Мөнгөн аяга бэлгэнд өгөхөө болъё

Twitter Print
2014 оны 11-р сар 28-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Монголчууд хоол унд идэж, уудаг аягаа эрхэмлэн дээдэлдэг ард түмэн. Тиймээс аягатай холбоотой үг хэллэг, хэлц монгол хэлэнд олон байдаг. "Аяганы хариу өдөртөө Агтны хариу жилдээ" "Аяганы алгаас агтны алаг дээр" гэх юм уу "Аягатай нь уудаг, адуутай нь туудаг" хэмээн аягыг эрхэмлэсэн утга бүхий зүйр цэцэн үг нэн олон. Дээхэн үеийн монголчууд аягаа тусгай уутанд хийж, өөр бусдад дамжуулахгүй, зөвхөн өөрөө л унд хоолоо ууж иддэг нандин өмч нь байлаа.

Япончуудын цайны соёл гэдэг шиг монголчуудад аягатай харилцах соёл байсан нь одоо бараг мартагдах шахаж байх шиг. Уран шаглаа, хээ хуар бүхий уутанд ур хийц сайхан, мөнгөн аягаа хийчихээд авч явах нь эр хүний нүнжиг, бэл бэнчинтэйг илтгэх гоёл гангараа нь ч болдог байсан.

Эртнээс уламжлалт эл соёлыг өнөөгийн бэлтэй хүмүүс хэрэгжүүлэхийг хичээн эрмэлздэг болох нь тэдний бие биедээ өгч буй бэлэг сэлтээс тод харагддаг. Тэд том том хийцийн мөнгөн аягыг тусгайлан бэлтгэсэн гоёмсог хайрцаг, ур хийц, нарийн шийдэл бүхий зориулалтын уутанд хийн бэлэглэж буй харагддаг. Бэлэг бэлгийн дээд хэмээн дээш харсан амтай сав мөнгөн аягыг сонгох нь олонтаа. Алдар цол авсны, одон медалиар шагнуулсны, айл гэр болсны, насны ойн зэрэг тэмдэглэлт баяр ёслолын үеэр аяганд дурсгалын үг бичүүлэн, нандин бэлэг хэмээн бэлэглэдэг. Бэлгийн морины шүд үздэггүй гэдэгчлэн уг мөнгөн аяганы том жижиг, аль үйлдвэр, хэний хийц, хэр чанартайг төдий л сонжиж сонирхдоггүй.

Манайх хэдэн "сайхан" мөнгөн аягатай. Гавьяатын найр, насны ойгоор байгууллага, хамт олноос бидэнд бэлэглэсэн үнэтэй агаад дурсгалтай эд л дээ. Бид нялх хүүхэд аятай хайрлаж гамнадаг. Гэтэл хичнээн нямбайлан, зөөлөн гараар эдлээд ч нэмэр болсонгүй. Бүгдийнх нь мөнгө ханзарч цуураад хүнд цай хоол хийж өгөх нь бүү хэл өөрсдөө ч ил гарган хэрэглэхээс санаа зовох боллоо. Үүний цаана манай аяга урлаачдын ажлын чанар, үзүүлэлт л харагдаж буй юм. Мөнгөний орц нь хэт бага, цаас мэт нимгэлдгээс амархан хотойж хонхойн, цуурч хагардаг бололтой.

Гэтэл манайд аав ээжээс уламжилж ирсэн модны ураар хийж, мөнгөлсөн ганц аяга бий. Он удаан жил эдэлсэн, олон хүний гар дамжсан эд гэхэд хийц хэлбэрээ алдаагүй, мөнгө нь цайраад аргагүй л цалин цагаан мөнгө болох нь анзаарагддаг. Хуучны эд худалдан авагчид эртний эдлэлийн хойноос улайрдгийн учир энэ. Хуучны эд гэдэг энэ.

Хүний гарын ая, эдэлгээ даахгүй болсон өнөө цагийн мөнгөн аяганы чанар чансааг таньж мэдэхгүй худалдан авч, нандин бэлэг хэмээн бие биедээ дурсгаж буйд харамсах боллоо. Мөнгөнийх нь чанарыг ч ажиглаж шинжээд үзээрэй. Жинхэнэ цалин цагаан мөнгө лав биш. Юу хольдгийг худалдан авагчид яаж мэдэх билээ. Дээр үеийн аяганыхаас нэг л өөр, ямар нэг юм хольж арвижуулдаг юмаа гэхэд "мөнгөнийхөө" зузааныг нь нэмж хялбархан хагарч цуураад байхааргүйгээр урлаж болмоор доо. Үнэтэй, хатуу эд, эдлэлийг эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээдэг монгол хүний гарын ая, эдэлгээ даахгүй ийм хуурамч бүтээгдэхүүнийг шалгаж, муу муухайг нь илчилж, хэрэглэгчдийг хохиролгүй болгодог газар байдаг даа. Тэд юугаа хийж суудаг байна аа.

Асар өндөр үнэтэй атлаа чанарын шаардлага хангахгүй ийм бүтээгдэхүүнээ эргүүлэн авах эсвэл засч бүрэн бүтэн болгоод эздийг нь хохиролгүй болгодог тогтолцоо манайд алга. АНУ мэт оронд бараа бүтээгдхүүнд баталгаа өгч хэрэв эвдэрч хэмхэрвэл дор нь солиод өгдөг юм билээ. Хүнээ, хэрэглэгчдээ дээдэлдэг нийгэмд ийм байдаг аж. Нэгэнт манайд хэрэгжиж, хэвшээгүй болохоор хэрэглэгчид л хаан байх эрхэм эрхээ эдлэх хэрэгтэй л дээ. Чанаргүй, хуурамч, эдэлгээ даахааргүй бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, үнэтэй бэлэг гэж эндүүрч бие биедээ бэлэглэхгүй байх л ганц арга бий.

Морин хуур ч мөн адил. Хөглөгддөггүй, цэвэр сайхан дуугардаггүй, нойтон модоор хийсэн, хямдхан морин хуурыг үзүүлэн болгож гэртээ хэдгалаад яах ч юм билээ. Хааяа дуугаргаж байх хөг, аялгуутай, үзүүлэнгийн биш, их бага гарын морин хуур хиймээр байна. Эх орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг элдэвлэж, гоочлох санаанаас үүнийг бичсэнгүй. Манайхан хэрэглэгчдээ, хүнээ бодож чанарыг эрхэмлээсэй билээ. Ядахдаа үнэ цэнтэй, хүндтэй эдийг эрхэмлэдэг монгол хүнийхээ хэрэгцээг л эрхэмлэн бүтээгдэхүүний чанар хийцдээ анхаарах нь чухал юм.

Хаан хэрэглэгч гэгддэг бид хагарч, ханзарсан мөнгөн аягаа их үнэтэй юм болохоор хаячихаж ч чадахгүй, шургуулганы мухарт хав даран хадгалсаар байх уу. Хариуцан урлагчид хариу хэлэхгүй, бүтээгдхүүнээ сайжруулж, чанаржуулахгүй бол худалдан авагчдаа алдсаар байх болно гэдгийг сануулъя.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.