Хүчирхийлэх бус хүчирхэг байх засаг

Twitter Print
2023 оны 01-р сар 25-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Оросын эрх зүйч, философич Иван Александрович Ильиний бичсэн “Хүчирхэг засгийн тухай” өгүүлэлээс...

Хөгжил, дэвшил хүмүүсийн амьдрал сайжрах нь нийгмийн гишүүдээс өөрсдөөс нь ихээхэн хамаарах болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Зарим нэг нь хоромхон зуур учраа олж, нөгөө нэг нь одоо болтол хөлөө олохгүй л явна.Үүний учир шалтгаан олон янз ч төр засаг энэ бүхэнд нэмэр тус болох гол тулгуур нь юм. 

Өнөөдөр хүчирхэг засаг, сайн засгийн тухай олон зүйл ярьж байгаа ч нэг л бүтэл муутай. Төр өөрт ноогдсон үүргээ хэрхэн биелүүлэх нь тодорхой нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг. Эдийн засгийн тогтолцоо, хүчин чадал, төрийн мэдлийн нөөц, түүний чанар чансаа хүн амын бүтэц, газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг, оюуны болон материаллаг баялагийн хэмжээ, мэдлэг боловсрол, шинжлэх ухааны чадамж зэрэг нь төрийн үйл ажиллагааны амжилтыг тодорхойлдог. Төрийн хүчирхэгжих бодит шаардлага, мөн ямар аргаар хүч оруулах тухай Ильин тодруулан бичжээ.

Орос оронд хайртай, түүний хувь заяа, цаашдын хөгжил, хэтийн төлөвт санаа зовж бичсэн эл өгүүллийг аль эрт 1950 онд бичсэн гэвэл Та гайхаж, сэтгэл дундарч юу магад. Гэсэн хэдий ч тухайн бүтээлд санаа авмаар, цаг хугацааны хувьд огт хуучирч, өгөршөөгүй ач холбогдлоо алдаагүй үнэтэй зүйл нэн элбэг байгааг анзаарч болно. Энэ нь бидний (иргэн, төрийн засгийн эрх барьж буй, барих санаа агуулсан хүч) улс төрийн гэгээрэлд нэмэр болох болов уу. 

Засаг өөртөө хүч гэсэн утга агуулдаг тул засгийг хүчирхэг гэж тодотгох буюу ер нь хүчирхэг засаг гэж ярих оновчгүй, илүүдэл хэмээн Ильин уг өгүүллийн эхэнд бичжээ. Засаг нь нийгмээс тодрон зохион байгуулагдсан онц бүрэн эрхт амьд хүч гэжээ. Хүч чадлаа нийгэмд үзүүлэн мэдрүүлэх нь төр засгийн мөн чанарын илрэл түүний хийх “дуртай” чаддаг ажил юм. Тиймээс ч бүгд түүнээс эмээж, хүлээн зөвшөөрч хүндэтгэн захирагдаж, тавьсан шаардлага, гаргасан хуулийг даган гүйцэтгэдэг байна.

Улс түмний түүхэнд төрийн засаг нэг бус удаа өөрийн эрч хүчээ хэтрүүлэн, жанжин журмаасаа хазайж, хууль тогтоон хэрэгжүүлэх эрх мэдлээ хор уршигтай ашиглаж байжээ. Энэ нь ямагт эсэргүүцэлтэй тулгарч улмаар эгдүүцэл дургүйцлээр хөглөгдсөн тэмцэл нь зөвхөн алдаа төөрөгдөл, хүчирхийллийг хязгаарлан зогсоох гэсэн санаархлаас гадна засгийг өөрийг нь ганхан сулархад “хувь нэмэр оруулдаг”. Ийм байдлаас гарах нэрийдлээр төрийн тогтолцоог дур зоргоороо оролдон засварлаж өөрчлөх нь зохисгүй төдийгүй сайнгүй үр дүн авчирч магадгүй, осолтой ажил хэмээн Ильин анхааруулжээ. Төрийн “хар” хэргийн гүйцэтгэлийг сайжруулах, шинчлэх гэсэн аливаа үйл ажиллагаа нь төрийн байгууллагыг доройтуулж, чадваргүй, хүч мөхөс сул засгийг бий болгодог. Үүнээс гадна засгийг хортойгоор ашиглах нь хэмээн байнга хардах нь засгийг залхааж улмаар төрийн дотоод дэг журамд тэрсэлж, батлан хамгаалах гадаад үүргийг умартахад хүргэж болзошгүйг Ильин сануулж байв.

