Аавын амлалт буюу миль гардаг шилэн шаахай

Twitter Print
2019 оны 08-р сар 08-нд 20:30 цагт
Мэдээний зураг,

Найман үзэсгэлэнт горхи салаалан урссан, хоёр хөөрхөн толгодтой “Хайрхан өндөр” уул байлаа, миний аав. Хорвоогийн жам мөнх бус ч гэлээ олон хүүхэдтэй айлын аав “явахаар” уул нурах шиг л болсон.

Олон бүсгүй нялх хүүхэдтэй болохоор тэр үү, аав минь хэр барагтай уурлаж уцаарлана гэж байхгүй, өрөвч нинжин сэтгэлтэй, харцанд нь хайр гэрэлтсэн уян зөөлөн сэтгэлтэй багш хүн байлаа. Даасан ангийнх нь хүүхдийнх хоолгүй хонож байна гээд пингээсээ адууны гуя үүрээд гүйдэг, тэдний хүүхэд нимгэн хувцастай явна гээд шкафаа уудалж, өгөх дулаан хувцас хайж суудаг хүн байлаа, миний аав.

Миний аав хийх ажил ихтэй, өөрөө ч их хөдөлмөрч, гарын уртай, юухнаар ч болов юм хийчихнэ. Нутагт маань аавын хийсэн орны аравч, толь жааз, хутга заазуур, сандал ширээг тавьж, хэрэглээгүй айл бараг байгаагүй дээ. Одоо ч байдаг байх. Аавын хийсэн шатраар мөн ч олон хүүхэд тоглож өссөн дөө. Сумд нүдний гэм мэт ховор байх цөөхөн хэдэн фото зурагчины нэг гэж байгаа. Сумын наадам болоход өөрөө ч наадам үзсэн юм байхгүй, хот хөдөөгийн баахан гоёж, гангалсан наадамчдыг оочерлуудаад зураг дарж зогсдогсон. Дараа нь авсан зургаа угааж өгөх гэж хэдэн шөнө дараалан шөнө дүл болтол сууна. Бид ч аавдаа зураг угаахад нь туслах гэж өрсөлдөцгөөдөгсөн. 

Би багаасаа аавдаа их наалдамхай, угаасаа ч жаахан сул биетэй байсан болохоор ханиад хүрээд л аавынхаа өвөрт наалдана. Олон дүүтэй болохоор ээж тэртэй тэргүй олдохгүй. Аавын минь хар жигүүн дээлийн өврийн тэр жижигхэн зай орчлон хорвоогийн хаанаас ч эрээд олдохгүй нөмөр нөөлөг, хайр энхрийлэл шингэсэн дулаахан, зөөлөн, үгээр илэрхийлэх аргагүй тансагхан ертөнц байж билээ. Аавынхаа үнэрийг би одоо ч гэсэн яг л хар дээлийнх нь өвөрт цээжинд нь наалдаад сууж байгаа юм шиг санадаг юм.

Айлын хүүхдүүд хоорондоо өөр, өөр ааш араншинтай. Би багаасаа л гоёж гоодох дуртай, шинэ хувцсаа хайрлаж, гамнана гэж байхгүй өмсөөд л дуусгана. Аав ээж минь ч биднийг чадлаараa гоёно. Нутгийнхан биднийг “Цагаан багшийн ганган охид“ л гэнэ.

Намайг 1-р ангид байхад аав маань зэргэлдээ сумаас хажуудаа хонхтой хөөрхөн улаан гутал авчирч өгсөн юм. Тухайн үед хөдөөний хүүхдүүдэд цахилгаантай, тийм дэгжин гутал олдоно гэдэг их ховор байлаа. Өмнөхөн нь ээж бас надад үстэй эмжээртэй бор гутал авч өгсөн юм. Ингээд би хоёр гоё гуталтай болж магнайгаа хагартал баярлаж байтал миний дээд талын эгч чимээгүйхэн том, том нулимс бөмбөрүүлж эхэлдэг юм байна. Юу болов, яасан гэтэл хамар нь халцарсан цагаан ултай гутлынхаа хоншоор руу зааж байна. Нээрээ ч нэгэнд нь хоёрын хоёр шинэ гутал аваад өгчихөөр хөөрхий бас хүн юм чинь барьцаж л таараа. Очоод дэлгүүрээс аваад өгье ч гэхнээ олдохгүй юм чинь.

