Вашингтон ОХУ-ын хиймэл дагуул устгах пуужингийн туршилтыг буруушаажээ

Twitter Print
2021 оны 11-р сар 16-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Вашингтон ОХУ-ын зүгээс явуулсан хиймэл дагуул устгах пуужингийн туршилт Олон Улсын Сансрын Станцад байрлах сансрын нисгэгчдийн багийн аюулгүй байдалд заналхийлсэн, "аюултай бөгөөд хариуцлагагүй" үйлдэл хэмээн мэдэгджээ. Туршилтын явцад оросууд өөрсдийн ашиглалтаас гарсан хуучны хиймэл дагуулаа устгасан ба тус хиймэл дагуулын хэлтэрхийнүүд Олон Улсын Сансрын Станцад байгаа сансрын нисгэгчдийг ОУСС-д холбоотой байгаа капсулууддаа хорогдоход хүргэсэн аж.

Олон Улсын Сансрын Станц дээр өнөөдрийн байдлаар АНУ-ын 4, ОХУ-ын 2, ХБНГУ-ын 1 нисгэгч байрлаж байгаа ба станц дэлхийн гадаргуугаас ойролцоогоор 420 км зайд дэлхийг тойрон эргэлдэж байгаа билээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс, "Өнөөдөр ОХУ хиймэл дагуул устгах пуужингийнхаа туршилтын явцад өөрийн хиймэл дагуулаа устгасан. Хиймэл дагуул дэлбэрэх явцад төхөөрөмжинд ил харагдах 1500 гаруй хэлтэрхий, жижиг хэмжээний хэдэн зуун мянган хэлтэрхий дэлхийн тойрог замд тархсан." хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Сансрын агентлаг Роскосмосоос, "Олон Улсын Сансрын Станцад байсан нисгэгчдийг капсулууддаа орогноход хүргэсэн хэлтэрхийнүүд ОУСС-аас холдсон. ОУСС одоо аюулгүй бүсэд байрлаж байна." хэмээн твиттер хуудаснаа бичсэн байна.

ОХУ-ын пуужингийн туршилтын явцад пуужинд оногдсон хиймэл дагуул нь Зөвлөлт Холбоот улсын 1982 онд хөөргөсөн Космос-1408 тагнуулын хиймэл дагуул бөгөөд уг хиймэл дагуул нь 1 тонн гаруй жинтэй байсан аж.

АНУ-ын Төрийн департаментаас онцолж байгаагаар ОХУ-ын явуулсан туршилт ОУСС-д байрлах сансрын нисгэгчид болон улс орнуудын сансарт явуулж буй бусад үйл ажиллагаанд аюул учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэжээ.

Түүнчлэн ОХУ-ын уг аюултай, хариуцлагагүй үйлдлээрээ сансрын тогтвортой байдалд аюул заналхийлсэн гэжээ. Өнөөдрийн байдлаар хиймэл дагуул устгах зэвсэгтэй цөөн хэдэн улс байдаг ба тэдгээрт АНУ, ОХУ, БНХАУ болон Энэтхэг багтах аж.

Хиймэл дагуул устгах пуужингийн туршилт явуулах нь ховор байдаг ба ийм төрлийн туршилт нь олон улсын зүгээс шүүмжлэл дагуулдаг юм. Учир нь туршилтын үр дүнд сансрын хог хаягдал ихээр үүсч, энэ нь цаашлаад дэлхийд нөлөөлөх эрсдэлтэй юм.

Бээжингийн 2007 онд явуулсан туршилтын үр дүнд сансарт 2000 гаруй хэлтэрхий тархаж, зөвхөн Хятадын бус бусад бүх улс орнуудын сансрын үйл ажиллагаанд нөлөөлж байсан билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.