Хүнд ачаа

Twitter Print
2015 оны 08-р сар 27-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Би бага ангидаа байхдаа мөрөвчтэй цүнх үүрдэг байсан. Дараа нь 2-3 дугаар анги хавьцаа тус цүнхэндээ "операци" хийж нэг мөрөндөө үүрдэг болгосон. Тухайн үед том тэгш өнцөгт бөгсөн дээрээ зүүдэг "моод" байсан гэхүү дэ. Тэрнээс хойш офицер цүнхтэй тууштай найзалсан. Ахлах ангид нэг хэсэг хавтас ч барьдаг байв. Заримдаа цүнхгүй ганц дэвтэр гэдсэндээ хийгээд явдаг үе ч байсан. Ямарч үед биедээ ахадсан хүнд цүнхтэй байснаа би нэг л санахгүй юм. Мэдээж ном дэвтэр тодорхой хэмжээний жин дарна, гэвч илжиг модон хударгандаа дуртай гэдэг шиг надад хэцүү байгаагүй.

Одоо би хүүхдүүдийнхээ цүнхийг өргөж үзээд өөрийн эрхгүй ямар хүнд юм бэ гэж боддог. Laptop хийсэн миний цүнхнээс хүнд гээд бод.  Хоёрдугаар ангийн бага бол ерөөсөө цүнхэндээ дарлуулаад таарч байгаа, жижиг биетэйг ч хэлэх үү.

Ном болон хичээлийн хуваарьт учир байна. Хичээлийн хуваарийн хувьд: нэг өдөр 6 цаг ордог гэвэл 2+2+1+1 гэх мэт дөрвөн төрлийн хичээл л байвал зүгээр. 6 цагтай гээд 6 ном авч явах хэцүү, биеийн тамиртай бол гутал хувцастай уут чирэх хэрэгтэйг хэлэх үү. Сурах бичгийн хувьд: уг нь гоё болж, өнгө үзэмж сайн, агуулга нь ч орчин цагтайгаа нийцсэн. Гэхдээ том форматтай, зузаан болохоор хүнд. За яахав, томоор хэвлэдэг болсныг ойлгож болно - хүүхдэд ажиллахад хялбар байдаг байх. Гэхдээ хэт зузаан номыг 2 боть (дэвтэр) болгож хуваах хэрэгтэй шүү дэ. Тэр тусмаа монгол хэл, математик гэх мэт өдөр болгон ордог хичээлийнхийг. 1, 2-р улиралд 1-р дэвтэр, 3, 4-р улиралд удаах нь. Бага ангийн хүүхдүүдийг сургуулийн ойролцоо ажиглаарай, ихэнх нь бөгтийсөн, цүнхэндээ тээршаасан байдалтай явж байгаа.

- Орохгүй хичээлийнхээ номыг чирээд байгаа юм биш биз дэ? гэж асуухаар өөдөөс:

- Үгүй, юу гэж тэгэх юм.

Ш. Ганзориг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.