Ээж, аав хоёр маань ярьж байгаад намайг нэг гутлаа эгчдээ өг гэж байна. Би ч үгүй л гэлээ. Ээж загнаж зандраад л өг гээд тулгаж гарлаа. Аав аргадаад л аав нь охиндоо дэлгүүрт шинэ гутал ирэнгүүт л авч өгнө, ийшээ явахаараа, тийшээ явахаараа авчирч өгнө гээд л... Би арайхийж олдсон ээлжийн гоёлоосоо салахыг үнэхээр хүсэхгүй байлаа. Гэтэл аав минь “Аав нь охиндоо явахаар улан дээр нь миль гардаг шилэн гутал авч өгнө” гэдэг байгаа. Хэзээ ч харах нь бүү хэл сонсч байгаагүй шилэн гутлын сургаар миний нүд сэргээд ирлээ. Тэрний төлөө ер нь хоёуланг нь өгсөн ч яахав дээ. Тийм гутал байдаг юм уу, хэзээ авч өгөх юм гээд л. Аав минь гадаадад тийм гутал зохион бүтээсэн байна лээ. Аав нь сэтгүүлээс уншсан. Охиноо 7-р ангид орохоор нь авч өгнө гэлээ.

Аавд минь зургаан жил их хол санагдсан уу, намайг тэгсгээд мартана гэж бодсон уу, бүү мэд. Миний хувьд улан дээрээ миль гардаг шилэн шаахай өмсөхөд хугацаа тийм ч чухал биш болохоор аавынхаа амлалтанд сэтгэл ханаж, эгчдээ бор гутлаа өглөө. Түүнээс хойш тэр шилэн шаахайны тухай яриа манайхаас ер тасраагүй юм. Би 7-р ангид орлоо. Шилэн шаахай байхгүй. Эрхбиш юмны учир олохтой болсон болохоор ааваасаа нэхэж шаналгаагүй..

Аав ээж хоёр минь биднийг өмсөж зүүхээр хэзээ ч дутаагаагүй, ээж маань "Новые товары" сэтгүүл харж байгаад гоё дэгжин палааж хийж, охидуудаа нүдийг нь бүлтэртэл гоёдог болохоор сумын төвийн хамгийн ганган гоё охидуудын тоонд ордог ч аав бид хоёрын сэтгэлд тэр шилэн шаахай байсаар л байсан юм. Аав минь бидэнд амласан бүхнээ гүйцээж, амьдралынхаа мөч бүхнийг гэр бүл үр хүүхдүүдээ зориулдаг байсан даа. Намайг 9-р ангид орох жил гуравдахь эгч маань оюутны амралтаар ирэхдээ тунгалаг хүрэн өнгөтэй резинэн шаахай авчирч өгч манай гэрийн шилэн шаахайны асуудлыг шийдэж билээ. Тухайн үедээ миний мэдэх хүмүүсээс хэн ч өмсөөгүй, үеийн охидын нүд унасан гялтганасан тунгалаг, хөөрхөн хэлбэртэй, хээнцэр шилэн шаахайтай болсон болохоор би ч сэтгэл ханаж, аав минь ч санаа нь амарсан даа.

Одоогоос 2 жилийн өмнө элэгний хорт хавдар гэсэн оноштой хөөрхий аавыгаа эмчлүүлэх гээд Хөх хотод байхдаа аавтайгаа хоёулаа салхилангаа эмнэлэгийн хажуугийн жижиг мухлагуудаар ордогсон. Тэнд гял цал болсон гутлын тасаг байх. Хажуугаар нь гарах бүртээ аав минь “миний охин өөртөө гутал ав” гэнэ. Тэгээд нэг өдөр хоёулаа дэлгүүрт орж, би алтан шар өсгийтэй, тунгалаг резинэн шаахай авсан юм. Сүүлд бодоод байхад “Хар нялхад минь амласан амлалтаа биелүүлэх гэж аав минь насаа элтэл сэтгэлдээ тээж явсан юм шиг санагдаж билээ.

Эр хүнийг хэнэггүй, гүндүүгүй, хэр баргийн юмыг тоодоггүй л гэдэг. Миний аав ийм л хариуцлагатай, нарийн мэдрэмжтэй, нялх, зөөлөн сэтгэлтэй, гэгээн уяхан хүн байсан даа. Таныхаа холын нөмөрт багтаж, алсын хайранд нялхарч, танаараа цаг үргэлж бахархаж санадаг шүү.

Аав аа, Охин нь тандаа хязгааргүй хайртай. 

2011. 04 . 04, Улаанбаатар хот

Ц.Мөнхтуяа               

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.