
УИХ дээр эвгүй асуудал хөндсөн зүйл болсон нь газар нутгийн нэр дураар өөрчлөөд явчихлаа гэж УИХ гишүүн Энхамгалан хэлсэн утга агуулга бол нэг талаас үнэн зүйл юм. Бидний Монгол улс бараг бүх чиглэлд түүхэн газар нутгаа Хятад Орос Казахстан улсуудад янз бүрийн түүхэн шалтгаанаар алдсаар одоогийн байгаа 1,5 сая кв км нутагтайгаа үлдсэн, гэхдээ л бид байгаа нутагтаа эзэн болж дэлхийд тусгаар тогтносон Монгол улс гэсэн гал голомтоо сахиж үлдсэн бөгөөд бусад улс гүрнүүдтэй ямар нэгэн газар нутгийн маргаан байхгүй байхаар ХИЛ-н гэрээтэй улс юм.Энэ жишгээр харвал саяхан УИХ дээр дурдагдсан нэршлийн тухайд тодруулбал Зүүнгар хаант улсын тухай болон орчин цагийн зүүнгар нутаг хоёр бол өөр өөр ойлголт юм.
Өөрөөр хэлбэл орчин цагийн Зүүнгар нутаг бол Хятад улсын Шинжаан-уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэр ба энэ газар зүйн бүс нутаг бол баруун талаараа Казахстан улс буюу Зүүнгарын Алатау нуруу болон Балхаш-Алаколын сав газартай Зүүнгарын хаалгаар холбогддог. Энэ зүүнгарын хаалга гэдэг нь баруун талаараа Зүүнгар Алатау, зүүн талаараа Барлык нурууны хоорондох уулын хөндий ажээ. Харин зүүнгар нутаг хойд болон зүүн талаараа Монгол Алтайн уулс, өмнөд талаараа Тянь Шань буюу Тэнгэр ууланд тулдаг бол зүүн хил нь Монголын ИХ ГОВЬ-той хил залгадаг юм.
Энэхүү газар зүйн бүсийн нийт талбайн хэмжээг 777,000 км² гэж үздэг ба энэ газар нутгийн төв хэсгийг нийтэд нь Зүүнгарын хотгор гэж нэрлэдэг. Энэ нутгийг бас Зүүнгарын элсэн цөл буюу Зүүнгарын тал гэх нь бас байдаг ба газарзүйн хувьд тал бүрээсээ өндөр уулсаар хүрээлэгдсэн асар том элсэн цөл бүхий хотгор газар мэт газрын зурган дээрээс харагддаг. Зүүнгарын энэ бүс нутгийн баруун болон хойд, баруун өмнөд хэсэг илүү гол мөрөн устай бол төв болон зүүн хэсэг нь ус маш бага байдаг.
Энэ бүс нутагт баруун монголчуудын ЗҮҮНГАР-ын хүчирхэг хаант улс оршин тогтнож байгаад 1745 оноос дотоодын дайнд нэрвэгдэн улмаар 1755-1758 онд Манж Чин улсад эзлэгдэн хүн ам нь маш ихээр хядагдан, өвчин зовлон манжын ойрад нарыг тараан нүүлгэсэн зэргээс болж уг нутагт монголчууд хэт цөөнх болж энд тэнд багахан тоогоор л одоо оршин сууж байна. Өнөөдрийн байдлаар Шинжаанд ойролцоогоор 200 мянга орчим монголчууд байдаг гэх ба ихэнх нь ойрадын торгууд хошууд өөлд нар боловч бусад монголчууд болох цахар голлосон солон тува халх хүн ам бас байна.
Харин Уртнасан сайдын өөрчилсөн гээд хэл ам болсон Зүүнгарын говь бол энэ ЗҮҮНГАР гэгдэх бүс нутгийн хамгийн зүүн хязгаар ба манай улсын Ховд Говь-Алтай аймгийн хилийн цаана Хами хүртэлх сунаж тогтсон элсэн говийг хэлдэг. Газрын зураг дээр Зүүнгарын говийн дэвсгэр нутаг нь Байтаг Богд, Хавтаг, Тахийн шар нуруу орчмын газар тодруулбал Ховд аймгийн Булган, Үенч, Алтай, Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат сумдын өмнөд нутгаас орж болохоор байдаг ч манай талаас хэзээ ч өөрийн өмнөд говь нутгаа зүүнгарын говь гэж нэрлэж байгаагүй нь түүхэн нөхцөл байдлаас ихээхэн улбаатай.
Өөрөөр хэлбэл Зүүнгарын говь үндсэндээ хилийн цаана байсааар байхад Монгол улс энд Зүүнгарын говь гэж нэршил гаргаж ирэх нь буруу юм. Хэрэв ингэж дураар нэршил гаргаж ирвэл Хятадын тал өөрийн нутаг дээр Монголын аль нэгэн түүхэн газар орны нэрийг бас өөрийн нутаг дээрээ дураар давхардуулан өгөх боломжыг бид өгч байна гэсэн үг болно.
Ер нь түүхээс харахад Монголын хилийн Хятадтай хамгийн будлиан маргаантай хоёр газар байсны нэг нь Алтайн цаадах бүс нутаг байсаар ирсэн ба 1947 оны Байтаг богдын асуудал ба ийм учраас энэ бүсэд илүү ихээр хилийн зөрчил дайн байлдаан гарсан юм. Тэр бүү хэл Алтайн цаадах бүх нутаг манайх буюу эртний Зүүнгарын нутаг учир одооний Монгол улсад хамаагүй гэж хил тогтоох гэрээний үед ч маргаан гаргаж байсныг бид мартаж болохгүй.
Ийм учир Зүүнгарын хаант улс манай түүхэнд хамаатай зүйл болохоос одоо нэгэнт харь улсын мэдэлд очсон зүүнгар нутаг бол үнэндээ бидэнд хамаагүй, яг Байгаль нуур хамаагүй болсон шиг, яг Тува хамаагүй болсонтой адил яг өвөрмонгол хамаагүйтэй туйлын адилхан зүйл юм шүү.
Ө.Өлзийсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(107.72.162.17) 2021-11-17 12:58Enhkamaglan arai gaigyi yg duuaraad bh umaa UIHurliin gishyyd tyyhee Sain sudlahgyi bol bhgyi n bna shyy
Хариулах