Жил бүрийн 2 сарын 7-ыг сарнайн өдөр болгон тэмдэглэдэг

Twitter Print
2023 оны 02-р сар 07-нд 14:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр сарнайн өдөр

Жил бүрийн 2 сарын 7-ыг сарнайн өдөр болгон тэмдэглэдэг. Хэн анх санаачлан, хэзээнээс тэмдэглэж эхэлсэн нь тодорхойгүй ч зүгээр нэг Валентины өдрийн өмнө тэмдэглэдэг өдөр биш болов уу. Ингээд сарнайн тухай:

1. Нөхөрлөл, хайрын бэлгэдэл болсон сарнай Персээс дэлхийд тархсан гэдэг ч эртний чулуужсан олдворуудаас харахад Төв Азиас ч гаралтай байж магад. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст бараг бүхэлд нь тархсан сарнайг газар дундын тэнгис орчмын болон дорнын сарнай гэж газарзүйн онцлогоор нь ерөнхийлөн 2 хуваана. Швейцарын ботаникч Лео Лескере 19-р зууны сүүлд Колорадо мужаас одсон зэрлэг сарнайн чулуужсан олдворыг ойролцоогоор 35 сая жилийн настай гэж тогтоосон нь сарнай дэлхийн хамгийн эртний цэцэгсийн нэг гэдгийг тодорхой болгосон. 5000 жилийн өмнөөс Хятадад тариалж эхэлсэн гэх сарнайн тухай МЭӨ 500 гаруй жилийн өмнөх Кунзын бичээст нь эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнд хэрхэн тарьж ургуулсан тухай эртний тэмдэглэл ч бий. Ойрхи Дорнод болон бусад улсад дэлгэрсэн анхилуун үнэрт, сайхан төрхтэй сарнайг Ром, Грекийн домогт хүсэл тэмүүлэл, гоо үзэсгэлэн, хайр дурлалтай холбон тайлбарласан.

2. Сарнайн төрөл зүйл дээр ургамал судлаачид 320-350 орчим бий гэдэг бол зарим нь 30, 4200, 30000 гаруй бий гэж маргалдсаар байгаа. Сарнайн ихэнх төрлүүд Ази, Европ, Хойд Америк, баруун хойд Африкт ургана. Өдгөө ургасаар байгаа хамгийн урт настай сарнайг 1000 жилийн настай гэж тогтоосон. Германы Нидерзагсен мужийн Хилдесхайм /Hildesheim cathedral/ хотын сүмийн хана даган ургасаар байгаа сарнайн бутыг 815 онд байсан гэж тэмдэглэн үлдээжээ. Дайны бөмбөгдөлтийн үеэр сүм эвдэрч устсан ч уг бут эсэн мэнд үлдсэн тул 1985 онд ЮНЕСКО уг сарнайн бут бүхий Гэгээн Михайлын сүмийг дэлхийн өвд бүртгэсэн.

3. Сарнайг хүнсэнд хэрэглэж болдог аж. Сарнайн дэлбээг цэлцэгнүүр, чанамалд ашигладаг бол Энэтхэг, Хятад хоолонд амтлагч болгон ашиглана. Зарим төрлийн сарнай улбар шар, улаан, хар ягаан, бүр хар өнгөтэй жимстэй байх бөгөөд эдгээр жимс /Rose hips/ нь витамин С-ээр баялаг коктэйль эсвэл хатааж цай болгон хэрэглэхээс гадна шахаж шүүс гарган ууна. Ийм цайнд хэрэглэдэг сарнайнууд 8-12,5 см өргөн гоёмсог хэлбэртэй, олон янзын өнгөтэй, элбэг ургадаг. Олон өнгийн сарнай байдаг ч хар өнгөтэй сарнай байдагггүй. Туркийн хар сарнай гэж алдаршсан сарнай үнэндээ бараан хүрэн улаан өнгөтэй аж.

4. Хамгийн жижиг сарнай Шинэ Зеландын “Si” нэртэй цагаан будааны хэмжээтэй бөгөөд бут нь ердөө 10 см орчим өндөр ургадаг бол хамгийн том сарнай 83,8 сантиметр диаметртэй цагаан өнгөтэй “Хатагтай Банксиа” нэртэй Аризонад ургадаг сарнай. Дэлхийн хамгийн үнэтэй сарнай сортыг Дэвид Остин гэгч ургуулсан “Жулиет” нэртэй сарнай 1 ширхэг нь 15,8 сая доллараар 2006 онд борлуулагджээ. Төрөл зүйлээсээ хамаараад сарнайн бут 10 см-ээс 457 сантиметр хүртэл ургана.

5. Эрт үес л сарнай өнгөнөөсөө хамаараад өрөвдөх сэтгэл, уй гашуу, хайр дурлалын бэлгэдэл байсан бөгөөд улаан сарнай хосын харилцаа, гэр бүл, романтик байдлыг, цагаан сарнай ямар нэг романтик утгагүйгээр нөхөрлөлийг, тод ягаан сарнай талархал, хүндэтгэлийн утга санааг агуулдаг. Америк, Мальдив зэрэг 33 улсын үндэсний цэцэг нь сарнай байдаг.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.