Тайз баяртай гэж хэлэхдээ үргэлж бэлэн байдаг

Twitter Print
2020 оны 02-р сар 06-нд 10:13 цагт
Мэдээний зураг,
  • Сонгодог урлагийг ойлгох албагүй. Харин таашаал авах хэрэгтэй. Үзнэ, мэдэрнэ, судална. Эцэст нь ойлгоно

  • Эрэгтэй хүний хувьд 25 жил тасралтгүй бүжиглэнэ гэдэг хүнд. Бэртэл ч ихэсдэг. Дөч гарчихаад бүжиглээд байдаг. Гэтэл хажууд бүжиглэж байгаа 20-той хүүхэд янгир л гэсэн үг. Формондоо орж, бэлтгэлээ арав дахин илүү хийж байж л тэр хүнтэй эн зэргэцэнэ. Хажууд янгир цойлоод байхад хөгшин харагдвал шууд гологдоно

  • Хаа ­газар ­Монголын ­балетчин­ гэхээр ­эгдүүрхэж, ­үл ­ойшооно. Та тайзан­ дээр ­ур ­чадвараа ­үзүүлж,­ авьяасаараа илүүрхэж­ байвал ­гоцлол­ бүжигчин. ­Чадахгүй­ бол,­ баяртай ­гэж­ хэлэхэд­ байнга бэлэн­ байдаг ­учраас ­тайзыг­ харгис­ гэж­ хэлдэг. Энэ шалгуурыг­ давсан­ учраас ­л ­гоцлол ­бүжигчин­ байсан

  • Балетыг найман жил сураад, найман жил туршлага хуримтлуулж байж, дараагийн найман жил төгс хэлбэрт нь оруулж, бүжиглэх бололцоотой болдог

Балетыг залуу насны урлаг гэдэг. Тайзан дээр гоо үзэсгэлэн, залуу насаа үлдээгээд байраа тавьж өгөхөөс өөр аргагүй. Дэлхийн таван орны долоон театрт 25 жил тасралтгүй бүжиглэж, гоцлол гэсэн байр сууриа алдахгүй цахилна гэдэг тийм ч амар бус. Байрныхаа гадаах тоглоомын талбайгаас Киевийн бүжгийн сургууль, Киевээс тив тивийн тайз хүртэл замнасан УДБЭТ-ын уран сайхны удирдагч, МУСТА Б.Түвшинбаттай ярилцлаа.

-Залуу насны тань талаар ярилцлагаа эхэлье. Та сургуулиа төгссөнийхөө дараахан Москвад болсон олон улсын балетын тэмцээний тусгай, токиогийн тэмцээний алтан медаль гээд хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Яагаад АНУ-ыг зорихоор шийдэв?

-Би 1987 онд сургуулиа төгсөж ирээд театртаа гоцлол бүжигчнээр орсон. Ардын жүжигчин Ю.Оюун гуайтай хамт бэлтгэлээ хийж, бүжиглэж байлаа. 1989 онд Москвагийн олон улсын V наадамд оролцоод дэлхийн балетын урлагийн хөгжил ямар түвшинд очсоныг нүдээрээ харж, биеэрээ мэдэрсэн. Тэр үед орон орны театрын багш, удирдах түвшний хүмүүсийн хараанд өртсөн гэж хэлж болно. Өвөл нь Японы Очи балетын эзэн Очи сан эхнэр Кумикогийн хамт ирэхдээ намайг театртаа гоцлол бүжигчнээр урьж, хамтран ажиллах санал тавьсан юм. Гэхдээ “Улсын зардлаар гадаадад сурсан хүүхэд. Өрөө төлөх ёстой” гээд театраас явуулаагүй юм. 1991 онд ардчилал ялсны дараа цаг үе ч хэцүү болж, цалин мөнгө тасалдаж эхэлсэн. Ингээд Очи сантай холбогдож, Япон руу бүжиглэхээр явж байлаа. 