Төрийн засгийн өнгө, хэлбэрээр хэт хөөцөлдөх нь хүчний нягтрал явагдах, улс төрийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Янз бүрийн “засвар” хийх нь засгийн “торгон” ирийг мохоож, дархлаажилт муудаж, хөнөөлт халдлагаас хаацайлахад хүнд болгодог.

Төрийн хүчин чадлыг сулруулахад нөлөөлдөг хүчин зүйлсийг Ильин тодорхойлжээ. Юуны өмнө төр засгийн бүтцийг бүрдүүлдэг байгууллагуудын хооронд эрүүл бус өрсөлдөөн, үл ойлголцол бий болох нь төрийн дотоод хямралд хүргэж хагарал нүүрэлдэг. Үүнээс гадна улс төрийн намуудын дунд байгаа зөрчил мөргөлдөөн нь төрийн хүчийг бас л их саармагжуулдаг гэж тэрээр үзжээ. Эцэст нь улс төрийн далд “хар” хүчнээс хараат буюу хамааралтай байж, чадвар муутай, сул дорой, ач холбогдол багатай хүмүүс засаг “эзэмшсэнээр” түүний хямрах эхлэлийг тавьдаг гэж Ильин анхааруулан тэмдэглэжээ. 

Улс орон тэр болгон хүчирхэг засагтай байгаад байсангүй. Тэгээд ч тодорхой түүхэн нөхцөлд төрийн нөр их нөөцийг бүрэн шавхан дайчлахгүйгээр улс орноо аваад явчих боломжтойг онцлон тэмдэглэсэн байдаг. Засгийн хүчийг тарамдахгүй байх түүхэн нөхцөл гэдэгт тэрээр дараах зүйлийг оруулжээ. 

- Бага газар нутаг. Улс гүрний газар нутаг хир бага хэмжээтэй байна төдий чинээ бага хүчээр түүнийг удирдаж (боловсруулж-И.И.А) болно гэжээ. Нэгдсэн засагт ихээхэн газар нутаг ноогдсон тохиолдолд хүчирхэг, авторитар засаг байх бөгөөд ард иргэд ч гэсэн үүнийг ойлгож, дэмждэг. Тиймээс Орос орны газар нутгийн хэмжээ нь хүчирхэг засагтай байхыг шаардаж байдаг.

- Цөөхөн хүн ам. Хүн амын тоо бага байснаар улс орныг удирдан чиглүүлэх үйл ажиллагаанд төр бага хүч зарцуулна. Иргэдийн тоо ихсэх тусам улс төрийн эв нэгдлийг хангах үйл явц хүндэрдэг байна. Чадал муутай засаглалын дуу хоолой олон хүний дунд замхран алга болдог. Орос орны хүн амын тоо нь хүчирхэг төвлөрсөн засаглалтай байх нь илүү зохимжтой гэж Ильин үзжээ. 

- Харилцааны арвин хэрэгсэл. Иргэд хоорондын харилцааны олон янзын хэрэгсэл (зам холбоо, шуудан тээвэр) хөгжсөн байх тусам аж ахуй, харьцааны нягт нэгдэл хангагдаж төрөөс нэг их хүч гаргахгүй улс орныг удирдан хөгжүүлэх боломж бүрддэг. 

- Нийгмийн сул ялгаа. Үндэстэн ястны, хэл ярианы, шашин шүтлэгийн, ахуй соёлын, цаг агаар, аж ахуйн ялгаа хир бага байна төдий чинээ нийгмийг удирдах ажил хөнгөрдөг бөгөөд энэ нь сул дорой хүчин чадалтай улс орны төр засагт их нэмэртэй хүчин зүйл болдог. 

