У.Мөнх-Эрдэнэ улсын аваргад оролцохгүй

Twitter Print
2016 оны 01-р сар 12-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-17-нд Спортын төв ордонд болж байгаа. Энэ удаагийн улсын аваргыг Лондоны олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, "Хангарьд" спорт хорооны тамирчин У.Мөнх-Эрдэнэ  бэртлийн улмаас өнжиж байна.

2015 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд У.Мөнх-Эрдэнэ гавьяат Б.Чинзоригт ялагдаж мөнгөн медаль хүртсэн билээ.

Боксын спортын хүнд нөхцөлд урвалгүй, нэгэн цаг үед эх орныхоо нүүрийг тахалж байсан тамирчин У.Мөнх-Эрдэнэ 1996 оноос боксын спортоос хичээллэж 2001 онд Зүүн Азийн аваргын алт, 2002 оны тивийн аваргын хүрэл, 2003 оны дэлхийн аваргад шөвгийн наймд шалгарсан, 2006 оны Азийн наадмын мөнгө, 2008 оны Бээжингийн Олимпийн шөвгийн наймд шалгарсан, 2009 оны Миланы дэлхийн аваргын хүрэл, 2011 оны тивийн аваргын алт, 2012 оны Лондонгийн Олимпийн хүрэл, 2013 оны Алма-Атагийн дэлхийн аваргын хүрэл медаль авсан.

Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин У.Мөнх-Эрдэнэ боксчдоос “гавъяат тамирчин” цол хүртсэн 16 дахь хүн нь болжээ. 2013 оны сонирхогчдын боксын дэлхийн аваргын өмнө 64 кг-д ОУХМ З.Энхзориг, гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ гэсэн Монголын хоёр шилдэг боксчны хэн нэгнийг нь оролцуулах хүндхэн сонголтын өмнө ирсэн. Харин сонгон шалгаруулах халз тулаан хийх шийдвэр гаргаж, У.Мөнх-Эрдэнэ ялсан. Тэрээр өөрийнхөө зөв байсан гэдгийг баталж Казахстаны рингээс хүрэл медальтай ирж түүхэн гавъяа байгуулсан. Манай бусад жингийн тамирчид медаль хүртэж чадаагүй юм.

Боксын спортод сэтгэл зүрхээ зориулсан У.Мөнх-Эрдэнэ 2007 оноос хойш болсон Олимп, Дэлхийн аваргаас дараалан медаль хүртээд байсан Монголын боксын тамирчдын амжилтыг үргэлжлүүлсэн юм.

2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон дэлхийн аваргаас Э.Бадар-Ууган мөнгө, 2008 онд БНХАУ-ын Бээжин хотод болсон зуны Олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, 2009 онд Италийн Милан хотод болсон дэлхийн аваргаас П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, 2011 онд Азербайжаны Баку хотод болсон дэлхийн аваргаас П.Сэрдамба хүрэл, 2012 онд Английн Лондон хотод болсон зуны Олимпоос Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл авч Монголын боксчид дэлхийд данстай гэдгээ жил дараалан болсон Олимп, дэлхийн аваргад батлан харуулсан. Энэхүү нэр хүндийг У.Мөнх-Эрдэнэ 2013 онд үргэлжлүүлсэн нь түүний боксын спортын төлөө байгуулсан гавъяаных нь зөвхөн нэг хэсэг нь билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.