Засгийн газрын анхны томилгоо агентлагын дарга нарыг сольсоноор эхэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 08:56 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Засгийн газрын ээлжит 26 дугаар хуралдаан болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим агентлагийн дарга нарыг өөрчилөн томилжээ. Тодруулбал:

Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсанг чөлөөлж Б.Хурцыг томилсон байна. Б.Хурц нь АТГ-ын дэд даргаар ажиллаж байснаас гадна Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан.

Татварын Ерөнхий газрын дарга Т.Батмагнайг чөлөөлж Б.Ариунсанг  томилжээ. Б.Ариунсан нь Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайг чөлөөлж, Б.Билэгтийг томилжээ. Б.Билэгт нь “Ардчилал” сонинд улс төрийн ажилтан, сурвалжлагч, эрхлэгч, ХААҮЯ-ны Гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан. Мөн 2012 оноос хойш Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард түүнийг ээлжийн амралттай байх үеэр нь Засгийн газар хуралдаж түүнийг албан тушаалаас нь чөлөөлөөд байсан юм.

Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржавыг чөлөөлж, Р.Чингисийг томиллоо. Р.Чингис нь 1989 оноос хойш Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2012 оноос өнөөдрийг хүртэл ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан юм.

Мөн энэ өдрийн хуралдаанаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын  дарга Ц.Жадамбааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.