
Энэтхэгийн нийслэл Нью Дели хотод агаарын бохирдол ноцтой түвшинд хүрсэнтэй холбоотойгоор тус хотын удирдлагууд автомашинуудыг улсын дугаарынх нь сүүлийн тооны тэгш сондгойгоос хамаарч тодорхой өдрүүдэд хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авахаар хэлэлцэж байна.
20 сая хүн амтай тус хотын агаарын бохирдлын түвшин энэ сард огцом нэмэгдсэн ба эрх баригчид агаарын бохирдол их байгаатай холбогдуулан тус хотод үйл ажиллагаа явуулдаг 5 цахилгаан станц мөн сургуулиудыг хааж, барилгын ажлуудыг зогсоож, хог шатаахыг хориглон, иргэдийг гэрээсээ ажиллахыг зөвлөсөн билээ.
Нью Дели хотын Байгаль орчин, Ой, Зэрлэг байгалийн Хөгжлийн яамнаас мэдээлснээр дээрх арга хэмжээнүүдээс гадна агаарын бохирдлыг бууруулахын тулд хотод бүхэлд нь хөл хорио тогтоох талаар ч яригдаж байгаа аж. Гэхдээ Нью Дели хотын хөрш хотууд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ давхар авахгүй бол нью деличуудын хичээл зүтгэл ямар ч үр дүнгүй гэдгийг тус яамны сайд Гопал Рай онцолжээ.
Агаарын асар их бохирдолтой байгаагаас болж Нью Делигийн эмнэлгүүдэд амьсгалын замын хүндрэл гэсэн шинж тэмдэгтэй хүүхдүүд олноороо ирэх болжээ.
Судалгаагаар Нью Дели хотын агаарын бохирдлын 30 хувийг хот дангаараа, үлдсэнийг нь хотын гадна байрлах том жижиг үйлдвэрүүдээс ялгарч буй утаа бүрдүүлж байгаа аж. Тийм ч учраас Нью Дели хоттой хөрш зэргэлдээ байрлах хотууд агаарын бохирдлын асуудлаа давхар шийдвэрлэх ёстой гэжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.