Эхнэр нөхрүүдийн үндсэн 5 хэрэгцээ

Twitter Print
2022 оны 05-р сар 24-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

ЭХНЭР НӨХРҮҮДИЙН ҮНДСЭН 5 ХЭРЭГЦЭЭ

Гэр бүлтэй болсон хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай гэр бүлийн нэг шинж бол нэг нэгдээ үнэнч байдал юм. Америкийн сэтгэл судлаач, гэр бүлийн зөвлөх Уиллард Ф. Харли 800 хосыг оролцуулан судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд эрэгтэй эмэгтэй хүмүүст үндсэн хэрэгцээ гэж байдаг, тэдгээр нь хангагдсан тохиолдолд нэг нэгдээ үнэнч байж аз жаргалтай гэр бүл болдгийг тогтоожээ. Энэ тухай Уиллард Ф. Харли “Эхнэрийн хэрэгцээ, нөхрийн хэрэгцээ: үнэнч гэр бүлийг бүтээх аргууд” номондоо өгүүлсэн юм.

1. ЭНХРИЙЛҮҮЛЭХ/СЕКС ХИЙХ

ЭМЭГТЭЙ – ЭНХРИЙЛҮҮЛЭХ

Энэ нь хайр халамж, зөөлөн зан, уягдалтаар илэрч болно. Бас үнэсэлт, тэврэлт, цэцэг өгөх, утастах, мессеж илгээх, анхаарал тавихаар илэрдэг. Энэ бүхэн эмэгтэй хүнд өөрийгөө бат найдвартай, хамгаалагдсан, тав тухтай байна гэсэн мэдрэмж төрүүлдэг.

ЭРЭГТЭЙ – СЕКС ХИЙХ

Заримдаа эмэгтэйчүүд эрэгтэй хүний секс хийх асар их хэрэгцээг дутуу үнэлдэг. Гэтэл эмэгтэй хүн энхрийлүүлэх эрэгтэй хүн секс хийх нь хос хэрэгцээ юм. Хэрэв эрэгтэй хүн эмэгтэйгээ энхрийлээгүй бол түүнд секс олдохгүй байж мэднэ. Хэрэв эхнэр нь нөхөртөөгөө секс хийхгүй байвал нөхөр нь эхнэрээ энхрийлэхгүй байж мэднэ.

2. ЯРИЛЦАХ ХЭРЭГЦЭЭ/ АМРАЛТ ЗУГААЛГЫГ ЦУГ ӨНГӨРӨӨХ НАЙЗЫН ХЭРЭГЦЭЭ

ЭМЭГТЭЙ – ЯРИЛЦАХ ХЭРЭГЦЭЭ

Эмэгтэй хүн нөхөртөө юм ярьж тэр нь хариуд нь бас ярилцах хэрэгцээ гэж байдаг. Эхэн үедээ хосууд нэг нэгэнтэйгээ дуртай ярилцдаг. Гэрлэсний дараа ч гэсэн байдал ийм байгаасай гэж эмэгтэйчүүд хүсдэг. Судалгаанаас үзэхэд нөхөртэйгээ харилцах эмэгтэй хүний хэрэгцээ хангагдахын тулд долоо хоногт 15 цаг шаардлагатай байдаг байна. Энэ бол өдөрт 2 цаг гаран гэсэн үг. Энэ хугацаанд нөхрийн анхаарал бүхэлдээ эхнэр дээр байж чадвал эмэгтэй хүн сэтгэл дүүрэн амьдардаг байна.

