Б.Баяраа: Нуруу хүзүү чилэх өвчин хүндэрвэл хөл, гар сааждаг

Twitter Print
2017 оны 11-р сар 03-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Нурууны бариа заслын “Med Spine” эмнэлгийн эмч Б.Баяраатай “Chiropractic” эмчилгээний талаар ярилцлаа.

-Таныг нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг гэж дуулсан юм. Ер нь орчин үеийн анагаах ухаанд нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг эмчилгээ байдаг юм уу. Эсвэр уламжлалт эмчилгээ юм уу?

-Олон улсын хэллэгээр бол chiropractic эмчилгээний бариа засал гэдэг юм. Энэ нь сээр нурууны дагуу даралтуудаар нурууны нугалмыг зөв байршилд оруулж, нугалмын мэдрэлийн судлыг суллах зорилгоор хийгддэг бариа засал юм л даа. Анх 1895 онд Америкийн эрдэмтэн Даниел Давид Палмэр эрүүл байхын бүх үндэс мэдрэлийн тогтолцоо болон сээр нуруунд байдаг гэсэн онолыг дэвшүүлсэн байдаг юм. Ингээд эрүүл саруул байхын тулд бие махбодийг сэргээх, зангирсан мэдрэлүүдийг суллах гар аргуудыг боловсруулсан байдаг. Chiropractic гэдгийг монголоор гар засал гэж нэрлэх нь тохиромжтой. Сүүлийн үед хүмүүс энэ эмчилгээний ач холбогдлыг сайн ойлгож, манай эмнэлэгт хандах нь ч ихэссэн.

-Гар заслаар яг ямар өвдөлт, өвчнийг анагаах уу?

-Ихэнх хүмүүс биеэ цэх барьж сураагүй, үргэлж бөгтийж явдгаас  нурууны үений мөгөөрс элэгдэн нимгэрсэн байдаг. Эсвэл нурууны ачаалал хэтрүүлснээс бэртэж гэмтэж нурууны нугаламууд нэг цэх эгнээнд байрлахаа больж, мэдрэл дарагдан өвдөлт, зовиур үүсдэг. Нурууны бариа заслаар гажсан нурууны ясыг эргүүлээд зөв байрлалд нь оруулдаг гэсэн үг. Дарагдсан мэдрэл чөлөөлөгдөж зангирсан булчин тайлагдахад цусан хангамж сайжирч булчингийн хүч нэмэгддэг. Ер нь толгой, хүзүү, ууц нурууны бүх төрлийн архаг өвдөлтөд хамгийн тохиромжтой эмчилгээ болж чаддаг. Нурууны бариагаар толгойны мигрень өвдөлт, тогтмол толгой эргэж баримжаа алддаг зовиурыг багасгаж чаддагийг судалгаа, ажиглалт харуулсан. Гар заслаар хүзүүнээс эхлээд аарцаг хамруулсан бүх мэдрэлийн судлуудыг нилэнхүйд нь суллах боломжтой. Нэг удаагийн нурууны бариа дунджаар 50-60 минут үргэлжилдэг.

Эмчилгээ бүр олон төрлийн энгийн, чангалах, суллах заслуудаас бүрдсэн байдаг. Бариа засалч нурууны баганын дагуу зөөлөн аргаар нугалам дээр хүчлэн дарахад нугалам хоорондын үе тэнийж, мэдрэлд нөлөөлж байгаа даралтыг багасгадаг. Нурууны нугалмын холбоос тэнийж сунасны дараа нугалам зөв байрлалаа олж суудаг сайн талтай.Chiropractic нурууны гар засалчид идэвхтэй хөдөлгөөнтэй байж, зөв хооллох зөвлөгөө өгөх нь элбэг байдаг.

-Гутал нь нэг талаараа элэгдэг хүн байдаг. Ингэж далий гишгэдэг хүнийг ясны буруу хөгжилтэй гэж дүгнэдэг гэсэн үү?