-АНУ-ыг хожим зорьсон байх нь?

-Тухайн үед хаана ч очсон Америк гэж ярина. Н.Р.Макарова, Р.Х.Нуреев, М.Н.Барышников гээд Оросын алдартай гэсэн бүх л бүжигчид Америк руу гарсан байлаа. Лондон явах гэж байгаад би гэнэт шийдвэрээ өөрчилж, АНУ-ыг зорьсон. Тэнд чи хэн ч байсан авьяастай л бол гоцлооч гэсэн зарчим үйлчилдэг нь энэ сонголтод нөлөөлсөн. Европт бол арай өөр.

Image may contain: 3 people, including Tuvshin Bold, people smiling-Та таван орны долоон театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан. Анх бүжиглэхээр очиж байхад ямар уур амьсгал угтаж байв. Монголд сонгодог урлаг бий гэхээр гайхаж байсан гэдэг? 

-Тийм ээ. Япон, Унгар, Герман, Америк болон эх оронтойгоо нийлээд таван орны, долоон театрт ажилласан. Хаа газар Монголын балетчин гэхээр эгдүүрхэж, үл ойшооно. Урлаг бол тэр чигээрээ өрсөлдөөн. Та тайзан дээр ур чадвараа үзүүлж, авьяасаараа илүүрхэж байвал гоцлол бүжигчин. Чадахгүй бол, баяртай гэж хэлэхэд байнга бэлэн байдаг учраас тайзыг харгис гэж хэлдэг. ЗХУ задраад уран бүтээлчид нь гадаадын орнуудад олноороо гарсан тул оросууд их өрсөлдөнө. Би тэдэнтэй яг адилхан, мөр зэрэгцэн өрсөлдөж байсан. Яагаад гэвэл би Вагановын системийн нарийн нандин нууцыг найман жилийн турш сурч, Украины ардын жүжигчин, Оросын ардын жүжигчин гээд мундаг хүмүүсээр балет заалгасан. Тэдэнтэй ном хаялцсан ч, тайзан дээр гараад бүжиглэсэн ч давна уу л гэхээс дутахгүй. Давсан учраас ч гоцлол бүжигчин нь байсан. Эхний үедээ гадуурхах маягтай байж байгаад сүүлдээ хүлээн зөвшөөрдөг болсон. Юу ч ярьсан тайзан дээр гараад үзүүлж байхад өөр юм хэлж чадахгүй. Хэрвээ чи үнэхээр муу байвал балетын үзэгчид түүхий өндөг шидэж ч мэднэ.

-Одоо мэдээж тэр үеийнхээс өөрчлөгдсөн байх. Манай уран бүтээлчид сонгодог урлаг өндөр хөгжсөн, эртний түүх тэй орнуудтай эн тэнцүү өрсөлдөж, амжилт үзүүлж байгааг харахад ур чадварын хувьд дутах зүйлгүй санагддаг. Монголын сонгодог урлагийн хөгжил ямар хэмжээнд үнэлэгддэг вэ?

 -Солонгосын сонгодог урлаг гэрлийн хурдаар хөгжиж байна. Дуурийн дуулаачид нь Австри, Италид бэлтгэгдэж байна. Азидаа өрсөлдөх ч хэцүү болж эхэллээ. Астанагийн театр, Улаан-Үүдийн балетын театр гээд театрууд нь улам бүр хөгжиж байна. Бэл бэнчинтэй, хөгжилтэй орнууд яалт ч үгүй илүүрхдэг. Манайхан мөр зэрэгцэх гэж хичээж байна. Гэхдээ улс оронд соёл урлагийн бодлого гэж байх ёстой. Соёлыг зүгээр л нэг хавчуургад авч явна гэдэг үнэхээр явцуу. Ядуу буурай орон соёл урлагийн бодлогоо чанд барьж, түүгээрээ үнэлэгдэж, оршиж байдаг. Дэлхий хавтгай болж байна. Соёл урлаг, ёс заншлаа авч үлдсэн улс үндэстэн л оршин тогтноно.

