Монголын төр яагаад аюулын ангалд орчихвоо?

Twitter Print
2014 оны 11-р сар 29-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Эрт үед Төв Азийн ард түмнийг “Туранчууд” Бага Азийнхныг “Иранчууд” гэж нэрийдсэн бидний өндөр өвөг дээдсийн үр сад болох эдүгээгийн долоон Бүгд Найрамдах Улс 28 үндэстэн угсаатан, нийт 230 сая ард түмний 2200 жилийн түүхийн дээжийг Монголоор “Тураны Ертөнц”, казахаар “Туран Алеми” оросоор “Мир Турана” номыг туурвисан нэрт түүхч төдийгүй “Монголчууд азтай ард түмэн”, “Эзэн Богд Чингис хааны ээдрээтэй намтар түүх”, “Нууц товчооны нууцаас”,“Ерөнхийлөгчийн засаглалд шилжмээр байна”, “Монголыг Ерөнхийлөгчийн засаглал авч явж чадна”, “XX зуун Оросынх, ХXI зуун Хятадынх гэвэл завсарт нь орших бид хожив уу, аль эсвэл хохиров уу” гэсэн соён гэгээрүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт нийтлэлч-судлаачийн бичсэн өгүүллэгийг хүргэж байна. 

Хятадын ард түмнийг 300 жил ноёрхсон Манжийн ноёрхлыг эцэслэсэн 1911 оны Сун-Ят-Синий удирдсан хувьсгал 1917 онд эзэрхэг Хаант засгийг түлхэн унагаасан Лениний октябрийн хувьсгал ялснаар дэлхийд тархсан таван янзын монголчуудаас Их Монголын гал голомтыг сахисан “Халх- Монголоор“ цөм хийсэн Ар монголчууд нойрноос сэрж, 1921 онд Ардын хувьсгалыг мандуулж чадсан ч “Хаданд хавчуулсан халиуны зулзага мэт” ганцаарахнаа оршин тогтнож чадахгүйг мэдэрсэн тэд дэлхийн түүхэнд эрин үеийг нээсэн. ЗХУ-ын тусламжийг авч социализмыг баримжаалсан дэлхийн хоёр дахь орон болсон нь цаглашгүй их гавьяа байв. Түүний үр дүнд 1923 онд баталсан ЗХУ-ын анхны Үндсэн хуулийн жишгээр 1924 оны арваннэгдүгээр сард үндсэн хуулиа баталж Нийслэл хүрээг – Улаанбаатар хэмээн нэрийдэж улсаа БНМАУ гэж зарлан тунхагласан боловч 1945 оны аравдугаар сар хүртэл ЗХУ-аас өөр нэгээхэн улс хүлээн зөвшөөрөөгүй учир дэлхийн хоёрдугаар дайны ялалтын сиймхийгээр генералисмус И.Сталин, Америкийн Рузвельт, Английн Черчель нарыг тулган шаардаж баймааж Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлсэн байдаг. Түүх сөхье. 1206 онд Төв Азийн нүүдэлчдээс анх удаа Чингис хаан төрт ёсыг үүсгэж, Монголын эзэнт гүрнээ байгуулсан боловч түүний үр хүүхдийн аян дайн, хаад ноёдын хаан ширээний тэмцлээс болоод яаж мөхөж доройтсоныг дэлхийн түүхэнд цагаан цаасанд хар бэхээр бичиж үлдээжээ.

Харин дэлхийд тархсан таван янзын /Халимаг, Ойрд, Өвөрлөгчид, Буриад/ монголоос гал голомтоо сахиж үлдсэн Халх –Монголын түүхийн алтан үе бол чухамдаа Монгол Улсыг тунхагласан 1924 оны 11-дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хөгжин дэвшиж сэргэн мандахын алтан үе эхэлж 1990 он хүртэл үргэлжилсэн түүхтэй. Монголчуудын сэргэн мандлын оргил үе болох 1974 онд уг баярын 50 жилийн ойг зарим социалист орнууд дурсан тэмдэглэж ЗХУ-ын нэрт удирдагч Леонид Брежнев, Гадаад яамны сайд А.Громико, Батлан Хамгаалах Яамны Сайд маршал В.Малиновский Төв Азиас тодорсон нэрт удирдагч Д. Динмухамед Конаев тэргүүтэй социализмын үеийн нэрт зүтгэлтнүүдийг дагуулж ирээд Дархан, Эрдэнэт хотоор хязгаарлахгүй нийслэлд “Москвагийн Арбатын гудамжтай адил төстэй” гэгддэг III,IV хороололыг энэхүү 50 жилийн ойгоор бэлэглээд зогсохгүй тус улсын өнцөг булан бүрт баригдаж буй 250 үйлдвэр заводын ажлыг яаж эрчимжүүлж чадсаныг манай ахмад үеийнхэн андахгүй.

Тиймээс Монгол Улсыг ХАА, аж үйлдвэрийн орон болгож, Төв Азиас социализмыг баримжаалан хөгжин дэвшсэн орон болгож чадсныг өнөөдрийн түүхийг гуйвуулагчид болох “Ревизонистууд-“түүхийг хянан засварлагчид” буюу “догматистууд буюу үглэн донгодогчид” ч үгүйсгэж чадахгүй биз ээ. Буурал түүхийн сайн ч, саар ч хойч үед сургамжтай. ЗХУ- Төв Азийн олон хэлтэн ард түмнийг 3-4 жилд багтаан нүүдэлчин түмнийг суурьшуулах завхрал нугалаа гаргаснаар 1930-1933 онд 10 гаруй сая ард олон өлбөрч үхсэний дотор “эсгий туургатан” гэгддэг Казахстан улсын 3.2 сая хүн өлбөрч үхсэн нь 1991 оноос ил болсон бол урд хөрш Дундад улсын 1911 оны хувьсгалын үр шимийг Чанхай- Шигийн Засаглал Гоманданы нам улам завхруулж, олон сая цөөнх үндэстэн – угсаатныг хэлмэгдүүлснийг гагцхүү 1949 оны Мао-гоор удирдуулсан хувьсгал аварч чадсан боловч 1961 оноос дахин завхарч, улсыг түргэн хөгжүүлж “Их үсрэлт хийх” гэсэн “Улаан хамгаалагчдын” соёлын хувьсгалаар яаж түйвээснийг тэндхийн 56 үндэстэнтэй 1 тэрбум 300 сая ард түмнийг энэхүү завхралаас 1978 онд “социализмын архитектор” гэгддэг Дэн-Сяо-пин яаж аварсныг дэлхий даяар мэднэ. Хөрш хоёр их гүрэн ингэж алдаа завхрал гаргасан хэрнээ түүнийг засч залруулж чадсанаар XX зуун Оросынх, XXI зуун Хятадынх гэгдвэл завсарт нь орших бид хожив уу, аль эсвэл хохиров уу гэдэг асуудал зүй ёсоор урган гарч байна. Бодит түүхийг түшиглэн өгүүлье.

Мянга мянган жилийн амиа аргацаасан хувийн аж ахуйтныг 1924-1959 хүртэл 35 жилийн турш нэгдэж хоршоожуулах хөдөлгөөнд сайн дураар хамруулж чадсанаар 18 аймаг, 3 хот, 340 гаруй сум нэгдэл, САА байгуулж, Монголын ард түмнийг жинхэнэ ёсоор сэргэн мандуулж чадсан юм. Тэгвэл энэхүү 90 жилийнхээ түүхт баярыг өнөөдөр монголчууд ганцаархнаа тэмдэглэхдээ хөдөөгийн малчид “Хаан банкинд” өртэй, төрийн албан хаагчид нь “Төрийн банкинд” өртэй. Төр, засаг нь газар дээрх, газар доорхи баялгаа гадаадын мөнгө хүүлэгчдийн их өрөнд “барьцаалсан” олигархи- авлигачдын балгаар ард түмэн нь ядуурал гуйлинчлалд өртөгдөн гал усны гашуун зовлонд умбаж энэхүү 90 жилийнхээ ойг дурсан санах ч тэнхээгүй туйлдан тамирдаж суух юм.

Хэрэг дээрээ 1921 онд Ардын хувьсгал ялсан боловч 1939-1945 оны хоёр их дайн, 1940-1945 оны Гоминданы эсрэг баруун хязгаарын тулгаралт, 1930-1938 он хүртэлх эсэргүү, лам феодалуудын бослого, тэмцэл, төр засгийн удирдлагад байгаа үндсэрхэг үзэлтнүүдийн “Японыг түшиглэн, түншилье” гэсэн төөрөгдөл, баруун зүүнтний алдаа завхрал гээд 1950 он хүртэл Монгол Улс хөгжлийнхөө хэтийн төлөвийг олоогүй байсан нь үнэн билээ. Энэ зууны эхэнд гэхэд ард олны хилэгнэл нам байгуулах эхлэлийг тавьж, 1903 онд Ард Аюушийн хөдөлгөөн манж нар болон нутгийн феодалуудын эсрэг бослогоор эхэлж Манлайбаатар Дамдинсүрэн нарын тэмцэл улам эрч хүчээ авч, Монголын хар шар феодалуудын эсрэг, харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд Монголын хувьсгалч Д.Сүхбаатар, Х.Чойбалсан Н.Бодоо, С.Данзан нарын түүхт хүмүүс тодорч, Д.Сүхбаатар хувьсгал хийгээд 2 жилийн дараа таалал төгсч, бүтээн байгуулах хүнд ачааг Х.Чойбалсан тэргүүтэй хүмүүс үүрч, монголчууд 1950-иад он хүртэл маш их бартаат зам туулсныг бид буурал түүхээс мэдэрдэг.

Энэ зууны эхээр монголчуудын төрт ёсны дэг жаягт түүхийн эргэлт болсон ганц үйл явдал бол нам байгуулсан явдал юм. Дэлхийд XIX зуунаас эх авсан нам байгуулах хөдөлгөөн Монголд анх удаа хэрэгжсэн нь ач холбогдлоороо Ардын хувьсгалаас ч дутуугүй шинэ нийгмийн эхлэл болов. Хаант Орост тийм нам үүсгэн байгуулагчийн нэг В.И. Ленин “Биднийг хүртлэх намууд байгуулж тарж бутарч алга болсон байтал манай нам яагаад мөхөөгүй гэвэл алдаан дээрээ ажилладгаас аврагдаж чадсан” гэжээ. Үнэхээр 95 жилийн түүхтэй МАХН байгуулсан цагаас өнөөдөр хүртэл алдаан дээрээ ажиллаж чадсан уу гэвэл лав сүүлийн 25 жилд их бүдэрч будилсан боловч ноён нуруугаа алдаагүй явж байна.

Монголын хувьсгалч Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан нар намыг санаачлагч боловч намыг удирдаж байсангүй. Монголын төрт ёсны уламжлалыг лавшруулан судалвал, 1953 он буюу 1960-аад он хүртэл Монгол Улс Ерөнхий сайдын засаглалтай байж улсаа зөв удирдаж байжээ. 1924 оны анхны, 1940 оны хоёрдахь үндсэн хуулийг Улсын Бага хурлын Тэргүүлэгчид шууд Засгийн газрын санаачлагаар боловсруулж, батлан гаргасан бол 1960 оны гурав дахь үндсэн хуулийг МАХН-ын удирдлагуудын санаачлагаар батлан мөрджээ. Эдгээрээс хамгийн төгс төгөлдөр болсон нь 1940 оны Үндсэн хууль байв. Би энэ хуулийг онцолж байгаа маань учиртай. Түүх заримдаа давтагдах жамтай. 1940 оны эхээр үндсэрхэг үзэлтэй баруунтан, зүүнтнүүд даварч “Ховдынхан, Чандманыхныг / Увсчуудыг/ төрийн толгойд ойртуулж болохгүй” хэмээж бүр Казах түмнийг илт гадуурхан хавчснаар барахгүй Казахын хошуу, багийн дарга нарын цалинг хүртэл 50 хувиар хасч олгодог жишиг тогтжээ.