-Нуруу мурийснаас болж байгаа юм. Нуруу ер нь хэд хэдэн янзаар мурийдаг. Хойноос нь харахаар S үсэг шигээр нэг муруйна. Хажуугаас нь харахаар бөгтөр байдлаар муруйна. Нурууны суулт гэж байна. Өндөр нь багасч байна гэсэн үг. Залуудаа 170 см байлаа, одоо 167 болсон гээд ярьдаг даа. Энэ бол уг хүний нуруу нь суусан гэсэн үг. Бараг бүх хүмүүс нуруугаа барилгын тулгуур багана, даацын хана мэт ойлгож нуруун дээрээ, ялангуяа нугалам хоорондын жийргэвчэн дээр их ачаалал өгөөд сурчихсан байдаг.

Уг нь жийргэвч буюу нугалам хоорондын диск огт ачаалал авах ёсгүй, харин нурууны арын булчин чангарч ачаалал авах ёстой юм. Ингэж чангарахын тулд эхлээд нуруу нь булчин чангарах боломжтой зөв байрлалд байх нь чухал. Энэ нь хотгор байрлал юм. Харин хүмүүс биеэ цэх барьж сураагүй, үргэлж бөгтийж яваад, бөгтийж суугаад сурчихсан байдаг. Дээрээс нь дасгал спорт огт хийхгүй, хааяа хийсэн ч буруу хийдэг учир булчин нь суларч гүйцээд булчин биш өөх болчихдог юм.

-Бариа засал хийдэг уламжлалт анагаахын эмч нар олон байдаг. Физик эмчилгээ, дасгал хөдөлгөөн,  аарцаг нурууны бариа, эм зэрэг аргуудаас таны эмчилгээ юугаараа ялгаатай юм бэ?

-Физик эмчилгээ болон бусад ердийн эмчилгээ нь дасгал хөдөлгөөн, зөөлөн эдийн иллэг массажны цогц эмчилгээ гэсэн үг. Аарцаг нурууны бариа болон физик эмчилгээ нь чангарсан булчинг суллаж зовиур намдаахад анхаардаг. Харин бидний хийдэг нурууны бариа засал нь нурууны булчинг чангалж өгдөг. Зөв чангарсан булчин нугалам хоорондын зайг өргөж диск болон мэдрэлийн дарагдалыг чөлөөлж шалтгааныг анагаадаг. Физик эмчилгээ, үе мөч ясны бариа засалч болон chiropractor гар засалч нарын эмчилгээний зорилго ижил байдаг. Гэхдээ үе мөч, ясны эмч нар булчин болон тэдгээрийн цусны хангамжинд илүүанхаардаг. Сhiropractic гар засалчид харин мэдрэл булчинг удирддаг. Тиймээс мэдрэлд учруулж байгаа даралтыг хөнгөвчилж булчингийн үйл ажиллагааг дэмждэг.

-Хүмүүс нуруу, нугасандаа эмзэг хандаж, өвдсөн үед эмчийн гар хүргэх дургүй байдаг санагддаг. Ер нь нуруу нугас барихад хориотой заалт байх уу?

-Мэдрэлийн мэс заслын мэргэжлийн сэтгүүлд хүзүү, нурууг барихад хүзүүний нугалам гэмтэж тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн судалгаа хэвлэгдсэн байдаг. Тэгэхээр цус харвах эрсдэлт бүлэгт хамрагддаг хүмүүс нурууны бариа засал хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй. Хийлгэхээр болвол мэргэжлийн өндөр хэмжээнд бэлтгэгдсэн бариа засалчаар хийлгэх нь дээр. Манай эмнэлэгт хүнийг хүрч ирэнгүүт нь шууд бариад байдаггүй. Эрсдэлтэй гэсэн үйлчлүүлэгчдийнхээ ясны сийрэгжилтийг оношлох (DXA)-ийн зураг авахуулж, эмчилгээ хийлгэж болох эсэхийг нь тодорхойлдог. Ховор тохиолдолд эмчилгээний дараа бие хөшиж хөндүүрлэх, ядрах зовиур илэрдэг болохоор барианы дараа нөхөн сэргэх, амрах бололцоог өгөх хэрэгтэй.

