Аргалаад ч болов булган шуба өмс, хүн амьтан муу хэлнэ...

Twitter Print
2020 оны 03-р сар 01-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

…УИХ ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн Дундговь аймгийн Гурвансайхан суманд “Иргэдийн оролцоотой сумын шинэчлэл” тѳслѳѳ хэрэгжүүлсэн тухай танилцуулж байхад нэгэн жишээ анхаарал татсан юм.

Сумын шинэчлэлийг хийхдээ иргэдэд ухуулан ойлгуулж, тэдний оролцоог сайн ашигласан болохоор хамтарч байгуулж буй байгууламж бүрдээ бие биенээ сайтар хянаж бас шаардаж байсан гэдэг. “Ямар ч дарга, хэн ч шаардаад бүтэхээргүй мэт санагдаж байсан тохиолдолд “Хүн амьтан муу хэлнэ” гэдэг сэтгэхүй хамтын ажиллагаанд хамгийн сайн хѳшүүрэг болдог юм билээ” хэмээн тэрээр тайлбарлаж байлаа. Бүгдээрээ хамтарч байгуулсан ногоон байгууламжинд нь мал, нохой ороход нийтээрээ уурсан эздэд нь шаардлага тавьдаг болсон нь санаанд оромгүй үр дүнг ѳгсѳн гэдэг.

-За чи тэгээд айлд очоод үд хүртэл унтаад байв зай, хүн амьтан муу хэлнэ

-Хүний дэргэд ам хамраа олохгүй буруу зѳв бураад байв зай, хүн амьтан муу хэлнэ

-Хүмүүс ажиллаж байхад урдуур хойгуур нь тээглээд тус дэм болохгүй амиа аргалаад байв зай, хүн амьтан муу хэлнэ

Нүүдэлчин амьдралын хэв маяг, зан заншилтай монголчуудын хувьд ХҮН АМЬТАНД МУУ ХЭЛҮҮЛЭХГҮЙ гэдэг нь нийтээр дагаж заншсан дүрэм журмын хэм хэмжээ байсан гэлтэй. Гэр орондоо хүүхдүүдээ эрхлүүлж, дураар байлгадаг хэдий ч бусдын дэргэд хүндлэлтэй байхыг сануулдаг байж. Хѳдѳлмѳрлѳж буй хэн нэгний дэргэдүүр хээв нэг ѳнгѳрѳх биш, жаахан ч атугай тус дэм болохыг чухалчилдаг байж. Ахмад настнуудын яриаг анхаарч хүндэтгэн сонсолгүйгээр зэрэгцэн мэдэхийрч ярихыг цээрлэдэг байж.

“Хн тэдний тэр дэрчгэр шар олигтой хүн болохгүй ээ. Ах захаа танихгүй, ажилд хойрго залхуу, зоргоор дураар ааштай” гэж дүгнэх нь эцэг эхэд нь хүндээр тусдаг байж мэдэх. Ямартай ч “Хүн амьтан муу хэлнэ шүү” гэдэг сануулга нь тодорхой хэмжээнд ёс суртахууны хэм хэмжээг таацуулж байсан гэлтэй.

…Харин бид одоо ѳѳр болсон. Мѳнгийг шүтэж, материаллаг хэрэглээг чухалчилдаг болсон энэ үед “Хүн амьтан муу хэлнэ” гэсэн хэллэг болгоомжлолоос давилуун хэлбэрт шилжжээ.

-Үгүй чи наад ѳмссѳн зүүснээ хар даа, хэрэг алга. Аргалаад ч болов булган шуба олж ѳмс л дѳѳ, хүн амьтан муу хэлнэ

-Энэ жил сумын ойд явахдаа зээл аваад ч болов том машин унаж явахгүй бол амьтан хүн муу хэлнэ, нүдний булай болно

-Чи чинь одоо болтол хүнтэй суугаагүй юм уу. Эргүүлж тойглоод ч болов нэг юмтай суухгүй бол хүн амьтан муу хэлнэ. Арчаагүй амьтан гэж бодно доо.

Би заримдаа “Монголчууд бид ямар үнэт зүйлээсээ холдож, ямар ч үнэ цэнэгүй зүйл рүү тэмүүлээд байна даа” хэмээн гуниглан боддог юм. Дэлхийн үй олон үндэстнүүдээс биднийг ялгаж МОНГОЛ хэмээн нэрлэдэг үнэт зүйлс нүүдэлчин амьдрал ахуй, соёл урлаг, ёс заншил дунд л оршиж байдаг. Бид энэ үнэт зүйлээ “хоцрогдол” гэж ярвайн голохын оронд орчин цагтай нийцүүлээд хѳгжүүлэн шинэчилж болно. Хэт хурдацтай хѳгжлѳѳс залхсан зарим хүмүүс, бидний холдон зугатаж буй ахуйг минь “диваажин” хэмээн үнэлж түүн рүү тэмүүлж буй. “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах” ын жаргалыг шүлэглэж л уншихаас бус бодитоор мэдрэхгүй байна.

…”ХҮН АМЬТАН МУУ ХЭЛНЭ” гэдэг ойлголтыг материаллаг ухагдахуунаас нь салгаж сэтгэлгээний үнэт зүйл рүү чиглүүлбэл монголчууд бид эвлэлдэн нэгдэхэд нэмэр болох болов уу? Хэрвээ монголчууд бид ёс зүй болоод сэтгэлгээний хэм хэмжээгээ зѳвѳѳр тогтоон түүндээ захирагдаж эхэлбэл хѳгжих болов уу? Амьдралын жаргал зовлон, сайн муу үйлдэл, оноо алдаа бүрийгээ үрчлээндээ шингээсэн ахмадуудынхаа учирлалыг анхаарч сонсдог бол ухаарах болов уу? Амралтын энэ ѳглѳѳ эрт сэрчихээд элдвийн юм бодсон юм, ѳѳр ч юмгүй дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020-03-01

Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.