Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр яллагдагчаар татагдсан анхны экс ерөнхийлөгч болж байна

Twitter Print
2023 оны 03-р сар 31-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Экс ерөнхийлөгч Д. Трампыг албан ёсоор шүүхэд дуудна 

Өнгөрсөн пүрэв гарагт Манхэттэн тойргийн Тангарагтны шүүх АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахыг дэмжсэн байна. Ингэснээр Д. Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэргээр яллагдагчаар татагдсан анхны экс ерөнхийлөгч болж байгаа аж.

Энэ мэдээг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсний дараахан Манхэттэн тойргийн прокурор Элвин Брэггийн оффисоос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд прокурорын алба Д. Трампын өмгөөлөгчтэй холбогдож, шүүх хуралд орохоос өмнө мэдүүлэг авах тухай зөвшилцсөн гэжээ.

Прокурорын албанаас Доналд Трампыг хэд хэдэн хэргээр шалгаж байгаа ба энэ удаагийн шүүх хурлаар ерөнхийлөгч асан Д. Трамп насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниэлсд мөнгө төлсөн хэргийг шүүн таслах юм.

Хавтаст хэрэгт бичсэнээр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Доналд Трамп өөрийн өмгөөлөгчөөр дамжуулж Сторми Дэниэлсд 130 мянган ам.доллар өгсөн аж. Энэ мөнгийг Д. Трамп Сторми Дэниэлстэй өмнө нь дотно харьцаанд орж байсан тухайгаа нууцлах зорилгоор өгсөн гэжээ.

Флоридад амьдардаг Д. Трампад шүүхээс зарлан дуудах бичиг илгээх ба Д. Трампыг шүүхэд оролцохоор Нью Йорк хотноо ирэх үед нь албан ёсоор баривчилж, хурууны хээнүүдийг нь авч, эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа бүх хүмүүсийн адилаар зургийг урдаас нь болон хоёр хажуу талаас нь авах аж. CBS сувгийн мэдээлснээр экс ерөнхийлөгч Нью Йоркд ирэх долоо хоногт ирэх төлөвтэй байгаа аж.

Д. Трампын зүгээс өөрийгөө гэм буруугүй гэдгийг онцолж, Манхэттэн тойргийн прокурор Элвин Брэггийг Жорж Соросын "хамсаатан" хэмээн, ардчилсан намынхан ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх зорилгоор ямар ч гэм буруугүй хүнд хэрэг тохож байна хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн 10-р сард Д. Трамп 2024 оны намар болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Тойргийн прокурор нь АНУ-д хууль эрх зүйн тогтолцооны албан тушаал хэдий ч давхар санал хураалтаар томилогддог албан тушаал бөгөөд Д. Трампыг шалгаж байгаа прокурор Элвин Брэгг нь Ардчилсан намын гишүүн аж.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд Найрамдах намын гишүүн Кевин МакКарти Доналд Трампын эсрэг хэрэг үүсгэсэн явдлыг шудрага бус явдал хэмээн, Төлөөлөгчдийн танхим Элвин Брэггийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шалгана гэжээ.

Д. Трампын буруутай нь нотлогдвол шүүхээс түүнд дээд тал нь 4 жилийн хорих ял оноох боломжтой ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар шүүгч Д. Трампад торгууль ноогдуулаад өнгөрөх магадлал өндөр аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.