Мөн ясны сийрэгжилт,хорт болон хоргүй хавдар,хүнд хэлбэрийн үений үрэвсэл,ясны үрэвсэлт өвчин, ясны сүръеэ болон жирэмсэн эсвэл цус шингэлэх үйлчилгээтэй эм,дааврын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс нурууны бариа заслын эмчилгээ хийлгэж болохгүй. Ер нь бариа заслын ямар ч эмчилгээ хийлгэх гэж байсан нурууны өвдөлтөө зөв оношлуулсан байх ёстой.Учир нь дээр дурьдсан өвчнүүд болон дотор эрхтнүүдийн үрэвсэлт өвчний үед тухайн хүнд яг нуруу өвдсөн мэт мэдрэмж төрүүлж андуурагддаг талтай. Эмчилгээг эхлүүлэхээсээ өмнө та бариа засалчдаа одоогийнхоо эрүүл мэндийн нөхцөл байдал, хэрэглэдэг эм, гэмтэл бэртэл, хагалгаа хийлгэж байсан зэрэг эрүүл мэндийн түүх болон амьдралынхаа хэв маягийг тодорхой хэлж мэдэгдэх хэрэгтэй.

-Хүмүүсийн нуруу ихэвчлэн ямар шалтгаанаар өвдөөд байна?

-Хүнд юм өргөснөөс, бөгтийж явдаг, цэх суудаггүй гээд амьдралын буруу хэвшлээс голчлон шалтгаалсан байдаг. Мөн бидэнд хандаж буй үйлчлүүлэгчдийн дийлэнхи нь нугалам хоорондын дискний эвэрхийнээс үүдэлтэй гар, хөлний мэдрэл дагасан зовиуртай ирдэг. Энэ нь эхний үедээ нуруу хүзүү чилж өвдсөн зовиуртай байснаа хүндрэхээрээ хөл, гар саажиж мэдээгүй болгодог аюултай.

-Үнэхээр дискний эвэрхийг мэс засалгүйгээр бариад алга болгох боломжтой юу?

-Хүмүүс байгаа боломжийнхоо талаар хангалттай сайн мэдээлэлгүй байдгаас болж өндөр үнэтэй, эрсдэлтэй,2-5 жил бололгүй дахидаг, үр дүн муутай эмчилгээг сонгосоор байна. Ууц нурууны гэнэтийн хурц өвдөлт илүү элбэг тохиолддог ч яваандаа өвчин багасч алга болдог. Америк болон барууны орнуудад гар заслын эмчилгээг долоо хоногт гурван удаа хийж, 8-12 долоо хоногийн хугацаанд үр дүнг нь мэдэрдэг. Гадны орнуудад эмчилгээндээ төрөл бүрийн нэмэлт төхөөрөмж, ор зэргийг хэрэглэдэг бол манайд зөвхөн гараараа бариа засал хийдэг.

Эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 96 хувь нь 3-5 жилдээ зовиураа ор тас мартдаг. Хэрэв бидний зөвлөсөн өдөр тутмын амьдралын зөв хэвшлийг хэрэгжүүлж чадвал насан туршдаа нуруу,хүзүүнээс шалтгаалсан өвчин зовиургүй байх боломжтой. Судалгаанаас үзэхэд нурууны бариа засал нь толгой, хүзүүний архаг өвдөлтөнд тустай болохыг тогтоосон байдаг. Мөн үе мөчний үрэвсэл, булчингийншөрмөсний өвчний их хэмжээний эмзэглэлтэй үед бариа болон гүн эдийн аль ч өвдөлтөд тустай.

-Ирж байгаа хүмүүс голчлон хэдий насны хүмүүс байна. Насны онцлог нөлөөлөх үү?

-Манай эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчдийн ихэнх буюу 60 гаруй хувь нь дунд насны хүмүүс байдаг. Энэ насны хүмүүст ялангуяа 40-50 насны эмэгтэйчүүдэд цэвэршилтийн шинж тэмдэг, зовиур илрэхээс гадна хавсарсан өвчлөл үүссэнээс болж нуруу, мөр, хүзүүгээр хөших зовиуртай болсон байдаг. Мөн сүүлийн үед эрт цэвэршилт нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна. 35 настай, цэвэршилтийн зовиур, шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд их ханддаг. Бид эдгээр хүмүүст эмчилгээ хийж, зовиур, шинж тэмдгийг нь багасгадаг боловч, асуудлыг нь бүрэн шийдэж чаддаггүй. Юу гэх гээд байна вэ гэхээр дунд насны эмэгтэйчүүд мэргэжлийн эмчид хандаж, даавар орлуулах эмчилгээг зааврын дагуу хэрэглэвэл эмчилгээний үр дүн илүү сайн байна.

П.Наран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.