-Сонгодог урлаг хаана ч нэг л стандарттай. Гэхдээ тухайн улс үндэстний онцлог, театрын хэв шинж гэж бий байх. Энэ талаар ярихгүй юу? 

-Европод нэг театрт дуурь, балет, найрал хөгжим гээд бүгдийг нь багтааж авч явдаг. Харин АНУ-д нэг дээвэр доор боловч төрөл төрлөөрөө хөтөлбөрөө гаргаж, тусдаа ажилладаг. Япон, Солонгос зэрэг Азийн орнуудад жижиг компаниуд олон. Герман, Унгарын театрууд маш хатуу дэг журамтай, бүх ажилчдаа сонгон шалгаруулж авдаг. Америк оросуудад улс төрийн харилцаанаас болоод дургүй хэрнээ бүжигчдийг нь авахаас татгалздаггүй байсан. Миний мэдэхийн оросгүй балетын компани байдаггүй байсан. Миний ярих дуртай зүйл бол театрын дотоод журам, уран бүтээлчтэй хийсэн гэрээ. Гэрээгээ маш хатуу сахидаг. Үзүүлбэрийн үеэр тайзан дээр нэг аяга аваад тавихдаа л гэрээнд зааснаас өөрөөр хийвэл сануулга авах жишээний.

-Таныг урлагийн хүн болоход ээж тань нөлөөлсөн үү. Яагаад балетчин болохоор шийдсэн бэ? 

-Манай ээж уран нугараач, аав маань их эмч хүн. Намайг балетчин болоход ээжээс илүү эмээ маань нөлөөлсөн. Бага байхаас л театр руу дагуулж явж, балет, дуурь үзүүлж урлагаар хүмүүжүүлсэн гэж хэлж болно. “Балетын чиглэлээр Орос руу сургуульд явуулна. Хүүхдүүд шалгаж авч байна” гэж радиогоор зарласан юм билээ.Тэр үед би балетчин болох тухай төсөөлж ч байгаагүй. Хөлбөмбөг, лапто тоглоод л. Гэртээ иртэл эмээ “Орос явах уу” гэж асуухад нь уухайн тас “тэгье” гэж хариулж байлаа. 

-Киевийн бүжгийн сургуульд хэдэн жил суралцсан бэ. Та тэр үед хэдэн настай байв. Гэрээ санана гэж айгаагүй юу?

-Орос багш ирж, шалгалт аваад таван эрэгтэй, таван эмэгтэй хүүхэд суралцуулахаар болсон. 1979 онд гэхээр би гуравдугаар ангийн хүүхэд байж. Гэрээ санах үе гарна. Гэхдээ хүүхэд гэдэг их сонин, анзаардаггүй юм билээ. Найман жил суралцдаг, хагас цэрэгжилтийн байдалтай хүмүүжиж ирсэн. Социализмын үед сурч байхад үнэхээр сайхан байсан. Бүх зүйл цагийн хуваарьтай, янз бүрийн дугуйлан хичээллэж, хүүхдийг олон талаас нь төлөвшүүлэх гэж анхаардаг байсан. Мэдээж үзэл суртал байсан. Төгсөх курсийн шалгалт дээр “Шинжлэх ухааны коммунизмаар тайзан дээр бүжиглэхгүй шүү дээ” гэж хэлээд сайн дүн авч байлаа. Би ээж, ааваасаа илүү эмээгээ санадаг байсан.

-Эмээ тань их “айхтар” хүн байж ээ?

-Тийм ээ. Эмээ маань айхтар өндөр боловсролтой хүн байгаагүй. Гэхдээ намайг маш зөв хүмүүжүүлж, хүн болгосон. “Хөгшин настай хүнд тусалж бай, Нохой хооллож бай. Өнчин өрөөсөн, өлсөж явдаг амьтан шүү” гэж сургадаг байлаа. 1983 онд эмээ маань өөд болоход аав, ээж хэлэхээс айгаад нуучихсан байсан. Тухайн үед юу ч мэдээгүй хэрнээ би орондоо нэг их уйлж хоносон юм. Хожим бодоход эмээ өөд болсон цаг хугацаатай давхцаж байсан.

