
Бельгийн нийслэл Брюссельд хэдэн арван мянган иргэд коронавирусын халдварын тархалтын эсрэг эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн жагсчээ.
Жагсаалд оролцож буй иргэд цагдаа нар луу динамит шидэж, цагдаа нар жагсаалыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралттай ус шүршигч зэргийг ашиглажээ.
Жагсагчид коронавирусын үйлчилгээний байгууллагууд иргэдээс коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн гэрчилгээ шаардаж эхэлснийг эсэргүүцэж байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт Нидерландын Гааг хотноо иргэд халдварын эсрэг хөл хориог эсэргүүцэж, гудамжинд байсан унадаг дугуйнуудыг галдан шатаажээ. Австри, Хорват, Италид мөн адил эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ.
Бельгид вакцины гэрчилгээнээс гадна кафе зоогийн газрууд, олон нийтийн газар амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай болсон ба бельгичүүд 12-р сарын дунд хүртэл долоо хоногийн 4 өдөр нь гэрээсээ ажиллахаар болсон юм.
Түүнээс гадна Бельгийн эрх баригчид эрүүл мэндийн салбарын ажилчид коронавирусын эсрэг вакцинд заавал хамрагдсан байх журмыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ.
ДЭМБ-аас Европт коронавирусын халдвар хурдацтай тархаж буйд санаа зовж буйгаа илэрхийлсэн ба тус байгууллагын Европыг хариуцсан захирал Ханс Клуге Европын улс орнууд халдвар хамгааллын дэглэмээ чангатгахгүй бол ирэх хавар гэхэд 500 мянга орчим хүн коронавирусын халдварын улмаас нас барах эрсдэлтэй байгааг онцолсон юм.
Хорватын нийслэл Загреб хотод болсон жагсаалд оролцсон иргэд нийтийн үйлчилгээний салбарын ажилчдаас коронавирусын эсрэг вакцинд заавал хамрагдахыг шаардаж байгааг эсэргүүцэж байгаа бол Италийн Ромд иргэд вакцины гэрчилгээг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсчээ.
Карибын арлуудын Гваделупед вакцины гэрчилгээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал эмх замбараагүй байдал руу шилжжээ. Үүнтэй холбогдуулан Францын эрх баригчид арал руу цагдаагийн албан хаагчдыг илгээжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn