Г.Сарангэрэл нарын ялыг хэвээр үлдээлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан, худалдах зорилгогүйгээр олж авсан гэх Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцлээ. Хэргийг хянаад дөрвөн шүүгчдэгчийн ялыг хэвээр үлдээж Г.Сарангэрэлийн 1.6 жилийн хорих ялыг 1.2 жил болгон хөнгөрүүлсэн байна.

Уг хэргийн талаар эргэн сануулахад, Т.Халиун нь өнгөрсөн гуравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 09-06 УНО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Веросса” маркийн машинтай явж байхдаа Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарт Метамфетамин гидрохлорид бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ice буюу мөс гэх бодисыг 150 мянган төгрөгөөр борлуулсан, мөн биедээ 1.6 гр ice буюу мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Т.Халиуныг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон жилийн хорих ял оноосон юм. Харин Г.Сарангэрэл, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг бүлэглэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Сарангэрэлийг 1.6 жил, Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг нарыг 1.2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.

Улсын Дээд шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 2 сар болгон өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. Учир нь Г.Сарангэрэлтэй хамт ял сонссон охид адил гэмт үйлдэлтэй байхад 1.2 жилийн ял оноосон тул ялыг ижилсүүлэн ийнхүү хөнгөрүүлжээ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.