-Эмээ тань өндөр боловсролгүй ч таныг сонгодог урлагт дурлуулж, маш зөв хүмүүжүүлсэн байна. Урлагийг ойлгоно гэдэг зөвхөн боловсролоор хэмжигддэг зүйл биш юм шиг ээ? 

Image may contain: Tuvshin Bold, smiling, dancing, on stage, shoes, wedding and indoor-Сонгодог урлаг маш олон жилийн түүхийг туулж, оршиж байна. Тэр байтугай Пикассог ч тухайн цаг үед нь ойлгодоггүй байсан. Би сонгодог урлагийг ойлгох албагүй гэж боддог. Харин таашаал авах хэрэгтэй. Эхлээд шүү. Дуурийн театраас үзэгч бэлтгэх бодлого баримталж байна. Өнгөрсөн жилээс эхлээд хүүхэд, залуучуудад зориулсан балет, дуурь тавих болсон. Хүүхдүүд анх үзэхдээ тоох ч үгүй. Хоёр дахь удаагаа ороод сониучирхана. Сүүлдээ үзэж эхэлнэ. Нас биед хүрээд судалдаг болно. Ингэж байж урлагийг ойлгоно. Энэ нийгэмд сонгодог урлаг байх ёстой. Ширээн дээр талх, цай байдагтай л ижил. 

-Сонгодог урлагийг бүх хүн мэдэх албагүй. Зарим хүн “Сонгодог, сонгодог л гэх юм” ч гэдэг. Тэгвэл чухам юундаа тийм их үнэ цэнэ, хээнцэрлэл оршдог юм бэ?

-Урлагийг үнэ цэнээр хэмжээлшгүй. Пикассогийн уран зургууд 80 сая ам.доллараас эхлээд хэдэн зуун сая ам.доллар хүрч байна. Тухайн хүний урлагаас авч буй мэдрэмж, ухаарал л үнэ цэнийг нь илэрхийлнэ. Тэр хүнд сая ам.доллар байна уу, арван ам.доллар байна уу падлий ч байхгүй. Манай нийгэмд юм бүхнийг мөнгөөр үнэлэх гэдэг болж. Үнэтэй бүхэн чанартай биш. Шуудхан хэлэхэд ямар ч балет, дуурийг маркетинг ашиглаж үнэд хүргэж болно. Тоглолтын чанар нь “уучлаарай” гэж хэлэхээр байхад сурталчилсаар байгаад өндрөөр үнэлэх жишээний. Нийгмийн соёл, боловсрол, ухамсраас шалтгаалж иймэрхүү аргууд хэрэглэж байна. 

-Манай орон Оросоос олон зүйл авсан, олон ч зүйл хийлгэсэн. Цирк, сонгодог урлагийн школ яах аргагүй  Оросоос эхтэй. Уран бүтээлчид маань ч дэлхийд үнэлэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байх?

