Коронавирус илэрсэн хотоос 80 мянган жуулчдыг нүүлгэн шилжүүлнэ

Twitter Print
2020 оны 07-р сар 28-нд 11:24 цагт
Мэдээний зураг,

Вьетнамын Да Нан хотод коронавирусын халдвар авсан 3 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус улсын эрх баригчид тус хотод амарч, аялж байгаа 80 мянга орчим жуулчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Вьетнамын засгийн газраас мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдээр бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдол нь тус улсын хувьд өнгөрсөн 100 хоногт бүртгэгдсэн дотооддоо халдвар авсан анхны тохиолдол болж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Вьетнамын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук халдвар авсан иргэдтэй хавьтсан иргэдийг олж илрүүлэх, иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулахыг даалгажээ. Өнгөрсөн даваа гарагт Вьетнамын засгийн газраас Да Нан хотод байгаа 80 мянган жуулчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм.

Вьетнамын дотоодын агарын тээврийн компаниуд Вьетнамын 11 хот руу өдөрт 100 орчим нислэг хийж байгаа ба иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 4 өдөр үргэлжлэх төлөвтэй байгаа гэнэ. Далайн эргийн Да Нан хот нь гадаадын болон дотоодын жуулчид хамгийн ихээр амардаг газруудын нэг бөгөөд 2019 онд л гэхэд тус хот 8.7 сая жуулчин хүлээн авсаны 5.2 сая нь дотоодын жуулчид байжээ. Вьетнам улс өнгөрсөн 3-р сараас эхлэн хилээ хаасан ба Жонс Хопкинсийн Их Сургуулиас мэдээлж байгаагаар тус улсад коронавирусын цар тахал эхэлснээс хойш нийт 420 тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь гадаадын орнуудаас ирсэн иргэдээс илэрчээ.

Түүнчлэн тус улсад КОВИД-19 өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй нь хөл хорио болон хяналт, шинжилгээний арга хэмжээнүүдийг эрт авсантай холбоотой хэмээн мэргэжилтнүүд онцолжээ. Өнгөрсөн бямба гарагт Вьетнамын засгийн газраас Да Нан хотын иргэдийг хоорондоо багадаа 1 м зай барьж, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зайлшгүй зүүх зөвлөмжийг гаргажээ. Түүнчлэн гоо сайхны газрууд, баар, шөнийн цэнгээний газруудыг энэ мягмар гарагаас эхлэн хаах шийдвэр гаргасан байна. Харин Да Нан хотын сургуулиуд анги танхимд хичээллэх сурагчдын тоог багасган үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулах аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.