Мөрийтэй тоглоом, казиногоос болж баларсан, балрах шахсан Монголчууд

Twitter Print
2014 оны 11-р сар 26-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Саяхан манайдаа нэр нөлөө бүхий эрхмүүд мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд гардуулсан. Харин энд тэр тухай биш, манайд мөрийтэй тоглоом тоглож ирсэн түүхээс болон казинотой холбоотой асуудлуудын талаарх сонирхолтой баримтуудаас хүргэе. Мөрий тавих, мөрийтэй тоглоом хүний замыг алдуулахад ч хүргэдэг гэмтэй гэдэг. Тиймээс эрт үеэс Монголчууд мөрийтэй тоглоомыг цээрлэж явахыг үр хүүхдэдээ захиж сургаж ирсэн.

Гэхдээ л мөрийтэй тоглох явдал байсаар, зарим хүн бүр замаа алдаж, нөгөө зарим нь балрахыг шахсан явдал цөөнгүй бий. Монголчуудын тухайд эрийн гурван наадмаасаа эхлүүлээд мөрий тавьж ирсэн нь түүхэнд бий. Сүүлд Манж, Хятадын үеэс янз бүрийн мөрийтэй тоглоомууд нэвтэрсэн. Маажаан, даалуу цаашлаад хөзрийн тоглоомууд байна.

Сүүлийн үед МАН-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол ардын хувьсгалт цэргийн жанжин агсан Д.Сүхбаатарыг мөрийтэй тоглох дуртай байнга өрөнд орж явдаг байсан хэмээн бичих бөөн дурын “түүхчид” олширч буй. Соц нийгмийн үед мөрийтэй муушиг, буур, очков татах буюу 21 “ходроо” мэтийн хөзрийн мөрийтэй тоглоомууд дэлгэрч түүнд хэт орсноос болж, хамаг эд хөрөнгөө алдахаас эхлээд шорон оронд орсон хүмүүс цөөнгүй. Ардчиллын үед ч ялгаагүй мөрийтэй тоглогсод байсаар байна.

Мөрийтэй тоглосноосоо болоод ажил албагүй болж тэр бүү хэл орон шоронгийн хаалга татсан хүмүүс ч олширсоор байна. НХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор хэмээх залуу байна. Яамныхаа ажилчдын цалингаар болон албан хэрэгцээндээ унаж байсан машинаа мөрийнд алдчихсан гэх тэрээр нэг хэсэгтээ Монголоос зугатан гадаадад бүгсэн. Дараа нь баригдан ирж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдон хорих ял эдлээд суллагдсан.

Мөн “14” тэрбумыг ажиллаж байсан” банкнаасаа хулуун Солонгосын казинод тоглоод алдчихсан хэмээн яллагдаж бас л ял эдлээд гарсан Ц.Чимидцэрэн. Түүний хамсаатнаар тодорсон намынх нь нөхдүүд. Монголоос анх удаа мэргэжлий боксын дэлхийн аварга цолыг хүртэж явсан “Пан” Лхагваа, сая баригддаг УИХ-ын гишүүн болон экс гишүүн, төрийн алба, бизнесийн салбарт ажиллагсад гээд жишээлбэл олон хүн байна.

Тэгвэл Монгол улсад казиногийн хууль батлуулахаар ярьж, хуулийн төсөл санаачилсан бүхэн улстөрөөс зайлуулагдаж ирсэн түүх бас байна. 1990-ээд оны сүүлчээр Монгол улсад хоёр, гурван ч казино туршилтын журмаар нээгдэж, түүнд тухайн үеийн мөнгөтэй хүмүүсээс эхлээд эрүүгийнхэн, улстөрчид орж тоглож байсан түүх бий. Тэгээд 1998 онд Казиногийн тухай хуулийг баталж, Чингис зочид буудалд үйл ажиллагаа явуулж байсан Р.Байгалийн Макаогоос хөрөнгө оруулалт татсан “Мон Макао” казино үлдсэн. Гэвч тендерт тэдэнтэй өрсөлдсөн “Казинос Мон” ч билүү компанийхан асуудлыг эргүүлэхээр лоббидсон гэдэг.

Ингэснээр УИХ-аас 1999 онд Казиногийн хуулийг цуцалж, Р.Байгаль болон УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун агсан нарын дөрвөн хүн яллагдсан. Казиногийн гэх тэр хэрэгт тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаяр, АХ эвслээс Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшиж байсан Да.Ганболд нарыг ч холбогдуулан шалгахыг завдсан тухай яригддаг. Энэхүү хэргээс болж Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсаныг хуурамч захидлаар унагаасан гэх нь ч бий.

Мөн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн учгийг ч энэхүү казинотой холбоотой хэргээс хайж байсан гэлцдэг. Ийнхүү Монгол улсад казиногийн хууль батлаад буцаан хүчингүй болгосонтой холбоотойгоор гурван гишүүн УИХ-ын танхимаас “Ганц” руу илгээгдэж байсан сонин түүхтэй.

С.Батчулуун агсан гэхэд УИХ-ын гишүүн төдийгүй Хууль зүйн сайд байсан бол Д.Баттулга УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны даргын албыг хашиж явсан юм. Тэд ял эдлээд гарсан хэдий ч хэлмэгдсэн гэж үздэг. Тэгвэл баталсан хуулиа эргүүлэн хүчингүй болгож манаргаж явсан хүмүүсийн нэг Ц.Шаравдорж гуравхан жилийн дараа МАХН парламентад үнэмлэхүй олонхи байх 2002 оны үед ээлжит Казиногийн хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч дэмжигдээгүй.

Тэрээр Замын-Үүдийн чөлөөт бүсэд казино байгуулахыг хүссэн юм. Түүнээс хойш Ц.Шаравдорж сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Тамгын газрын дарга алба хашиж яваад одоо Н.Энхбаярын намд нарийн бичгийн дарга болоод байна. УИХ-д анх бие даан сонгогдож орж ирээд АН-д элсээд буцаж гарч, дахин ороод бужигнуулж явсан Л.Гүндалай ч казиногийн тухай хууль барьчихсан явсан.

Мөн саяхан мөрийтэй тоглож байгаад баригдсан гэх УИХ-ын гишүүн асан Д.Загджав ч Хан-Уул дүүргийн засаг дарга байхаасаа эхлээд л казиногийн хуультай хамтдаа явж ирсэн нэгэн гэгдэнэ. Тэгвэл огцорсон Н.Алтанхуягийн Засгийн газар ч казиногийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдэж, дуусах шатандаа явсан гэдэг. Энэ бүхэн юу харуулж байна гэхээр мөрийтэй тоглоом, казинотой холбогдсон бүхэн заавал хар буруу нэр зүүж байж салдаг номтой мэт. Энэ удаа Сангийн сайдад нэр дэвшиж асан Д.Зоригт гишүүн ч мөн л мөрийтэй тоглоомноос болж сайд болох үгүй дээ тулах нь. Ийнхүү мөрийтэй тоглоом, казино гээч хүмүүсийг балладаг нь харагдаж байна.

Г.Самбаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • fds

      (112.72.9.222) 2014-11-26 12:34
      • 0
      • 1

      togluul toglono l bzde yamar hamaa bna

      Хариулах