Галт зэвсгийн бүртгэл үргэлжилж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 27-нд 14:03 цагт
Мэдээний зураг,

Галт зэвсгээр гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, нуугдмал, бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх “Зэвсэг-2014” үйл ажиллагаа үргэлжилж байна.

2014 он гарсаар галт зэвсэг ашиглан 22 гэмт хэрэг үйлдэгдсэн тоо баримт байна. Үүнээс хүний амь нас хохирсон хоёр, гэмтсэн тав, хууль бусаар авч явсан хоёр, галт зэвсэг ашиглан танхайн гэмт хэрэг үйлдсэн, мал хулгайлах гэмт хэргийг галт зэвсэг ашиглан үйлдсэн нэг, хууль бус бусаар ан агнасан 10 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Харин өнгөрсөн онд 37 гэмт хэрэг үйлдэгдсэн байдаг. Хүний амь нас хохирсон 6, гэмтсэн хоёр, галт зэвсэг ашиглан дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нэг, танхайрах гэмт хэрэг үйлдсэн нэг, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэг гурав, хууль бусаар ан агнасан 16 гэмт хэрэг гарчээ.

Галт зэвсгийн бүртгэлийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Галт зэвсгийн бүртгэл улс орон даяар явагдаж байгаа. Бүртгэл  хэзээ дуусах вэ. Ер нь манай улсад хэчнээн галт зэвсэг бүртгэлтэй байдаг юм бэ?

-Улс орон даяар явагдаж байгаа галт зэвсгийн бүртгэл ирэх арванхоёрдугаар сарын 4-нийг дуустал  нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас эхний 14 хоногийн байдлаар 3284 галт зэвсэг бүртгэгдээд байна.

-Галт зэвсгээ бүртгүүлэх иргэд хаана хандах  вэ?

-Галт зэвсэг эзэмшиж буй иргэд харьяа дүүрэг, сум, багийнхаа цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлэх ёстой. Ингэхдээ заавал тухайн галт зэвсгээ авч очих шаардлагагүй. Бүртгүүлэхээр очихдоо иргэн та иргэний үнэмлэх, бууныхаа гэрчилгээтэй ирэхэд л хангалттай. Хэрвээ иргэн та галт зэвсэгтэй л бол бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх ёстой гэсэн үүргээ биелүүлээрэй.

-Өмнө нь бүртгүүлчихсэн байсан галт зэвсгээ дахин бүртгүүлэх шаардлагатай юу?

-Тийм ээ. Нийслэлийн хэм­жээнд бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүд урьд нь бүртгэлтэй байсан галт зэвсгүүдийг  бүртгэж байгаа. Ер нь иргэд нуугдмал буюу өвөг дээдсээсээ уламжилж ирсэн галт зэвсэг байвал галт зэвсгийн бүртгэл үргэлжлэх  хугацаанд амжиж гэрчилгээжүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулмаар байна.

-Бэлгэнд авсан галт зэвс­гийг гэрчилгээгүй зэвсэг хадгалж байсан гэж үзэх үү?

-Гэрчилгээгүй гээд тухайн иргэний галт зэвсгийг ху­раах­гүй. Бүртгэл явагдах нэг  са­рын хугацаанд л нуугдмал галт зэвсэг байвал гэрчилгээжүү­лэх хэрэгтэй. Түүнчлэн ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй. Харин бүртгүүлээгүйн улмаас асуудал үүсвэл захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлага хүлээлгэх болно. Тиймээс иргэд харьяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэс эсвэл Нийслэлийн хэв журам хамгаалах газарт ирж, гэрчилгээжүүлж болно.

-Иргэдэд эзэмших эрх олгох боломжгүй галт зэвсэг гэж байдаг уу?

-Монгол Улсын иргэн армийн зэвсэглэлд байхгүй, тусгай албанд ашиглагдаагүй зэвсэг эзэмших эрхтэй байдаг. Ер нь иргэд галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалах ёстой. Тухайлбал, галт зэвсгийн замаг, сум, бууг нь тус тусад нь хадгалах шаардлагатай байдаг. Галт зэвсгийг аюулгүй орчинд хадгалаагүйгээс болж санаандгүй байдлаар хэрэг  гарах тохиолдол байдаг.  Тиймээс аливаа осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд галт зэвсгийг найдвартай хадгалах хэрэгтэй.

Та галт зэвсэгтэй л бол бүртгүүлэх, гэрчилгээжүүлэх ёстой гэсэн үүргээ биелүүлэхээ иргэд та бүхэн бүү мартаарай. Үүргээ ухамсарлан энэ үйл ажиллагааны хүрээнд амжиж бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.