Энэ завхралыг МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчид 1939 оны тавдугаар сард мөн оны арванхоёрдугаар сард хоёр удаа хэлэлцэж Х.Чойбалсангийн санаачлагаар 1940 онд үндэстний цөөнхөөр бүрдсэн Казах аймгийг байгуулж, энэ онд баталсан хоёр дахь удаагийн Үндсэн хуулийн 78 дугаар зүйлд “Үндэсний цөөнхийг элдвээр хавчин гадуурхаж ил далдаар хялайн үзэгч этгээдийг хуулиар залхаан цээрлүүлнэ” гэсэн тусгай заалт оруулсан нь онц чухал ач холбогдолтой заалт байв. 1938 оны алдаа завхрал нугалаа XXI зууны эхэнд дахин давтагдаж, Баян-Өлгийд болж байгаа хэрэг явдал тус улсын цорын ганц үндэстний цөөнхийг гадуурхан хавчиж, хууль хяналт, цэрэг, цагдаа шүүх, прокурор, тагнуул, онцгой байдал зэрэг төрийн албан хаагчдыг хоморголон халж эсвэл нутаг зааж холдуулан зарим мэдээллийн хэрэгслээр “олны тархийг угааж” казахуудыг хялайн үзэж шоовдорлож байгаагийн хор уршгийг тэндхийн сэхээтнүүд жишээ баримтаар сонирдуулан бичиж, НҮБ-ын Хүний Эрхийн Комиссоос нэг бус удаа Монгол Улсад анхааруулсан боловч огт ойшоогүйгээр барахгүй Казахууд Монголын нийт хүн амын 8-9 хувийг эзэлж тэдний даруй 156 мянган хүн нь Казахстан, Америк, Япон, Солонгос, Орос, Герман Араб, Турк зэрэг орнуудад цагаачлан амь зогоож байгаа учир эдгээр хүмүүс “цагаач уу” аль эсвэл “дүрвэгчид үү” гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна.

Казахуудыг Ардчилсан намынх, Ардын намынх, Ху Намынх гэж гурав хуваагаад зогсохгүй хүн амын тоогоор тооцвол УИХ-д ядахдаа 5-6 суудал эзлэх ёстой атал сүүлийн сонголтоор 3-ыг 2 болгож Цэнгэл сумын нэг багийн ах дүү хоёр А.Тлейханыг Ардын намаар нь, А.Бакейг Ардчилсан намаар нь овоглон бүр сүүлд Казах хэмээх үндэстний цөөнхийг үгүйсгэж, Монгол угсаатан болох цаатан-тува, буриад, урианхай, өөлдүүдийг үндэстний цөөнх гэж илт өргөмжилдөг болжээ. Казах сэхээтнүүд,тэдний элит эрдэмтэн зүтгэлтнүүд сүүлийн 20 гаруй жилийн турш төр, засгийн удирдлагад удаа дараа хандаж байсан ч огт хайхралгүй өдий хүрснээр энэ шарх улам сэдэрч хорт хавдрын шинжтэй болжээ.

