"Формула-1"-д шинэ дэлхийн аварга төрлөө

Twitter Print
2021 оны 12-р сар 14-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

"Формула-1"-д шинэ дэлхийн аварга төрлөө. Тэр нь Холландын нисгэгч, "Ред Булл" багийн Макс Ферстаппен. Өнөөдөр АНЭ-ийн Абу Дабид болсон энэ жилийн "Формула-1" уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн буюу 22 дахь гараанд түрүүлсэн Макс Ферстаппен дэлхийн аварга хэмээх цолыг 24 насандаа хүртлээ. Хэдийгээр нас залуу ч "Формула-1" -д долоо дахь жилдээ уралдаж буй туршлагатай тамирчин.

Тэрбээр ёстой л " тостой жолоочийн" гэр бүлд төрсөн, багаасаа л бензинээр "амьсгалсан" нэгэн. Аав Йос нь "Формула-1" уралдааны нисгэгч байсан бөгөөд "Бенеттон" багт уралддаг байсан бол ээж Софи Кумпен нь картингийн жолооч байсан бөгөөд "Ф-1" уралдааны дэлхийн аварга Женсон Баттон, өнөөгийн "Ред булл" багийн босс Кристиан Хорнер нартай хурд үзэж явсан бельги бүсгүй.

Макс хүү найман настайгаасаа эхлээд картинг уралдаанд оролцох болж, 23 удаа түрүү авч байжээ. 16 настайдаа "Формула-3" уралдаанд хурд сорьж эхлээд 33 уралдааны 16-д нь шагналын тавцанд зогсож, "Формула-1" уралдааны мэргэжилтнүүдийн анхааралд оржээ.

Жилийн дараа буюу 17 настайдаа дэлхийн хамгийн хурдан, хамгийн том авто уралдаан "Формула-1"-ийн нисгэгч болсон түүхтэй.

Макс бороотой үед галзуу уралддаг, эрсдэлтэй дайралт, элдэв хэл аманд байнга орж байдаг.

Шинэ дэлхийн аварга жил гаруйн өмнө манай Монголын тухай таагүй үг хэлж ( бэлтгэлийн үед замыг нь хаан мөргөлдсөн Канадын нисгэгч Ланс Строллыг " монгол" хэмээн хараасан) манай авто спорт сонирхогчид төдийгүй Монголын бүх иргэдийн дургүйцлийг төрүүлж, сүүлдээ уучлалт гуйж, тайлбар хийж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Төгсгөлд нь хэлэхэд энэ жилийн " Ф-1" уралдааны ДАШТ сүүлийн хэдэн жил байгаагүй сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон . 72 дахь удаагийн Дэлхийн АШТ-ий аварга хамгийн сүүлчийн гараа(22 гараатай) , бүүр хамгийн сүүлчийн тойрогт (58 тойрог) шийдэгдсэн гээд л бод л доо.

ДАШТ -ий цувралын дүнгээр төдийгүй Абу Дабигийн Яс хэмээх хиймэл арал дээр болсон уралдааны явцад Их Британий алдарт нисгэгч Льюис Хэмилтон уралдааныг хошуучилж явсан ч Макс Ферстаппен сүүлчийн тойрогт Льюисийг гүйцэж түрүүлэн Дэлхийн аварга цолыг өөрөө хүртсэн төдийгүй Хэмилтонд найм дахь түрүүг авахад нь "шавар хаалаа".

Гайхалтай уралдаан, гайхалтай дайралт.

Ц.Энхтүвшин

" Таван цагариг"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.