-Намайг суралцаж байх үед Оросын боловсролын систем төгс гэхэд арай дүйцэхгүй ч төгс рүү нэлээн дөхөж, зөв шугам руу явж байсан. Одоо баруунд ч хүлээн зөвшөөрөх болж. Би найман жил Вагановын системээр мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Дэлхийд балетын таван урсгал бий. Өнөөдөр хаана ч энэ системээр л зааж байна. Вагановын систем зөвхөн балет биш жүжиглэлт, түүх, хөгжим гээд бүх зүйлийг цогцоор нь заадаг. Бид нот цээжилж, төгөлдөр хуурын шалгалт өгдөг байлаа. Манайд энэ системийг ашиглаж байгаа болов уу гэсэн горьдлого надад байдаг. Дийлэнх багш нар нь миний үеийн, хамт Киевт сурч байсан нөхөд маань. Тиймээс дээд боловсролыг заавал шаардах хэрэгтэй. “Олон жил бүжиглэсэн юм, туршлагатай юм” гэж хэн дуртай нь багшлаад байвал суралцах хэрэггүй биз. Энд заавал дурдах ёстой хүн бол Анастасия Иванавно Филатова Цэдэнбал. Тэр хүн Монголын соёл урлагийн хөгжилд үсрэнгүй дэвшил авчирсан. Хүүхдийн театр, цирк, “Найрамдал” зуслан гээд олон ч бүтээн байгуулалт хийсэн. Тухайн үед ч улсаас соёл урлагийг бодлогоор маш сайн дэмждэг байж. Өнөөдрийн Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын багш ч социализмын үед Оросын боловсролыг авсан, тэндээс суралцсан. Тэр эрдмээ тайзан дээр гарч, мах цусаараа мэдэрсэн туршлагатайгаа хослуулж, шавь нартаа заасан нь дэлхийд үнэлэгдэж байна. Бид яах аргагүй школыг нь өвлөж авсан. Өнөөдөр манайд хаана ч гологдохооргүй авьяастай хүүхдүүд бэлтгэгдэж байна. Гэхдээ олон улсад дан ганц авьяасаар үнэлэгдэж чадахгүй. Театрт хэдэн жил нухлуулж, дэлхийн жишиг болсон дуурь, балетыг амилуулан, туршлага хуримтлуулж байж зах зээлд гарвал амжилтад хүрнэ. Дөнгөж сургуулиа төгсөөд гадаадад очвол чамайг хэн ч ажилд авахгүй. “Авьяастай байна. Ийм хүүхдүүд өчнөөн бий” гэж хариулна.

-Та 25 жил бүжиглэж байна. Балетыг залуу насны урлаг гэдэг. Энэ олон жил формоо алдахгүй барьж, урлагаасаа хөндийрөхгүй байна гэдэг тийм ч амар биш байх? 

-Хөдөлмөрийн хуулиар 20 жил бүжиглээд тэтгэвэртээ гардаг. Гэхдээ энэ бол Орос, Монголын жишиг Америкт чадаж байгаа л бол бүжиглэнэ гэсэн зарчимтай. Таныг тайзан дээр гарч ирэхэд алга ташихаа больж, тасалбар чинь зарагдахгүй
байвал баяртай гэж хэлдэг. Эрэгтэй хүний хувьд 25 жил тасралтгүй бүжиглэнэ гэдэг хүнд. Бэрхшээл нь хамтран бүжиглэгчээ өргөхөд нуруу өвдөхөөс эхэлж байгаа юм. Бэртэл ч ихэсдэг. Дөч гарчихаад бүжиглээд байдаг. Гэтэл хажууд бүжиглэж байгаа 20-той хүүхэд янгир л гэсэн үг. Формондоо орж, бэлтгэлээ арав дахин илүү хийж байж л тэр хүнтэй эн зэрэгцэнэ. Хажууд янгир цойлоод байхад хөгшин харагдвал шууд гологдоно. Балет гэдэг гоо зүй, үзэмжийн урлаг. Үнэхээр харгис. Сүүлийн таван жил бэлтгэлээ хэд дахин илүү хийж байж, формоо барьдаг байсан.

-Урлагийг хатуу харгис л гэдэг. Гэтэл гадна өнгөн дээрээ урлаг шиг уянгалаг зүйл байхгүй биз дээ? 

