Азийн спортын од: Б.Наранбаатар

Twitter Print
2016 оны 11-р сар 28-нд 14:59 цагт
Мэдээний зураг,

2000-2010 оны хооронд Б.Наранбаатараас өөр тамирчин чөлөөт бөхийн төрөлд дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадаагүй юм

Монголын чөлөөт бөхийн түүхийн нэгэн цаг үеийн шилдэг төлөөлөгч Баяраагийн Наранбаатар 1984 оны гуравдугаар сарын 11-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төржээ. Арван жилээ 10-р дунд сургуулийг төгсөж, УБИС-ын багш дасгалжуулагчийн ангийг дүүргэсэн байна. Анх 1994 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн чөлөөт бөхийн дугуйланд хичээллэж, Намшир багш чөлөөт бөхийн эрдэмд сургасан аж.

2002 оноос олон улсын тэмцээнүүдэд оролцож, тухайн онд Ираны Тегеранд “Тахт”-ын нэрэмжит тэмцээн, Болгарын “Дан Колов”-ын нэрэмжит тэмцээнд түрүүлжээ. Мөн 2003 оноос дэлхийн аваргад хүч сорьж, 2005 оныхоос хүрэл медаль авч, дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсан байна. Тэр жил Будапештын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн 55 кг-д Узбекистаны Д.Мансуро алт, Болгарын Р.Великов, мөнгө, Монголын Б.Наранбаатар, БНАСАУ-ын Жон Кюьн Хук нар хүрэл медаль авч байлаа.

Үүний дараа 2007 онд Азербайжаны Баку хотод чөлөөтийн шилдгүүд хуран чууласан. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 55 кг-д Монголын Б.Наранбаатар эхний тойрогт Гүрж, хоёрдугаар даваанд Турк, шөвгийн наймд Сирийн бөхийг ялсан. Харин хагас шигшээд Беларусийн Р.Гажиевийг оноогоор хожсон. Харин шигшээ барилдаанд ОХУ-ын Б.Кудуховт 3-0, 1-1, 0-0-ын харьцаатай ялагдал мөнгөн медаль энгэртээ зүүсэн юм.

Монголын чөлөөт бөхийн тамирчид Олимп, дэлхийн аваргаас улсдаа хамгийн их медаль хүртсэн. Харин 2000-2011 оны хооронд эрэгтэй тамирчид Олимпоос ганзага хоосон ирж, дэлхийн аваргаас Б.Наранбаатар ганцаараа медальтай ирж байлаа. Тэрээр дэлхийн аваргын хошой медалиас гадна 2004 оны Азийн аваргын мөнгө, 2005 оны “Оюутны Универсиад” наадмын алт, улсын аварга шалгаруулах тэмцээний 5 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн нэгэн үеийн чөлөөт бөхийн “од” тамирчин нь билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.