Үндэстний цөөнхийг үгүйсгэдэг өвчтэй Украйн, Гүрж, Кавказуудын эмгэнэлт түүх сургамжтай бус гэж үү. 1992 оны Үндсэн хууль Монголын нийгмийг орвонгоор эргүүлж, хүмүүнлэг ардчилсан нийгэмд эргэлт буцалтгүй оруулсан ч гэсэн жалга довын гэгддэг 430 депутат төгс төгөлдөр хууль боловсруулан батлах боломжгүй эрээвэр хураавар хүмүүс байснаас төрийн тогтолцоо буруу зам руу гулсан орсныг бид харж байна. Энэ хууль эгэл жирийн ард түмэнд халгаатай, эрх мэдэлтэй, хөрөнгөтнүүдэд ашигтайгаар үйлчилж байна.

Хэдэн хүн Монголын хамаг баялгийг атгаж ”торгон дотор умбаж, тосон дотор жаргаж” байхад дийлэнх нь ажилгүй, ядуугийн гай зовлонд нэрвэгдэж өнөөх үнэгүй сурах, эмчлэх ололтоос ангижирч, ахархан хугацаанд Африкийн ядуу буурай орны зиндаанд гулсан оров. Гагцхүү татвар, гадаадын хөрөнгө оруулалт, дэлхийн банк, санхүүгийн байгууллагын зээл тусламжид дулдуйдсан Монгол Улс эдийн засгаар элгээрээ мөлхөж, өнгөрсөн зууны эхээр Манжийн мөнгө хүүлэгчдийн түүхий эдийн хаварга байсан эмгэнэлт түүх дахин давтагдав.

Эдийн засгийн энэхүү сүйрлээр хязгаарлахгүй төр, засаг нь үе үе хямарч нам бүлэглэлүүдийн эрх ашгийг үндэснийхээ эрх ашгаас дээгүүр тавьж, төрийн төлөөх ил далд тэмцлээс болж ард түмэн хэндээ итгэж, юундаа үнэмшихээ мэдэхгүй хий дэмий бухимдсаар сууна. Монголыг 2-3 туйлд хувааж, намчирхаг, нутгархаг, үндсэрхэг, аймгархаг, ангирхаг, бүлгэрэхсдийн эцсийн үр дүн нь нударган баячууд сэхэж, ажилгүй, ядуучууд хоног ирэх тутам хохирсоор.

1998 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дагавар нь, шилдэг боловсон хүчин, ахмад залуу үеийнхнийг сүрхий хэлмэгдүүлж, нийт сонгогчдыг бухимдуулсан гажуудлын түүх эхлэв. Аливаа улс орны удирдагчдыг аялдан дагаж, тахин шүтэх, эсвэл хэтэрхий үгүйсгэж гутаахын аль аль нь хохиролтой гэдэг. 1984-2014 он хүртэл Монгол Улс 30 жил хэрэг дээрээ жолоодлого, удирдлагагүй, “жигүүрийн” Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их Хурлын даргатай байснаар ард түмний төрд хяналт тавих механизм бүрмөсөн устгасан гэхэд хэтрүүлэг болохгүй. Төрийг толгойлох шалгарсан удирдагч үгүйгээр улс орон хөгжиж дэвшсэн түүх үгүй.

Үндсэн хуулийн цоорхойг нэрт хуульч асан С.Жалам-Аажав урьдын хоёр хуулийг гардан туурвилцсан ахмад хүний хувьд олны ой тойнд ортол залруулах шаардлагатайг дурдаж асуудал дэвшүүлвэл Монголын урдаа барьдаг эрдэмтэн Д.Намжим, Л.Түдэв нар уг хуульд 10 зүйлийн алдаа мадаг байгааг залруулахын чухлыг хөндвөл миний бие түрэг- монгол судлаач түүхч хүний хувьд үндсэн хуулийн 11 дахь алдаагаа засахын тулд төр ганц толгойтой байхын чухлыг онцлон тэмдэглэж, өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын засаглал угтаа Төв Азийн нүүдэлчдээс монголчуудаас үүсэлтэй засаглал болохыг 1953 он хүртэлх Ерөнхий сайдын засаглал эдүгээгийн Англи, Герман, Австрали, Япон мэтийн улсын мөрдсөөр ирсэн засаглал болохыг оролдсон юм.

