
Өвөл гэхэд сорил гэх шиг дуулддаг юм.
“Хэврэг, хал даахгүй хэн, хаана, юу байна үзье” гэх шиг жаврын үзүүр, цасны хэмжээ хоног хоногоор чангарч зузааран, балчир гурван есийг дамнаад идэр гурван ес тачигнаад ирэхээр өвлийн эрхшээлд оролгүй янзаараа үлдэх юм гэж орчлонд ховор болно. Юм болгон барьцалдан хөлдөж тэсч үлдэхийн тэмцэл эхэлнэ. Миний багад харин гуравхан юм л тэнгэртэй тэрсэлдэх мэт өвлийн өөдөөс өрвөлзөж байх шиг санагддаг байлаа.
Цасан шуурга нүдэж байхад тэсвэр тэвчээр, эр зоригийн дуулал мэт салхи сөрөн шавж зогсох орсон буур өвлийн өөдөөс улам өнгө орон гялалзаж байх санагддаг юм. “Зад хүйтэрвэл хүйтэр л дээ, заяа нь би даарахгүй, цас шуургаа зүдэртэл тавибал тавь л даа, ердөөн би өлдөхгүй! Жар хоногт өдөртөө жаран хялгана шүүрэхэд л болно” гэх шиг өвдөг зогдороо нэвсийтэл хийсгэн, өвчүү гэдсээ махийтал татан өрж зогсох нь даанч сүрдмээр, аргагүй л бахадмаар.
Адуучин залуус бас өвлийг сөрөн өлчиржинө. Хүлгийн тарган, хувцасны сайн, насны ааг гуравтаа эрдэх мэт уурга суналзуулсан адуучин залуус цас манарган дахиж одох нь хараад баймаар, харц дагуулан бараа тасарна. За тэгээд, өвөл гэж халгадаггүй, халширдаггүй бууцны хормой бараадан дуу шуу болон эрхэлж тоглож байдаг хүмүүс гэвэл, зузаан зузаан дээл гуталтай, үнэгэн малгай юүдэнтэй, үе үе түүнээ тайлж уур савсуулан халуурхсан, улаан улаан хацартай хөдөөний хүүхэд багачууд бид дээ...
Тэнгэрийн тэртээ хаяанд урхаг сууж бүүдийгээд, бууцны хормой хотоор болжмор шувууд босч суун бужигналдаад ирэхээр тэнгэр хангай зангаа хувиргаж, ааш авираа үзүүлэх гэж зэхэж байгаа нь тэр. Гэрийн тооноор цасны түрүүч хаялж, зуухан дээр шард шард хийн унаад ирмэгц хүүхдүүд бид гүйлдээд гарна. Тэнгэр гэдэг орог саарал, газар гэдэг нэл цагаан. Хүн малгүй гэр орон, хороо бууцандаа хөл хоригдоно. “Залгаад битгий шуурга л тавиасай. Салхи жаахан хөдлөөд үүл хөөгөөд, цас жаахан онгойлгоод өгөөсэй” гэж малчин хүн тэнгэр аргадан бодно. Цас орсон өглөө гадаа гарахад нүд гялбана. Энэ дэлхийд хараараа нэг ч юм хоцроогүй мэт эргэн тойрон мэлцийсэн цагаан орчин угтана...
Хожим хэзээ хойно, дунд ангийн сурагч болсон хойноо үеийн охин чиний нэрийг дэрсний нөмөрт хунгарласан цасан дээр дурайтал тод бичсэн сэн. Хавь ойрд хэн ч байхгүй хэр нь хүн олоод харчих юм шиг хурдхан гэгч нь арилгасан. “Яах нь вэ дээ, ингээд л би арилгачих байсан юм. Арилгах уул нь амархан, үлдэх харин хэцүү. Чиний цээжинд энэ нэр хожмоо үлдэх болов уу” хэмээн дээр мэлцийх өвлийн тэнгэр асуух шиг, аргадах шиг болсон. Нээрээн ч салхины аясаар миний арилгасан мөр ч хунгар цасандаа төдөлгүй тэгширч арилаад үгүй болсон...
Өвлийн тэр өдрүүдэд юу юугаа мартсан бол доо, би хэмээн санаж ядна.
Өвөл гэхэд сорил гэх шиг дуулддаг юм.
До.Чулуунбаатар