Агаарын бохирдлыг зөвхөн шинэ технологи бууруулна

Twitter Print
2014 оны 11-р сар 28-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг өнөөдөр БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд боллоо. Хэлэлцүүлгийг БОНХЯ, ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулав. Хурлын нээлтэд БОНХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцогт болон холбогдох албаныхан оролцлоо.

Тус хэлэлцүүлэг агаарын бохирдлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, нийгэмд учруулж байгаа тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргах, агаарын бохирдлыг бууруулах арга замыг боловсруулахад эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү хэлэлцүүлгийг “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулав.

Хуралд агаарын бохирдлын төлөв байдал, эрчим хүчний зөв зохистой хэрэглээ болон бохирдлыг бууруулах арга, технологийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ технологи, дэвшилтэт зарим аргын талаар олон улсын туршлага, шинжлэх ухаан, орчин үеийн технологид тулгуурласан байгаль орчинд ээлтэй эрчим хүч, барилга, тээврийн салбарын төслүүд хэрэгжүүлэх боломжийг танилцуулсан юм.

ШУТИС-ийн харьяа Дулаан техник үйлдвэр экологийн хүрээлэнгийн зуух туршилтын лабораторийн эрхлэгч Б.Аюушжав ярихдаа, Манай лабораторид гэрийн болон усан халаалтын зуухнуудын утааны хийтэй ялгарч байгаа хүхэр, азот, СО-гийн хэмжээ ямар хэмжээтэй гарч байна гэдгийг туршин үр дүнг нь боловсруулж өгдөг. Дээрээсээ шаталттай, дээшээ татдаг зуухыг халаалтанд хэрэглэхэд сайн. Яагаад гэвэл нүүрс хийгээд, дээр нь модоо хийгээд шатаадаг. Нүүрс өөрөө халдаг, халахдаа дэгдэмхий эд ялгаруулдаг. Үүнийг нь шаталтандаа сороод бүрэн шатааж байгаа учир сайн, сайжруулсан зуух юм, халаалтанд хэрэглэхэд тохиромжтой. Агаарын бохирдлын хувьд стандарт болон төслийн шалгуур үзүүлэлттэй нийцэж байгаа. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөө үзүүлж байгаа. Иргэд зуухандаа нүүрсээ хийгээд, дээрээс нь модоо хийгээд зөв галлах хэрэгтэй. Иргэд анхны шаталтаа зөв хийгээд, шатсаны дараа цогон дээр нь ахиад нүүрсээ хийдэг. Энэ нь буруу галлагаа болж байгаа юм. Тэгэхээр иргэдийн өөрсдийн ухамсар, үйл ажиллагаатай холбоотой. Зуухыг нүдээр харахад мэдэгддэг. Зөв галласан зуухнаас цайвар, шингэн утаа гардаг бол буруу галласан зуухны утаа хар өнгөтэй, гэрийн дээвэр болон хөрсөн дээр тортог бууж өгдөг” гэлээ.

”Шинэ зуун-эрчим хүч” ТББ-ын тэргүүн Г.Сүхбаатар Дулааны эрчлүүрт үүсгүүртэй халаалтын цахилгаан тогоог танилцуулав. Энэ нь 60 мкв талбайг халаах зориулалттай, хоёр дахин бага цахилгаан зарцуулах учир эдийн засгийн хэмнэлттэй, бусад төрлийн цахилгаан халаагуураас 40 хувь бага цахилгаан хэрэглэх дулааны үүсгүүр аж. Хэрэглэгчид нүүрс түлдэг мөнгөө нэг сая хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй энэхүү цахилгаан үүсгүүрт зарцуулна гэсэн үг юм.

Хуралд оролцогчид гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна цахилгаан дулааны эрчим хүч гарган авахад шатдаг хийг ашиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр утаанаас сална. Гэхдээ ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай тул зүгээр хараад суултай биш, сайжруулсан зуух, түлш болон одоо энэ хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярихаас өөр аргагүй гэж байлаа. Хуралд 80 орчим эрдэм шинжилгээний ажилтан, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагынхан оролцов.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.