- Их гүрний “зовлонгоос“ ангид байх. Хүн амын соёл, гэгээрлийг өөд нь татах, аж ахуйг уналтаас гаргаж, биеэ даасан нэгж болгох, хөрштэйгөө зөв зүйтэй хувилбар бүхий худалдааны харьцаа төлөвшүүлэх нь төрөөс их хүч шаарддаг, их гүрний “зовлонтой” ажил юм. Тухайн орны үндэстэн ястан, соёл, аж ахуй болон олон улсын харилцааны асуудал энгийн хялбар дөхөмтэй байх нь эрх баригч хүч улс орноо тохинуулах боломж нэмэгддэг. 

- Ард олны эрх зүйн ухамсар. Ард түмний эрх зүйн ухамсрын төлөвшилт нь засгийн хэрэгжилтэнд чухал нөлөөтэй байдаг. Ильин эрх зүйн ухамсар гэдгийг хууль эрхийг хүндэтгэх чадвар, эрх үүргээ сайн дурын үндсэн дээр биелүүлэх, гэмт хэрэг үйлдэхгүй байх, төр иргэдийн хоорондын харилцан итгэлцэл, хүндлэл юм гэжээ. Ард түмэн хууль эрхийн мөн чанарыг ухамсарлан хүлээн зөвшөөрч, удирдлага болгож чадвал төрийн ажил өөдрөг урагштай байдаг. 

Төрийн засаг нь тодорхой, хязгаартай үүрэг гүйцэтгэдэг байна. ”Юм болгоныг” тэр болгон шийдэж хийдэггүй. Хүний оюун санаа албадлага, тушаалд тун дургүй байдаг тиймээс ч иргэн хүний санаа бодол бүтээлч санаачлагыг төрийн засгийн зүгээс хавчин гадуурхах ёсгүй юм. 

Төр засгийн хийх тодорхой тооны чухал ажил байдаг. Бие хүний эрх чөлөөг хуулиар хамгаалан баталгаажуулах, нийгэмд хортой аливаа үйлийг таслан зогсоох, ард иргэдийг соён гэгээрүүлж санаа бодлыг нь ариусган эрүүлжүүлэх нь төр засгийн авч хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа юм. Үүнийг мартан умартах юм уу аль эсвэл түүнээс “халин” хүний эрх, эрх чөлөөг хумин хязгаарлсан тохиолдолд төрийн нэр хүндэд нь сэв сууж, гутаагддаг. Ильин хүчирхийлэл дээр тулгуурласан албадлага хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүйг орос орны жишээ (1950 онд Орос оронд тогтож байсан тоталитар засгийг хэлж буй бололтой С.Б.) харуулж байна гэжээ. Засгийн хүчин чадал нь ямар нэгэн хэмжээнээс хамаарах болов уу? Тэгвэл төрийн засгийн хүчин чадал юунаас бүрддэг вэ

Юуны өмнө олон түмний зүгээс үзүүлж байгаа оюуны үнэлэмж, иргэдээр шүтэн бишрүүлэх чадвар юм. Үүнийг хамгаалан бататгаж, бэхжүүлэн аривжуулах нь төрийн чухал үүрэг. Нэр нүүрээ барах нь хүчирхэг засаглалын хийх ажил яав ч биш юм. Олон түмний зүгээс зүй ёсыг баримтлан төрийг дээдлэх нь хүчирхэг засгийг хүлээн зөвшөөрч буй нь тэр билээ. Албадлага байх нь зайлшгүй. Гэвч энэ нь онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хүчирхэг засгийг түр зуур орлосон ядарсан арга хэмжээ юм. Нийгмээс итгэл алдарсан үед хүчирхийлэх хандлага ажиглагддаг. 

