“АРЕВА Монгол” компани сургалтын тэтгэлэг олголоо

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

“АРЕВА Монгол” ХХК нь Дорноговь аймгийн нийт 23 оюутанд бүтэн сургалтын тэтгэлэг 2010 оноос хойш олгоод байна. Үүнээс 8 оюутанд Бакалаврын зэрэг буюу дөрвөн жилийн туршид олгох бөгөөд үлдсэн 15 оюутанд нэг жилийн хугацаагаар олгож байна.

 Тус компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийн оюутан залууст ээлжит тэтгэлгээ олгожээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд 10-р сарын 1-ний өдөр “АРЕВА Монгол” компанид зочлон, тэтгэлэгт хамрагдах тухай гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан байна. Энэ үеэр тэдгээр оюутнаас тэтгэлэг авч байгаа талаар сэтгэгдлийг нь сонссон юм.

Хоёр дахь жилдээ сургалтын тэтгэлэг авч байгаа Их засаг дээд сургуулийн эрхзүйн гуравдугаар дамжааны оюутан Ж.Майраа хэлэхдээ, “Би ах дүү наймуулаа өнөр бүлийн хүүхэд. Хэрэв энэ тэтгэлэг байгаагүй бол цаашид яаж суралцах байснаа төсөөлөхөд ч хэцүү. Эхний жилээ суралцаад дараагийн жил нь төлбөрийн асуудлаас болж нэг жил алдаад байсан. Харин одоо сургалтын тэтгэлэгт хамруулан, ховор боломж олгож байгаа “АРЕВА Монгол” компанийн хамт олонд үнэхээр их баярлаж байна” гэсэн юм. Мөн тэрээр  бусдын итгэлийг дааж тэтгэлэг авснаар сурлагадаа шамдахад нь бас нэг хөшүүрэг болж байдгийг онцолж байсан юм. “Хичээлдээ шамдахгүй л бол болохгүй шүү, тэтгэлэг авч байгаа шүү дээ гэсэн бодол сайн суралцахад минь үнэхээр их түлхэц болдог” гэж Ж.Майраа ярьж байна. Тэтгэлэг авсан бусад оюутнууд ч мөн түүнтэй санал нийлж, “бид л итгэлийг нь даах юм бол бусад оюутнуудад ч бас ийм боломж олдох болно гэж бодоод их хичээж суралцаж байгаа” хэмээн өгүүлж байлаа.

Одоогоор “АРЕВА Монгол” компанийн тэтгэлэгт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4, Сайншанд сумын Зүүнбаян багийн 5 оюутан хамрагдан суралцаж байгаа юм байна. “АРЕВА Монгол” компаниас оюутнуудын сургалтад зориулан энэ сургалтын жилд нийтдээ 14 сая 600 гаруй мянган төгрөг зарцуулжээ.  

“АРЕВА Монгол”, “Кожеговь” компаний Ерөнхий захирал Тьерри Плэзант: “Хайгуулын үйл ажиллагаагаа явуулдаг манай талбайн ойр орчмын айлуудын залуучууд илүү сайн мэргэжлийн боломжуудтай болохын тулд дээд боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхдээ бид баяртай байна. Манай компаниуд цаашид тэтгэлэг үргэлжлүүлэн өгнө” гэлээ.

“АРЕВА Монгол” ХХК-ний охин компани болох “Кожеговь” компани нь Монгол Улсад 1997 оноос хойш ажиллаж байна. Тус компани Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт ураны хайгуул хийж байгаа билээ. “Кожеговь” компани нь  дэлхийн хамгийн том ураны ордуудын нэг болох Зөөвч Овоо (54640 тонн ураны нөөцтэй) болон Дулаан Уул (6260 тонн ураны нөөцтэй) ордуудыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас илрүүлсэн. Тус компани нь Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багийг дамнасан Сайншандын хотгорт хайгуулын үйл ажиллагаагаа голчлон явуулж байна.

Тэдний толгой компани болох “АРЕВА” групп нь цөмийн эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Тус групп нь ураны хайгуул, олборлолтоос эхлээд цөмийн түлшний циклийн бүх шатны тоног төхөөрөмж, үйлчилгээ, цөмийн реакторын загвар, реактор барих, ажиллуулах үйлчилгээг санал болгодог. Мөн тус групп нь сэргээгдэх эрчим хүчний салбарт өндөр технологийн шийдлийг түншлэлийн замаар гарган авахаар хөрөнгө оруулж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.