Элэгний хатуурал буюу цирроз гэж юу вэ?

Twitter Print
2018 оны 09-р сар 20-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз. Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм. Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор “Сүх далайтал үхэр амар” гэдгээр анхаардаггүй.

Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу цирроз нь үхэлд хүргэх аюулаараа ДОХ, зүрхний шигдээсний дараа ордог гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

Энэ өвчинд дунд болон ахимаг насны эрэгтэй хүмүүс өртөх нь элбэг байдаг.

Eрөнхий

Цирроз гэдэг нь грекээр нимбэгэн шар гэсэн утгатай үг юм. Эрүүл хүний элэг улаан өнгөтэй байх ёстой атал циррозоор өвдсөн хүнийг тод шар өнгөтэй болдог тул ийнхүү нэрлэжээ. Элэгний эрүүл эс нь холбогч эдээр солигдон бүтэц нь алдагдаж эхэлдэг элэгний өвчнийг цирроз гэнэ.

Шалтгаан

Энэ өвчин үүсэхэд нөлөөлдөг гол хоёр хүчин зүйл байдаг. Нэгт нь вирусын гаралтай шар өвчин, тэдгээрээс В ба С гепатит. Ялангуяа нялх багадаа В гепатитаар өвдөж байсан хүмүүсийн циррозоор өвдөх эрсдэл нь маш их болдог. Иймд эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарал тавьж байх хэрэгтэй юм. Дараагийн шалтгаан нь согтууруулах ундаа, түүний дотор хатуу архийг хэтрүүлэн хэрэглэх явдал. Гэхдээ дараах нөхцөлд дээрх хоёр шалтгаан үгүй байсан ч циррозоор өвдөх эрсдэл ихэсдэг, Үүнд:

-Хорт бодисуудаар хордох ( мөөгний хор, зарим эм)

-Удаан хугацаагаар шарлалт өгсөн цөсний хүүдийн болон цөсний цоргоны өвчин удамшлын хүчин зүйлүүд (ховор тохиолддог)

-Дархлалын тогтолцооны хямрал /бие махбод гэнэт элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах/ зэрэг нь тодорхой нөлөө үзүүлдэг байна.

Явц

Халдварт шар өвчний үед элэгний бүтцэд өөрчлөлт гарснаар эрүүл эсүүд нь гэмтэж, бие махбодид шаардлагатай уураг г.м. бодис ялгаруулж чадахаа байхаас гадна хортой бодисыг саармагжуулах чадвараа алдана.

Шинж тэмдэг

-Элэгний хэмжээ өөрчлөгдөнө. Элэг томрох, эсвэл жижигрэх.

-Хэвлий хөөж цүдийнэ. Энэ нь хэвлийн хөндийд шингэн хуралдсантай холбоотой.

-Гэдэс дүүрч, дотор эвгүйрч, ам халуун оргих, хэхрүүлэх, шээс ялгаралт удааширна.

-Биеийн ерөнхий байдал суларч, турна.

-Хэвлийн урд хананы хөх судаснууд өргөсөж, хүйс тойрон наймаалжны толгойг санагдуулсан хөхөвтөр дүрс бий болно.

-Цээж, нуруу болон мөрөн дээгүүр од шиг, эсвэл жижигхэн аалзтай төстэй улаан толбонууд үүснэ.

-Гарын алга улайна.

-Эрэгтэй хүний хөхний булчирхайнууд томорч, суга, духны үс унан бэлэг эрхтэний хөвчрөлт суларна.

-Эмэгтэй хүний сарын тэмдэг тасалдана.

-Элэгний шүүх чадвар алдагдсанаас цусанд хорт бодис хуралдаж, байнга толгой өвдөх, ой тогтоолт, анхаарал сулрах шинж ажиглагдана.

-Ходоод дурандахад улаан хоолойн судас өргөссөн харагдана.

-Арьс шарлах, загатнаж болно.