыг хааж өнөөдөр эх орондоо газардаж байгаа юм. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгээд та бүхний өмнө Монгол Улсдаа ирээд байгаа энхийг сахиулагч нийт албан хаагчдадаа зориулжөнөөдөр Монгол Улсын төрийн зүгээс хүндэтгэл үзүүлж байна. Та бүхний өмнө ирсэн энхийг сахиулагчид Налайхад, дугаар цэргийн анги дээр сая төрийн өндөр одон медалийг хүртэж, та бүхэнтэй хамт төрийнхөө хайр хишгийг хүлээж авлаа.

Энэ удаагийн энхийг сахиулагчид ямар нэгэн зөрчил, осол гаргалгүйгээр, үнэхээр 850-иулаа үүргээ гайхамшигтай сайн гүйцэтгэсэнд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд, аав хүний хувьд маш их бахархаж байна.

Та бүхнийг бид үдэн гаргаснаас хойш яг есөн сар болоод ирж байна. Энэ дотор миний хүү есөн сар та бүхэнтэй цуг алба хаагаад ирж байгаа. Тиймээс энд зогсч байгаа бүх аав, ээжүүд, ар гэрийнхний нэгэн адилаар хүүгээ, та бүхнийг маш их хүлээлээ. Аав хүний хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд дахин бүх хүүхдүүддээ албаа сайн хаагаад эх орондоо нэр төртэй эргээд ирсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж энхийг сахиулагч дайчдад Монгол Улсын төрийн одон, медаль гардуулж, дайчид нэг бүртэй гар барин мэндчилснээр угтах ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.