
Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд “Хүүхдийн төлөвшилд аавууд хэрхэн нөлөөлдөг вэ” гэдгийг судалж үр дүнгээ танилцуулжээ (2016 он). Тэдний судалгааны дүнгээр, аав нь аль болох их хугацаанд хүүхэдтэйгээ хамт үр дүнтэй цагийг өнгөрүүлдэг бол хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван тогтвортой, өөртөө итгэлтэй, айдас багатай, бусдыг хайрлах, аливааг ойлгох чадвар сайтай байдгийг тогтоосон байна.
Зарим аавууд гэртээ эрт харьснаа “гэр бүлдээ цаг, зав зарцуулж байна” гэж ташаа ойлгодог. Тэгвэл та хүүхдэдээ хэрхэн цаг гаргаж болох вэ?
Хамтдаа зурагт ном унших
Аавын уншиж өгсөн ном маш их дурсамж үлдээдэг. Гол нь номоо дүрд нь орж, харилцан ярилцаж унших чухал. Хамт байх цаг бага, барагтай юм яриад байдаггүй аав нь баавгай, чоно болоод зогсохгүй гүнжийн хоолойгоор заримдаа бүр бөжин туулайн өхөөрдөм өнгөөр ярихаар хүүхдэд ямар ч хүүхэлдэйн киноноос илүүтэй хачирхалтай сайхан санагддаг байна. Ийнхүү догдолж, гайхширч сонссон үлгэр, түүхүүд хүүхдэд үнэт дурсамж болж үлддэг. Ном уншиж өгөх явцад хүүхэд дундуур нь их олон зүйлийг шалгаана, та цааргалалгүй хамтаа ярилцаж уншаарай. Танаас хэдий их асуулт асууж, ярилцана төдий чинээ хүүхдийн сэтгэхүй хөгжиж байдаг юм шүү.
Цэцэрлэгээс нь аль болох явган авах
Цэцэрлэгээс тараад явган явах бол та хоёрын ярилцлагын цаг л гэсэн үг. Энэ үед та хоёр, биесээ асуултаар булаад л байвал ЗӨВ. Харин, өдөр юу идсэн, багш нь загнасан уу? Найз нь зодсон уу? г.м асуултаас аль болох татгалзаарай. Ийм асуултууд нь хүүхдийг хов зөөмтгий болгох сөрөг хандлагатай. Түүний оронд өдөр сурсан дуу шүлэг, орчны юмс үзэгдлийн талаар ярилцах, сонирхолтой асуултууд асуух нь хүүхдийн ургуулан бодох, бүтээлч сэтгэлгээг өдөөж өгдөг. Жишээлбэл: Хүн хуцдаг нохой ярьдаг байсан бол яах бол? Манай гэр 10 давхарт биш 1 давхарт байсан бол ямар уу? Хүн ардаа нүдтэй байсан бол яана аа? г.мэтээр ХАРИЛЦАН ЯРИЛЦАЖ хүүхдийнхээ төсөөлөн бодох, бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлээрэй.
Хамт музей үзэх, амьтны хүрээлэн явах, ойрхон малтай айлд очих
Аавтайгаа шинэ зүйлс үзэхэд аавууд ээжүүдээс ялгаатай нь том хүнтэй ярьж байгаа мэт бодитоор тайлбарлаж өгдөг байна. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйн итгэл үнэмшилд хүчтэй нөлөөлж, аливааг эргэцүүлэн бодох, шинэ зүйлстэй танилцах нь сонирхолтой санагдахаас гадна өөртөө итгэх итгэлийг нь улам бадрааж өгдөг шүү.
Хүүхдийнхээ дуртай тоглоомыг тоглох
Аавууд хүүтэйгээ тогловол байлдах, ноцолдох, машин барих гэх мэт тоглоомыг өөрөө бүр итгэлтэй тоглодог учир хүүхэд ээждээ эрхэлдэг шиг гонгинож ярьдаггүй, дуу хоолой нь хүртэл өөр байдгаас гадна янз бүрийн зоригтой үйлдэл хийж, аавдаа бүх үйлдлээ харуулахыг хүсдэг, бас аавыгаа бууж өгөхөөр илүү баярлаж өөрийгөө хүчтэй байна гэсэн мэдрэмжийг авдаг. Аан харин, охинтойгоо тоглох үед, ихэвчлэн хоол хийж, айл гэр болж, дэлгүүр ажиллуулж, загвар өмсөгч болон тоглодог. Гэхдээ зөвхөн дээрх тоглоомоор хязгаарлагдаргүй охидтойгоо ч машинаар, легогоор тоглож болно шүү дээ. Ингэж аавтайгаа хамт тоглосноор охидод эрэгтэй хүнтэй зөв харилцах анхны хүмүүжил бий болдог байна.
Ээжийг нь энхрийлэх
Гэр орны ажил хийж, хүүхдээ усанд оруулах, хоолоо хамтран хийх зэрэг ЭНГИЙН үйлдлүүд тань хүүхдийн ирээдүйд ямар АГУУ нөлөө үзүүлдэг гэж санана. ХАЙР ХАЛАМЖ-аар дүүрэн гэр бүлд өссөн хүүхэд хайр халамжаа бусдад түгээдэг. Аавын ээжтэй нь харилцах харилцаанаас ирээдүйд эсрэг хүйстэнтэйгээ харилцах, нийгэмд хандах суурь тавигддаг шүү. Тиймээс одооноос эхлэн эхнэр хүүхдээ тэвэрч, үнсэж, хайртай гэдгээ хэлж хэвшээрэй.
Бага насны хүүхэдтэй аавууд цахим орчинд хэт идэвхтэй байгаа нь маш харамсалтай. Хүүхэд тань, хүссэн ч, эс хүссэн ч танаас үлгэрлэж өснө.
Хүүхэд бүрийн аавууд хүүхдэдээ "СУПЕР БААТАР" билээ. Хүүхдийн хөгжил, төлөвшилд аав ээжийн тэгш оролцоо чухал шүү.
Г.Төмөрзаяа (Боловсрол судлаач, багш)
Б.Мягмарсүрэн (Сэтгэл судлаач, багш)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.