
Буянт-Оношилгоо эмнэлгийн зүрх судасны эмч, Дотрын ахлах зэрэгтэй С.Бота эмчийн зөвлөгөөг хүргэж байна.
Зүрх томрох, тэлэгдэл гэдэг нь бие даасан өвчин биш эмгэгийн шинж юм. Цээжний рентген зурагт зүрх том харагдахыг кардиомегали гэж нэрлэдэг. Бусад оношлогооны аргаар зүрхний томролд хүргэх шалтгааныг илрүүлэх хэрэгтэй. Зүрхний томрол нь жирэмслэлт гэх мэт богино хугацааны биеийн ачаалал болон зүрхний булчин сулрах, зүрхний титэм судасны эмгэг, зүрхний хавхлагын эмгэг, зүрхний хэм алдагдал гэм мэт өвчнүүдээс үүдэлтэй.
Илрэх зовиур, шинж тэмдэг
Зүрх томрох эмгэгтэй хүмүүст заримдаа зовиур илрэхгүй байх нь бий. Доорхи зовиур, шинж тэмдэг илэрнэ:
-Амьсгал давчдах
-Зүрхний хэм алдагдах
-Хавагнах
Шалтгаан
Ердийн үеийнхээс зүрхний шахалтын хүч ихсэх, зүрхний булчин гэмтэх, зүрхний хэм алдагдал, зүрхний төрөлхийн эмгэг болон зүрхний шигдээсийн улмаас зүрх томордог. Заримдаа шалтгаан тодорхойгүй зүрх томорч агшилт сулардаг ба үүнийг идиопатик буюу шалтгаан тодорхойгүй зүрхний томрол гэж нэрлэдэг.
Зүрхний томрох зарим шалтгаануудыг дурдвал:
- Цусны даралт ихсэх өвчин. Даралт ихсэлтийн үед бусад эрхтэнд цусан хангамж өгөхийн тулд зүрхний шахалтын хүч ихэссэний улмаас зүрх томрох, зүрхний булчин зузаарахад хүргэдэг. Зүрхний зүүн ховдол болон зүрхний тосгуур тэлэгддэг
- Зүрхний хавхлагын эмгэг. Зүрхний 4 хавхлага цусны урсгалын чиглэлийг зохицуулдаг. Хэрэх өвчин, зүрхний гажиг, халдварт эндокардит, зүрхний хэм алдагдал /тосгуурын жирвэгнээ/ , холбогч эдийн эмгэг, зарим нэг хавдарын эсрэг эм болон туяа эмчилгээ гэх мэт шалтгааны улмаас зүрхний хавхлага гэмтэж зүрх томордог.
- Зүрхний булчнгийн эмгэг. Зүрхний булчин гэмтсэний улмаас цусыг хүчилж шахаад яваандаа томордог.
- Зүрх болон уушги хоорондын судасны даралт ихсэх. /уушигны артерийн даралт ихсэлт/. Уушги болон зүрхний хооронд цус шахахад ачаалал ирсэний улмаас зүрхний баруун тал тэлэгддэг.
- Зүрхний үнхэлцэг хальсанд шингэн хуралдах. Зүрхний гадна талд байдаг хальсанд шингэн хуралдсаны улмаас цээжний рентген зурагт зүрх томорсон мэт харагддаг байна.
- Зүрхний титэм судас бөглөрөх. Зүрхний судас өөхөн товрууны улмаас бөглөрсөнөөр зүрхний шигдээс болдог. Үүний улмаас зүрхний хэсэг газрын булчин үхжисэнээс бусад хэсэг ачаалалтай ажиллаж зүрх томордог.
- Цус багадалт /анеми/. Цус багадалт буюу хүчилтөрөгчийг эд рүү зөөвөрлөдөг цусны улаан эсийн хэмжээ багасах эмгэгийн улмаас зүрхний цохилт хурдан, жигд бус болдог. Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй байгааг нөхөх зорилгоор зүрхний шахалтын тоо ихэсдэг нь зүрхний томрох шалтгаан болдог.
- Бамбай булчирхайн эмгэг. Бамбай булчирхайн дутагдал/гипотиреоз/ болон бамбай булчирхайн илүүдэл /гипертиреоз/ хоёулаа зүрхийг гэмтээдэг байна.
- Биед төмөр илүүдэх /гемахроматоз/. Гемахроматоз гэдэг нь төмрийн солилцоо алдагдсанаас зүрх гэх мэт эрхтэнүүдэд төмөр хуримтлагдахыг хэлнэ. Үүний улмаас зүрхний булчин сулардаг байна.
Эрсдэл хүчин зүйл
Танд доорхи эрсдэл хүчин зүйлс байвал зүрх томрох магадлалтай:
- Цусны даралт ихсэх. Даралт 130/80-с их байх
- Удамшил. Гэр бүлийн гишүүн буюу эцэг эх, ах дүү нар нь зүрхний булчингийн эмгэгээр өвчилж байсан бол та бас өвдөх эрсдэлтэй
- Зүрхний төрөлхийн гажиг. Зүрхний бүтэц өөрчлөлттэй зүрхний төрөлхийн эмгэг байвал зүрх томрох магадлалтай
- Зүрхний хавхлагын эмгэг. Зүрхний 4 хавхлага буюу гол судасны, митрал, уушгины болон 3 хавтаст хавхлаганууд гэмтвэл зүрх томрох эрсдэлтэй.
Хүндрэл
Зүрхний ямар хэсэг гэмтсэнээс хамаарч хүндрэлүүд гарах эрсдэлтэй. Доорхи хүндрэл тохиолддог:
- Зүрхний дутагдал. Зүрхний хөндийнүүдийн дотроос зүүн ховдлын томрол илүү хор уршигтай зүрхний дутагдалд оруулна. Зүрхний дутагдалын үед зүрхний булчин сулраад зүрхний ховдлууд татагдаж тэлэгдсэнээс эд эртхэн рүү цусаа шахаж чадахгүй болно.
- Цус бүлэгнэх. Зүрх томорсоноор зүрхний хөндийн дотор хана үүссэн бүлэн цусны урсгалд орсоноор амин чухал эд эрхтэний цусан хангамж буурахаас гадна зүрхний шигдээс болон харвалтанд ч хүргэнэ. Зүрхний баруун талд бүлэн үүсвэл уушгины судас руу орвол уушгины эмболи гэдэг амь насанл аюултай эмгэг үүсдэг.
- Зүрхэнд шуугиан үүсэх. Зүрх томорсоны улмаас зүрхний хавхлагууд дутуу хаагдаж буцах урсгал үүссэнээс зүрхний шуугиан үүсдэг.
- Зүрх гэнэт зогсох болон гэнэтийн үхэл. Заримдаа зүрхний томролын улмаас зүрхний хэмнэл алдагдад зүрхний цохилт эт цөөрсөнөөс болж цусны урсгалын хурд удаашрах эсвэл хэт хурдан цохиж хангалттай хэмжээгээр цусыг шахаж чадахгүй ухаан алдаж унах, заримдаа зүрх гэнэт зогсох болон гэнэтийн үхэлд хүргэдэг.
Эх сурвалж: Буянт Оношлогоо зүрх судас, дотрын эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(178.255.168.68) 2021-03-26 14:21Ymar emchilgeetei talaar...
Хариулах
Zochin
(202.21.124.129) 2020-08-17 16:46Saihan medeelel ugsend bayarlalaa.
Хариулах