Стандартын шаардлага хангасан “ХОТ ТАКСИ” үйлчилгээнд гарч эхэллээ

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 09:13 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх үндсэн зорилготойгоор Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн дэргэд "Улаанбаатар такси каб" ХХК -г байгуулсан бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү ажлыг хийж хэрэгжүүлж эхэлж байна.

Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн өмчит “Улаанбаатар такси каб" ХХК, "Юби каб" ХХК-ууд хамтран хувиараа такси эрхлэгч нарыг бүртгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Монгол Улсын такси стандартыг хангуулан "ХОТ ТАКСИ" брэндийг бий болгохоор санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд талууд 2020 ондоо багтаан доод тал нь 1000 хувиараа такси эрхлэгчдийг нэгдсэн стандартад оруулах бөгөөд цаашдаа 2000-3000 таксиг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

"ХОТ ТАКСИ" үйлчилгээнд явж эхэлснээр гэмт хэрэг ихээхэн гардаг таксины аюулгүй байдал хангагдаж, үйлчилгээний нэгдсэн нэг стандарттай болох боломж бүрдэж байгаа аж. “Улаанбаатар такси каб" ХХК нь цаашид гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 100 хувь цахилгаан таксиг үйлчилгээнд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн хувиараа такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой, тодорхой стандартын шаардлага хангасан /Зөв талдаа рультай, өнгө үзэмж цэвэр цэмцгэр/ жолооч нарыг албан ёсоор бүртгэж эхэлжээ. Одоогоор 800 гаруй жолооч бүртгүүлсэн байна.

Иргэд гар утсандаа “UBcab аппликейшн” татаад баталгаатай, ая тухтай "ХОТ ТАКСИ"-гаар үйлчлүүлэх боломжтой. Улаанбаатар хотод тусгай зөвшөөрөлтэй 11 компаний 512 стандарт такси байдаг бөгөөд энэ нь Улаанбаатар хотын таксины зах зээлийн дөнгөж 8 хувь нь юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.