
Украины зүүн хил дээрх нөхцөл байдал хурцдаж, ОХУ-ыг дэмжигч босогчид болон Украины зэвсэгт хүчнийхний хоорондын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна.
ХБНГУ-ын Мюнхен хотод айлчилж буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өдөөн хатгалтанд автахгүй байх нь чухал болохыг онцлохын зэрэгцээ Украин улс ОХУ-ын түрэмгийллийн эсрэг өөрсдийгөө хамгаалах чадвартай хэмээн мэдэгджээ.
Украины зүүн хил дээр 3 дахь өдрөө үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр Украины зэвсэгт хүчний 2 цэрэг амиа алджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу ойрын өдрүүдэд довтлохоор шийдсэн гэж таамаглаж байгаагаа мэдэгдсэн ч Москвагийн зүгээс уг түүний энэхүү мэдэгдлийг үгүйсгэсэн юм.
АНУ тэргүүтэй барууны улс орнууд ОХУ-ыг Украины зүүн хил дээр "хуурамч хямрал" үүсгэж, үүгээрээ шалтаглан Украин руу довтлоно гэж үзэж байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский барууны орнуудын удирдагчдыг ОХУ-ын тал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байна хэмээн буруушааж, Украины аюулгүй байдалд баталгаа өгөхийг шаарджээ.
Украины зүүн хил дээр ОХУ-ыг дэмжигч босогчид, Украины зэвсэгт хүчнийхний хоорондын тулаан ширүүсч, өнгөрсөн бямба гарагт л гэхэд Донецк, Луганск хотуудад нийт 1400 гаруй дэлбэрэлт бүртгэгдсэнийг олон улсын ажиглагчид онцолж байна.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард улс, Бүгд Найрамдах Донецк Ард улс насанд хүрсэн бүх эрчүүдийг тулаанд дайчилж эхэлсэн ба үлдсэн иргэдээ ОХУ руу нүүн шилжихийг зөвлөжээ.
Болж буй үйл явдалтай холбоотойгоор ХБНГУ, Францын эрх баригчид иргэдээ Украинаас яаралтай гарахыг зөвлөсөн ба Германы агаарын тээврийн Lufthansa компани ирэх даваа гарагаас эхлэн Украин руу хийх нислэгүүдээ 7 хоногийн хугацаатай цуцалж буйгаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.