
Бид чинь сэтгэлийн амьтад юм болохоороо уурлаж бухимдах, стрессдэх юм зөндөө. Харин түүнийгээ гаргаж суллаж, өөрийгөө түүнээсээ чөлөөлдөг байх, чөлөөлж чаддаг байх нь чухал.
Гэхдээ олон хүний хувьд бага насандаа олсон сэтгэлийн шарх, утга учиргүй загнуур, доромжлол дээрэлхэх зэрэг зарим хүнд хэвийн мэт боловч угаасаа эрүүл бус хандлагын үр дүнд насанд хүрэхдээ өөртөө итгэх итгэлгүй, хэн ч биш саарал хүн болж төлөвшсөн байдаг. Тэдний хувьд ихэнхдээ хаалттай, нийтэч бус, хэт номой байдалтай эсвэл харгис, хүйтэн хүмүүс болж төлөвших магадлалтай байдаг.
Ийм болж хүмүүжсэн хүмүүс маань стресс байтугай жирийн бодол санаагаа ч бусадтай хэвийн байдлаар хуваалцаж чадахгүй хэмжээнд хаагдмал байх нь их. Бас зохиомол байдлаар хэт нүүрэмгий дүр эсгэх нь ч бий. Аль аль нь жинхэнэ дүр төрхөө ил гаргахаас айдаг.
Тэднийг гаднаас нь даруу, номхон төлөв, олон үггүй гэх мэтээр дүгнэх боломжтой.
Хамгийн хортой зүйл нь юу гэхээр тийм хаалттай хүн маань стресс бухимдлаа удаанаар хурааж явснаар нэг удаадаа маш тэсрэлттэй байдлаар гаргадаг. Тэр үедээ түүнтэй яагаад ч ойлголцох боломж олгодоггүй зүгээр л галзуурсан мэт болох нь бий.
Мөн өөр хэнд ч гаргаж чадахгүй тэр бухимдлаа өөрийн хамгийн ойрын буюу гэр бүлийнхэндээ гаргах магадлал маш өндөр. Түүнд нь харамсалтай нь ямар ч гэмгүй бяцхан үр хүүхэд нь өртөх нь олон. Ийм байдлаар үр хүүхдээ ч өөр шигээ нэгэн болгож байдаг нь үнэхээр харамсмаар…
Ийм байдлаар гэр бүлийн хүчирхийлэл, үл ойлголцол, салалт зэрэг нь тухайн насанд хүрэгчдийн хүүхэд насны өнгө, дурсамжаас ихээхэн хамаардаг гэж хэлэхэд буруудах юмгүй.
Тэгэхээр гэрийн хүмүүжил, удам гарлыг нь сайтар судалж байж насан туршийнхаа түшиг тулгуурыг олж авах нь зөв гэдэгт итгэдэг шүү.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.