Манайд Ерөнхий сайдаас Улсын Их, Бага хурлын Тэргүүлэгчид өргөн их эрхтэй байсан атал 1992 оны хуулиар Ерөнхийлөгчийг хязгаарлагдмал, Их Хурлын даргыг хэт дархлан 1998 оны өөрчлөлтөөр ялсан намын дарга Ерөнхий Сайд болно гэж хуульчилсаны горийг 2004 онд ард түмэн амсч засаглал маань улам хямарч байна. Дээрхи эрдэмтдийн саналыг үндэслэн Үндсэн хуульд зохих өөрчлөлт оруулж, сонгуулийн хуулийг даруй шинэчлэн сайжруулах бололцоо 2000-2004 онд эрх баригч МАХН-д байсныг ашиглаж чадсангүй. Ардчилсан нам алдаа завхрал, задрал, бутралд ороход “АХ” нам дүгнэлт хийж Үндсэн хуулиа даруй засч алдаагаа залруулж болох байсан.

Дэлхийн түүхийг сөхвөөс төр нь тогтвортой байвал улс нь хөгждөг жамтай. Тухайлбал Америкийг дээхнэ үед гурван саятан захирвал сүүлийн 110 жилд хоёр нам ээлжлэн төрийг удирдаж, хүчтэй Ерөнхийлөгчийн засаглалттай урагшилж байна. Ард түмнээс сонгогдсон депатутууд нь Монголын бүх давхаргыг төлөөлсөн ажилчин, малчин, бүтээлч сэхээтнүүд, нам бусчуудаа депутатаар сонгодог сайхан уламжлалыг гэнэт устгаж, гагцхүү нам дамжсан эсрэг бүлэг эрх мэдэлтнүүд, хувийн пүүс компанийн хөрөнгө чинээлэг наймаачин, бизнесмэн зэрэг нударган баячууд төрд сонгогдох болж соён гэгээрүүлэгч, сод ухаантан байсан ч мөнгөгүй бол сонгогдох эрхээ хасуулдаг жишиг тогтоов. Одоогийн сонгууль хэрэг дээрээ төрийн эрх дархыг булаацалдсан бүлэглэлүүдийн албан тушаалын өрсөлдөөн болон хувирав.

Ийнхүү эгэл жирийн ард түмэн аажим аажмаар шахагдан шоовдорлогдож эрх мэдэлтнүүд хэмжээгүй эрх эдлэн, авлига, хээл хахууль, урьд өмнө байгаагүйгээр нийгмийг хямруулснаар Монголын төрд панзчин, наймаачин, нударган баячуудын бүлэг бий болов. Гишүүн, сайд, агентлагийн дарга, үйлдвэр, заводын захирал болохын тулд тохирсон үнэ ханштай, авлига хээл хахуулийн сүлжээгээр сүлбэлдэж өнөөх элит сэхээтэн, соёл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, бүтээлч ард түмэн шахагдан шоовдордогдож бүхнийг мөнгө шийдвэрлэх бичигдээгүй хууль үйлчлэв. Тиймээс нийгэм бүхэлдээ хямарч хариуцлага тооцох механизмгүй болж төрийн эрхийг булаацалдсан аюултай бүлэглэл бий болж улс төрийн систем сүйрлийн ирмэгт тулж ирэв.

Монголд нам төвтэй төрийг төр төвтэй засаглалд шилжүүлснээ дахин нам төвтэй төр рүү шилжүүлснээр “Зөвшилцлийн Засгийн газар” “Шинэчлэлийн Засгийн газар” хэмээх хяналтгүй засаглал тогтов. Хөрөнгөтний нэрт түүхч А.Тойнби: “Техникийн дэвшил болох шинжлэх ухааныг ашиглах явдалд хүн төрөлхтөн гайхамшигтай ухаалаг мөртлөө улс төрийн салбарт дэндүү хүчин мөхөсдөж байна. Хэрэв ардчиллын тухайд эсрэгээр тодорхойлбол хүн төрөлхтний олсон ардчилал хэмээх улс төрийн тоглоом дэндүү бузар булхайтай юм.

