Хойд Солонгост коронавирусын хагас сая орчим сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Twitter Print
2022 оны 05-р сар 16-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахал эхэлснээс хоёр жилийн турш КОВИД-19 өвчний тохиолдол бүртгэгдээгүй Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээ албан ёсоор зарласан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар тус улсад коронавирусын халдварын улмаас 27 хүн нас барж, коронавирусын халдвар байж болзошгүй 524 440 тохиолдол бүртгэгджээ.

Хойд Солонгосын эрх баригчдын мэдээлж байгаагаар 243 630 хүн эдгэрч, 280 810 хүн тусгаарлалтанд байгаа аж. Хойд солонгосчуудын хувьд коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй учраас нас баралт болон КОВИД-19 өвчний хүндрэлийн тоо өндөр байх эрсдэл байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Түүнээс гадна тус улсад коронавирусын цар тахал эхэлснээс коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээг ердөө 64 мянган удаа авчээ. Үүнтэй харьцуулахад Өмнөд Солонгост уг шинжилгээг 172 сая удаа авсан байна.

Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын төв телевиз өндөр халуурах шинж тэмдэг илэрсэн хагас сая орчим тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээлсэн нь тус улсад коронавирусын шинжилгээ хангалттай хийгдэхгүй байгааг мөн халдварын тархалтын цар хүрээ ямар байгааг харуулж байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун эмийн сангуудад эм бэлдмэл нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахын тулд цэргүүдийг дайчлах үүрэг өгчээ. Энэ талаар "Yonhap" агентлаг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээллээс эш татан уламжилсан байна.

Тус агентлагийн мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо тавдугаар сарын 15-нд яаралтай хуралдаж, коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Хурлыг Ким Жөн Ун даргалан явуулжээ. Хурлын үеэр тэрбээр Улс төрийн товчооноос бүх эмийн сангуудыг 24 цагийн хуваарьт шилжүүлж, улсын нөөцөөс эм бэлдмэл яаралтай нийлүүлэх” тушаал гаргасан ч энэ шийдвэр зохих ёсоор хэрэгжихгүй байгааг шүүмжилсэн байна.

Коронавирусын халдварын давалгаанд өртсөн өндөр орлоготой орнуудын эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэхгүйд хүрч байсан бол Хойд Солонгосын хувьд энэ асуудал бүр илүү хүндээр тусна гэдгийг ажиглагчид онцолж байна. Хойд Солонгосыг судлаач, Lumen төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Жиён Бэк BBC агентлагт өгсөн ярилцлагадаа, "Хойд Солонгосын эрүүл мэндийн салбар цар тахлаас ч өмнө сайнгүй байсан. Эрүүл мэндийн тогтолцоо нь маш хуучирсан. Пхеньянд амьдарч байгаа 2 сая хүнээс гадна хүн амынх нь дийлэнх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг байхгүй гэж хэлж болохоор орон нутагт амьдардаг." хэмээн онцолжээ.

Түүнээс гадна Хойд Солонгосоос зугтсан иргэд Хойд Солонгосын эмнэлгүүд дусал тариагаа шар айрагны шилэнд савладаг, тариурын зүүгээ зэвэртэл нь олон дахин ашигладаг тухай ярьсан байдаг.

Хүн амаа коронавирусын эсрэг вакцинд хамруулаагүй учраас Хойд Солонгосын эрх баригчид коронавирусын халдвартай хатуу хөл хорионы тусламжтай тэмцэж байна.

Мэргэжилтнүүд хятадууд коронавирусын омикрон хувилбарын тархалтыг хатуу хөл хориогоор ч хяналтандаа авч чадахгүй байгаа гэдгийг онцолж байна. Хятадын эдийн засгийн төв гэгддэг Шанхай хотод хөл хорио тогтоосноос хойш 6 долоо хоног өнгөрч байгаа ба хотын оршин суугчид хоол хүнсний хомстолд орж буй талаар нийгмийн сүлжээндээ хуваалцсаар байгаа билээ.

Хонгконгийн их сургуулийн халдварт өвчин судлаач Бэн Каулинг Хойд Солонгос улс хоол хүнсний хомстолтой олон жилийн турш тэмцэж байгааг онцолжээ.

1990-ээд онд хойд солонгосчууд өлсгөлөнд нэрвэгдэж, ойролцоогоор 240 мянгаас 3.5 сая хүнээ алдаж байсан бол НҮБ-ын Олон Улсын Хүнсний хөтөлбөрийн тооцоогоор Хойд Солонгосын 25 сая хүн амын 11 сая нь шим тэжээлийн дутагдалтай байгаа аж. БНХАУ болон ДЭМБ-аас Хойд Солонгост коронавирусын эсрэг вакцин тусламжаар илгээх санал тавьсан ч Хойд Солонгосын эрх баригчид татгалзсан хариу өгч байсан билээ.

Эх сурвалж: BBC, Yonhap News agency

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.