-Урлагт диктатур хэрэгтэй гэж ярихаар сүүлийн үед “Цаг үе өөр болсон” гэж хэлэх болж. Сонгодог урлаг цаг үеэс хамаардаг зүйл биш. Өөрийн гэсэн хэв жаяг, хөгжлийн голдрилтой зүйл. Үүнийг л бид ард түмэндээ хүргэж, соён гэгээрүүлж, хүмүүжүүлж үзэгчид түүнээс хүссэн, төсөөлсөн мэдрэмжээ авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр урлаг гарын авлага биш. Сонгодог урлагийг номыг нь уншиж, жүжгийг нь үзэж, хөгжмийг нь сонсож, мэдэрч байж ойлгоно, таашаал авна. Ийм өндөр хэмжээний урлагийг үзэгчдэд хүргэхийн тулд бид өндөр боловсролтой, соёлтой, ёс суртахуунтай, урлагийн төлөө гэсэн чин сэтгэл зүрхтэй байх ёстой. 

-Балетын жүжигчдийг бид тайзан дээр гоё сайхан байхад нь л хардаг. Бидний мэдэхгүй тэр амьдралын тухай ярьж өгөөч. Харж чадахгүй байгаа харгислалын тухай ч юм уу?

-Балет өөрөө маш том дэглэм учраас л харгис гэж хэлдэг. Чи дэглэмээ барьж чадахгүй бол, өдөр тутам дасгал сургуулилт хийхгүй бол хэзээ ч балетчин болж чадахгүй. Энэ урлагт хамгийн том дайсан бол бэртэл. Гоо сайхан хөдөлгөөн хийж чадахгүй бол хагархай толь шиг л харагдана. Балетыг найман жил сураад, найман жил туршлага хуримтлуулж байж, дараагийн найман жил төгс хэлбэрт нь оруулж, бүжиглэх бололцоотой болдог. Дахиад найман жил тэр хэмжээний өндөр шалгуурыг давж, чанд сахиж байж тайзнаасаа буухгүй байх боломжтой.

-Илүү энгийнээр асууя. Балетчин хүний хөл хамгийн чухал. Цус нь шүүрч, хумсаа хугартал бэлтгэл хийж байж, тайз руу гардаг. Энэ өвдөлтийг бүх бүжигчид даван туулдаг уу?

-Үнэн, үнэн. Ялангуяа эмэгтэй бүжигчдийн хувьд маш хүнд. Тэр хатуу каскиг өмсөөд хуруун дээрээ зогсоно. Эхлээд цаг гаруй дасгалаа хийнэ. Дараа нь хоёр цагийн турш бэлтгэл хийдэг. Үргэлжлүүлээд тоглох гэж буй бүжгэн жүжгээ бэлдэнэ. Бид шинэ гутал өмсөөд хөл холгоход яадаг билээ. Хоёр цаг тайзан дээр бүжиглэхэд уурхайчны найман цагийн хөдөлмөртэй тэнцэнэ гэж ярьдаг. Хуруун дээрээ бүжиглэдэг учраас хумс нь хугарна, унана, арьс нь зулгарна, холгоно. Уйлж байгаад л бүжиглэдэг. Хамгийн аймшигтай нь тэглээ гээд гомдоллох эрхгүй. Хэрвээ хөл маань бэртчихлээ гэвэл “Баяртай, дараагийнх нь” гэж дуудна. Тийм л өрсөлдөөнтэй. Тэр байраа алдахгүйн тулд цус нь гарч байсан ч инээгээд л зогсож байна. Энэ зовлонг давж байж, уран бүтээлээ үзүүлж, үзэгчдээс алга ташилт авдаг. Тэр нь хамгийн том аз жаргал. Дөрөв, таван сартай жирэмсэн хэрнээ үзэгчдэд мэдэгдэхгүй, нууцаар бүжиглээд явж байсан тохиолдол ч бий. Балетыг мах цус, булчин шөрмөсөөрөө мэдэрч байж л сурна.

Т.Намуунболор

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.179.82) 2020-02-08 11:45
      • 0
      • 0

      Tuvshindee az jargal amjilt huse

      Хариулах

    • Zochin

      (66.181.187.247) 2020-02-06 10:53
      • 0
      • 1

      Tevcheertei meregjildee durtai aviyastai l hvn bvjigchin gijimchin bolno

      Хариулах