ЭРЭГТЭЙ - АМРАЛТ ЗУГААЛГЫГ ЦУГ ӨНГӨРӨӨХ НАЙЗЫН ХЭРЭГЦЭЭ

Дөнгөж болзож байх үедээ эмэгтэйчүүд найз залуугийнхаа сонирхдог зүйлийг хамт их хийдэг: загасанд хамт явна, хөл бөмбөг цуг үзнэ гэх мэт. Гэрлэснийхээ дараа тэд нөхрийнхөө сонирхлыг өөрийн сонирхол руу урвуулахыг хүсдэг. Эсвэл нөхрөө дуртай зүйлээ ганцаараа хий гэдэг. Гэтэл эрэгтэйчүүд эхнэрээ амралт зугаалгыг хамтдаа өнгөрөөдөг хамгийн сайн анд нь байгаасай гэж хүсдэг. Эхнэртэйгээ цуг амрах нь сексийн хэрэгцээний дараа ордог эр хүний нэг том хэрэгцээ юм.

3. НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА БАЙХ/ ЭХНЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, СЭТГЭЛ ТАТАМ БАЙХ

ЭМЭГТЭЙ - НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА БАЙХ

Нөхөр нь шударга, нээлттэй байснаар эмэгтэй хүнд түүнд итгэж, өөрийгөө хамгаалагдсан гэж мэдэрдэг байна. Эхнэрийнхээ итгэлийг алдахгүйн тулд нөхөр нь том ч бай, жижиг ч бай бүх хэргүүд дээр нээлттэй байх их чухал.

ЭРЭГТЭЙ - ЭХНЭР ҮЗЭСГЭЛЭНТЭЙ СЭТГЭЛ ТАТАМ БАЙХ

Энэ асуудалд бодитой хандах хэрэгтэй. Нөхөр нь эхнэрээ зөвхөн ухаан, мэдлэг чадвар, сайхан сэтгэлээр нь үнэлдэггүй. Түүнд бас үзэсгэлэнтэй, сэтгэл татам эхнэртэй байх их чухал байдаг.

4. ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ/ ГЭР ОРНЫ ТАВ ТУХ

ЭМЭГТЭЙ - ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ

Мэдээж энэ асуудлыг “мөнгө хэзээ ч хангалттай байдаггүй” гээд үл тоомсорлож болно. Гэхдээ амьдрахад шаардлагатай, тогтвортой байхад шаардлагатай, маргаашийн өдөрт итгэлтэй байхад хүрэлцэх хэмжээний мөнгийг ярьж байна. Яг ийм хэмжээний мөнгийг.

ЭРЭГТЭЙ - ГЭР ОРНЫ ТАВ ТУХ

Эрэгтэй хүн өдөр тутамдаа олон төрлийн асуудал проблемтай тулгарч,тэдгээрийг шийдвэрлэж амьдардаг. Тиймээс тэдэнд орон гэрийн тав тух, амар амгалан маш чухал байдаг. Ийм юмыг тэд бүр хүсч мөрөөддөг гэж Уиллард Ф. Харли дүгнэсэн юм.

5. ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙН ЭЦЭГ БАЙХ / ӨӨРӨӨРӨӨ БАХАРХУУЛАХ

ЭМЭГТЭЙ - ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙН ЭЦЭГ БАЙХ

Эмэгтэйчүүд нөхрийгөө нь хүүдээ сайн үлгэр дууриалал, охиндоо төгс эрийн жишээ болоосой гэж хүсдэг. Мөн бас хүүхдүүдийнхээ хөгжил, боловсролд хангалттай үүрэг хариуцлага үүрээсэй гэж боддог.

ЭРЭГТЭЙ – ӨӨРӨӨРӨӨ БАХАРХУУЛАХ

Хайрладаг эмэгтэй нь өөрөөр нь бахархах нь эр хүнд маш чухал юм. Эхнэр нь чин сэтгэлээсээ нөхрөөрөө бахархдаг бол эр хүнд маш том түлхэц болдог. Ийм эр хүн асар ихийг хийж бүтээх эрч хүчтэй болдог. "Агуу эр хүний цаана агуу эмэгтэй хүн байдаг" гэж ярьдаг шүү дээ.

Бэлтгэсэн: Аниргүй төвийн бясалгалын багш Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.