Засгийн нэр хүнд нь түүний, хүчирхэг байх нэн чухал болзол юм. Нэр хүнд бүрэлдэх нөхцлүүд байдаг. Үүнд:
- юуны өмнө засаглал нутаг усны, үндэсний уур амьсгалтай байх нь нийгмийн зүгээс дэмжлэг хүлээхэд нэмэртэй юм, 
- төр засгийг бурханчлан шүтэх ард түмний итгэл зайлшгүй байх ёстой ба үүнгүйгээр нийгэмд хүндэтгэл олж авахад бэрхшээлтэй, 
- хараат бус байх нь засгийн нэр хүндэд эерэг тусдаг ба аливаа нэг улс төрийн нам, нууц болон гадны байгууллага хуримтлагдсан хөрөнгөнд дарамтлагдаж байх нь төрийн нэр хүндэд хохирол учруулдаг. 
- сүм хийдээс ч хамааралгүй байхыг Ильин төрд сануулж байв. Засаг бол төрийн хэргийг туйлбартай хэрэгжүүлэх төв нь байх ёстой. Итгэл үнэмшилтэй хатуу гарын, шудрага талдаа засгийг хүмүүс илүү таалдаг. 
Ильин хүчирхэг засаг хуулиар тогтоосон дэг журмын хүрээнд түүнээс хальж, хазайлгүй үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй хэмээн онцлон заасны зэрэгцээ засаг нь нийгэмд байдаг хуулийн олон нэгжийн нэг л этгээд юм гэжээ. Хуулийн этгээдийн хувьд төр улс нь эвлэл нэгдлийн маягаар эсвэл албан байгууллага (албан газар)гэсэн жишгээр зохион байгуулагддаг байна. 

Эвлэл нэгдэл тэгш эрхтэй гишүүдийн оролцоотойгоор дороос дээш нь гэсэн чигтэй төлөвшдөг өөрийгөө удирдах байгууллага юм. Оролцогсод нь байгууллагын бүрэн эрхт гишүүд бөгөөд түүний удирдлага, зорилго, дүрэм зэрэг ер нь л байгууллагын үйл ажиллагааны талаар санал оруулах, оролцох эрхтэй байдаг. Тууштай ардчилагчид нь эвлэлдэн нэгтгэх гэсэн хатуу зарчим барьж, байгуулах чигтэй байдаг бөгөөд харин албадан хүчирхийлэх улс төрийн бодлогыг аль болох багасгах сонирхолтой байдаг. 

Төр улсыг албадан байгуулах гэдэг нь дээрээс доошоо гэсэн чигтэй санаачлагчдын байгууллага.Түүний гол зорилго болон зорилтыг цөөн тооны санаачлагчид тодорхойлон авч явдаг бөгөөд энэ нь тэдгээрийн албан ажил юм. Бусад хүмүүс энэ байгууллагын бий болгосон баялгаас хүртэж байдагч байгууллагын бүрэн эрхт гишүүн байдаггүй. Хэмжээлшгүй эрхт, төвлөрсөн засаг нь төр улсыг албан байгууллагын хатуу зарчимд оруулан төлөвшүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг гэж Ильин дурьджээ. 

Хэдийгээр ийм хоёр хандлага байдаг ч аль аль нь дангаараа оршдоггүй. Төр нь нийгмийг дээрээс “халамжладаг” ч ард олны зүгээс өөрөө өөрийгөө зохицуулан удирдах үйл ажиллагаа байдаг. Тодорхой бодит хэцүү нөхцөлд засаг улс орныг хүнд байдлаас гаргахын тулд албадлагын зохион байгуулалтыг илүүтэй гэж үздэг бол нийгэмд таатай боломж бүрдсэн тохиолдолд эвсэл нэгдлийн хэлбэрийг ашигладаг талтай. 

Дээрхи хоёр хэлбэрийг хослуулан оносон хувилбарыг олж хэрэгжүүлснээр иргэдийг төрийн хэрэгт татан оролцуулах амин чухал эерэг нөхцөл бүрдүүлж болох юм. Уг оролцоо нь төрийн хүчний нэр хүндэд хор учруулах, эв нэгдлийг бутаргах, сулруулах ёсгүй гэдгийг Ильин хатуу сануулж байв. 

Албан байгууллага нь эв нэгдлийн дулаан уур амьсгалтай байж ард түмнийг өөрөө удирдах ёсонд сургаж, засаг барьж буй эрх мэдэлтний эгнээг чанар чансаатай хүмүүсээр байнга тогтмол сэлбэж байх нь зүйтэй юм. Ийм үндэс, ийм нөхцөл дээр төрийн тогтолцоо оршин тогтнож үйл ажиллагаа явуулж байдаг байна. 

Ильины уг өгүүлэл Орос орны нөхцөл байдал төрийн засгийн тухай бичсэн хэдий ч төрийн засгийн онолын санд тодорхой хувь нэмэр оруулсан нь гарцаагүй юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.