Сценари тодорхой МАН-ын Бага хурал

2014 оны 11-р сар 28-нд 09:05 цагт
Мэдээний зураг,

МАН өнөөдөр ээлжит бага хурлаа хийх гэж байна. Бага хурлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн засагт хамтрах саналыг хэлэлцэж, шийдвэрлэх учиртай. Улс орны эдийн засаг, нийгмийн байдал хүнд байгаа энэ үед МАН-ынхан засагт хамтрах эсэхээс их зүйл шалтгаалахаар байгаа. Үүнийгээ ч МАН-ынхан ойлгож, саналыг нухацтай авч хэлэлцэх ёстой гэдгээ хэлж буй билээ. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан засагт хамтрахгүй гэдгээ олон удаа хэлж байсан. Гэсэн ч эцсийн шийдвэрийг өнөөдөр болох Бага хурлаас л гаргана. Энэ утгаараа МАН-ын ээлжит бага хурлын чуулганаас хүлээх хүлээлт их байна.

Гэхдээ ээлжит хурлаас гарах шийдвэр бараг л тодорхой байх шиг. Өөрөөр хэлбэл, МАН засагт хамтрах нь тодорхой байна. УИХ дахь МАН-ын бүлэг дээр ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг АН-ын бүлгээс гарсан ажлын хэсэгтэй уулзалт хийж, урьдчилсан зөвшилцөл хийж байгаа. Мөн МАН-ын үе үеийн удирдлагууд өнгөрсөн мягмар гарагт уулзалт хийж, Засагт хамтарч, ачааны хүндийг үүрэлцэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. МАН-ын бүлэг дотор ч бас засагт хамтрахыг дэмжиж байгаа гишүүд цөөнгүй бий. Удирдах зөвлөлөөс эхний ээлжинд засагт хамтрах нь зүйтэй гэх шийдэл ч гарчихсан гэх мэдээлэл байгаа. Тэгэхээр бага хурал хуралдаад, дээрээс шийдсэн шийдлээ гар өргөж батлах л үлдэж буй бололтой. 

Тус намын гишүүн Су.Батболд “Ардын намын үнэт зүйл бол улс орны эрх ашиг. Тийм учраас улс орныхоо эрх ашгийн төлөө зөвшилцөж, ойлголцох ёстой” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Улс орны эдийн засаг, нийгэм хүнд байгаа энэ үед парламентад суудалтай намууд яаралтай зөвшилцлийн ширээний ард суух ёстой.

Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлт, улс орны урт хугацааны хөгжлийн бодлогоо гаргаж, дараа дараагийн сонгуульд аль ч нам нь гарсан амархан өөрчлөхөөргүй хамгаалалт бий болгох хэрэгтэй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. МАН болон АН-ын удирдлагууд хамтдаа жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Дээрээс нь АН, МАН-ын ажлын хэсэг ажил хэрэгчээр хуралдаж эхэлсэн. Нэг ёсондоо хоёр нам хамтарч, Эв нэгдлийн Засгийн газар байгуулах бүхий л угтвар нөхцөл, тохироо бүрдчихээд байна. Ийм үед МАН-ынхан гэнэт өөр шийдвэр гаргаж, засагт хамтрахгүй гэх нь юу л бол.

Хэрвээ намаа бодвол МАН засагт хамтрахгүй байх нь зүйн хэрэг болно. Харин улс орноо бодвол засагт хамтарч, улс оронд тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулах болов уу. МАН-ын хурлууд “урьдаас бэлтгэсэн сценаритай” явдаг гэх шүүмжлэл бий. Тэгвэл энэ удаагийн ээлжит хурал хэрвээ бэлтгэсэн сценаритай байвал засагт хамтрах шийдвэр гарах нь дамжиггүй байх. Ээлжит удаагийн бага хурлаас МАН-ын гишүүд үзэл бодлоо уралдуулж, хэрэлдэж, хэлэлцэх хүлээлт алга. Ёс төдий хуралдаад, “МАН улс орныхоо төлөө засагт хамтрах нь зүйтэй гэж үзлээ” гэх шийдвэр гарах биз ээ.

Гэхдээ улс төрийн намууд үнэхээр л улс орныхоо эрх ашгийг түрүүлж хардаг юм бол энэ удаад хамтрахаас өөр ямар ч сонголт байхгүй. Тэгж байж л хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж, улс орноо хямралын “шавхай”-наас татаж гаргана. Тийм болохоор МАН-ынхан улс орны өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, басхүү 90 жилийн түүхтэй намын буурь, зангараг гаргаж, хамтрах саналыг хүлээж авна гэж найдъя.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.