Парламентын засаглалтай улс орны хамгийн ноцтой хор уршиг нь намын эрх ашгийг улс үндэстнийхээ эрх ашгаас дээгүүр тавьдаг муу зуршилтай” гэжээ. Тэр бас ардчиллаас заримдаа тоталитаризм, Фашизм хоёр зэрэгцэн давхцдагийг зөвөөр томъёолсон юм. Манай дээдэс төрийн ордонд багтахгүй хэрүүл маргаанаар залхааж, ард олны чадал тэнхээтэй, боловсрол мэдлэгтэй нь эх орондоо багтахгүй, гадаад руу зугатааж байна. Эх оронч үзэл, үндэсний бахархал, хүнлэг чанар, ачтан буурлаа хүндлэн дээдлэх, ёс жаягаа мартан хөрөнгөтний улиг болсон эд баялаг, хөрөнгө мөнгөний хойноос шунасаар эх орноо ч худалдахад сийхгүй болтол нийгэм маань ялзран доройтсоныг хэлэх хүн байдаг боловч хэрэгжүүлэх төр нь дөжирсөн байна.

Манай төр нийгмийн зүтгэлтнүүд нийгэм судлаач, эрдэмтэн мэргэд, ахмад үеийнхэн хоёр их хөршийн завсар хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт цөөхөн хүн амтай Монголчууд дотроо хямарч бужигналгүй үндсэн хуулиа даруй өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалд шилжих нь аюулаас аврагдах гарц гэж үзэж байна. Үндсэн хууль бол өөрчилж болохгүй хадан дээр сийлсэн маанийн үсэг биш түүнийг өөрчилж шинэчилж болохоор барахгүй олон намын тогтолцоотой өнөө үед төр Ерөнхийлөгч юмуу, Ерөнхий сайдын засаглалтай байж болмоор байх юм.

Дэлхийг нөмөрсөн даяарчлалын хажуугаар аюул занал, алан хядлага, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гуньж гутрах, ирээдүйдээ итгэл алдарч эх орноос дүрвэж цагаачлах, тэнүүчлэх, үндэс угсаа, нам эвслээрээ талцан туйлшрах, хүн наймаалж, охид хөвгүүдээ харьд аваачин худалдах зэрэг ялзрал, доройтол зэрэг хөрөнгөтний ёс бус үйлдэл манайд тахлаас хүчтэй тархжээ. Бидний өвөг дээдэс сэхэж байсан нэгэн үе байхад эрх дархтнуудын эв нэгдэлгүй тэмцэл хямралдсанаас мөхөж байсныг цаасан дээрээ ч, хад чулуунд дээрээ ч сийлж үлдээсэн гашуун түүх бий. Тийм буурал түүхээ 731 онд хаданд мөнхрүүлэн үлдээсэн мэргэд сайд Тоннюкек, их жанжин Култегиний гэрэлт хөшөөнд “Бид эв нэгдэлтэй байхад толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгдүүлж байв. Тэгтэл хаган, бек /ноёд/ харцаа захирч чадахгүй харц нь ахас дээдэст захирагдахгүй ахан дүүс хоорондоо хямралдаж тэмцэлдсэнээс харийн дайсны өгөөш болж хацар гоо охид, бүсгүйчүүл шивэгчин болж, эрэлхэг хөвгүүд нь боол болж, эртний хөх түрэгүүд мөхөв” … гэж харуусан бичжээ.

