
Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб БНХАУ-ыг үндэстний болон шашны цөөнх болох уйгурчуудын эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн буруутган, энэхүү "муухай бөгөөд жигшмээр" явдалд хариуцлагатай албан тушаалтнуудын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрээр БиБиСи агентлагт өгсөн ярилцлагадаа Хятадын эрх баригчид Шиньжаан-Уйгур дахь исламын шашинтай иргэдийг хавчин хянаж, үргүй болгох мэс ажилбарт хүчээр оруулж байгаа талаар дурдан, Их Британи холбоотон улс орнуудтайгаа нэгдэж Бээжингийн эсрэг зохистой арга хэмжээ авахаар ажиллана гэжээ. Их Британид БНХАУ-аас суугаа элчин сайд Лю Сяомин Доминик Раабын мэдэгдлийн хариуд исламын шашин шүтдэг уйгурчуудыг олноор нь хорьж байгаа гэдэг нь худал мэдээлэл бөгөөд уйгурчууд нь БНХАУ-д амьдарч буй бусад шашны цөөнхүүдтэй адил эрхийг эдэлж байгаа гэжээ. Элчин сайд Лю Сяоминд нүдээ боосон олон тооны уйгурчуудыг галт тэргэнд суулгаж байгаа дорноос хийсэн бичлэгийг үзүүлэхэд тэрээр бичлэгт юу гарч байгааг ойлгохгүй байна хэмээн хариулжээ.
Шиньжаан-Уйгурын бүс нутагт өнгөрсөн жилүүдэд нэг сая орчим уйгурчуудыг хорьсон талаар олон улсын хэвлэл мэдээллээр бичиж байгаа ч Бээжин эдгээрийг үндэслэлгүй худал мэдээлэл хэмээн үгүйсгэсээр байгаа билээ. Түүнчлэн Хятадын эрх баригчид Шиньжаан-Уйгурын эмэгтэйчүүдэд үргүй болгох мэс ажилбар хийх, жирэмслэхээс хамгаалах спираль тавих явдал гарч байгааг шалгахыг хүссэн хүсэлт НҮБ-д иржээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб БНХАУ-тай эерэг харилцаатай байхыг хүсч байгаа ч тус улсад хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй явдлыг дуугүй өнгөрөөж чадахгүй гэдгээ ярилцлагадаа онцолжээ. Шиньжаан-Уйгурт болж буй явдалд хариуцлагатай Хятадын албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авах, Их Британи дахь хөрөнгийг нь царцаахыг хүссэн өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсгээ зуржээ. Ингэснээр уг асуудлыг парламентад хэлэлцэх боломжтой болсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уйгурчуудын эрхийг хамгаалах алхам хийснээр хоёр улсын хоорондын худалдааны эргэлт багасах ба энэ нь коронавирусын цар тахлын улмаас уналтад орсон эдийн засагт маш том хохирол авчрах аж. Түүнээс гадна Их Британийн консерватив намын гишүүд Хонгконгт Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн Бээжингийн эрх баригчдын эсрэг арга хэмжээ авахыг шаардсаар байгаа билээ. Хятадын элчин сайд Лю Сяоминий мэдэгдсэнээр Их Британийн зүгээс Бээжинд хориг тавьсан тохиолдолд Бээжин үүнд гарцаагүй хариу үйлдэл үзүүлнэ гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.