Эдгээр түүхийн бичээсийг лавшруулан судалбал хэмжээгүй эрх дархтнууд нь 180 гаруй мянган хүнийг шивэгчин, боол болгож харь оронд бараа таваарын адил худалдсан буурал түүх 1400 жилийн дараа дахин давтагдаж, сүүлийн 25 жилд Монголын олон мянган охид, хөвгүүд Сингапур, Солонгос, Тайвань, Гонконг, Израиль, Япон, Америк, Европт цагаачлан одож хараар ажиллагсдын түрүүч эрчүүд нь боол болж эмс охид нь шивэгчин, янхан болоод зогсохгүй хөөрхий нялх үрсийг хил дамжин худалдаж, дэлхийн чихийг дэлдийлгэх болсон нь юутай харамсалтай. Газар дээрээ малаараа, газар дороо ашигт малтмалаараа баян монголчууд ингэж цөөхөн хүн амаа ажилтай, хоолтой байлгавал бидний хөөрхий үрс ингэж зовох гэж үү.

Хун шувуу тэнгэр өөд, мэлхий намаг руу, хавч ус руу зүтгэдэг үлгэрийн адил монгол төрийн гурван өндөрлөг гурван тийшээ чангаасаар ард олныг аюулын ангал руу чирч аваачсаны хариуцлагыг одоо хэн ч хүлээхээргүй болтол засаглалын хямрал нүүрлэжээ. Нөгөөтэйгүүр төрийн удирдлагууд тогтворгүй “жижүүрийн” шинжтэй хугацаат цэргийн албаны адил ээлжилсээр төр эзэнгүй, хэтийн зорилго, чиглэлгүй жолоодлого удирдлагагүй явж байна. Төрийн тэргүүнийг тодруулах шалгуур үзүүлэлтийг үл хайхран хэдэн хүн намын далбаан дор өрсөлдсөөр ард түмний дундаас шалгарсан удирдагч төрийн тэргүүнээр сонгогдох урьдын уламжлал устгагдав. Бид бүх ард түмнээрээ сонгогдсон Ерөнхийлөгчид эрх мэдлээ төвлөрүүлэх ёстой.

Монголчууд төрийн сүлдэнд залбирч төрийн тэргүүний айлтгал, зарлигийг ёсчлон биелүүлдэг байсан уламжлалаа даруй сэргээмээр байна. Одоогийн төрийн алба төрлийн алба болж нэг нам ялбал нөгөө намынхнийг хэлмэгдүүлэн халж өштөн дайсан мэт үзэх завхралыг даруй зогсоох ёстой. Одоо цаг алдаж яахан болох вэ. Элэг эмтрэх зүрх шимшрэх энэ аюулаас аврагдахын тулд нийгмийг гажуудлаас төрийг хямралаас гаргах цорын ганц гарц болох “Үндсэн хуулиа өөрчлөх, эс өөрчлөх” бүх нийтийн санал асуулгад ухамсартай оролцож, улсаа Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлж урьдын Улсын дээд доод хуралдайтай болж, бага хуралдайнхан байнгын ажиллагаатай хуулиа боловсруулж их хуралдайнхан жилд хоёр удаа хуралдаж, бүх хуулиа баталгаажуулах хэрэгтэй баймаар. Төрийн эрх ард түмний гарт байгаа нь үнэн юм бол энд хэн ч хориг тавих ёсгүй. Олон түмэн тунгаан шүүж, болгоон соёрхон гэдэгт итгэж байна.

Х.Ислам  Олон Улсын Түрэг, Монгол судлаач,Түүхийн шинжлэх ухааны /Scd/ доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (192.82.68.186) 2020-04-08 00:03
      • 0
      • 0

      Та эрдэмтэн хүн гэхэд голыг нь олж чадсангүй. Үндсэн хууль батлалцсан 360 депутатууд тус бүрдээ улсын төсвийн хөрөнгөнөөс 76,0 сая төгрөгийн хахууль бэлнээр авч дээр нь төрийн дээд шангалыг хуйгаар нь авч монголчуудын эрх ашгаас урваж үндсэн хууль өөрчилсөний гай өнөөдөр нүүрлэж байна.

      Хариулах