“Дэмжлэгтэй” Засгийн газар байгуулж чадах уу

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Ч.Сайханбилэгийн байгуулах Засгийн газар нэгдүгээрт, дэмжлэгтэй, хоёрдугаарт, шийдлийн, гуравдугаарт шуурхай Засгийн газар байх болно гэсэн. Дээрх гурван гол зарчмаас “Дэмжлэгтэй” байх нь хамгийн чухал гэж ойлгож болно. Дэмжлэг байхгүй бол шийдэл болон шуурхай байдал аль аль нь үгүй болох мэт харагдана. Дэмжлэг байж гэмээн сайн шийдвэрүүд шуурхай гарах нөхцөл бүрдэнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой болов уу.

Тэгвэл шинээр байгуулагдах Засгийн газар дэмжлэгтэй байж чадах уу. Ямартай ч Засгийн газрын тэргүүн дэмжлэгтэйгээр ажлаа явуулахын тулд өчигдөр намуудад хамтран засаг байгуулах саналаа хүргүүллээ. Намууд хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байна. “Шударга ёс” эвслийн хувьд ямартай ч хамтрах саналыг хүлээж авах байх. Харин МАН-ынхан хэрхэн хүлээж авах вэ. Тэд анхнаасаа л “Энэ засагт орохгүй” гэж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Хэрэв энэ байр суурин дээрээ хэвээр байвал Ч.Сайханбилэгийн Засгийн газар хангалттай дэмжлэгтэй ажиллаж чадахгүйд хүрэх бололтой. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ынхан сөрөг хүчний байр суурьтайгаар парламентад ажилласан. Үүргээ “сайн” биелүүлж, Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зургаан удаа тавьсан. Хамгийн сүүлд шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудал дэмжигдсэнээр өнөөгийн Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинээр байгуулагдахаар болоод байна.

Ч.Сайханбилэг томилогдлоо гээд Н.Алтанхуягаас өөрөөр ажиллах боломж, нөхцөл байгаа юу гэх асуулт. Хэрэв сөрөг хүчин өмнөх шигээ гэдийсээр, Засгийн газрын бодлогуудыг дэмжихгүй хэвээр байвал Ч.Сайханбилэг хоёр дахь Н.Алтанхуяг л болж хувирна. Хэдийгээр сөрөг хүчний зүгээс “Засгийн газрын зөв бодлогыг дэмжиж ажиллана” хэмээн байнга хэлдэг ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зөв бодлогыг дэмжсэн нь нэг ч удаа харагдаагүй юм. Наад зах нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахыг хоёр жилийн турш гацаасаар өдийг хүрээд байна.

“Өр тавих нь буруу, Монгол Улс өрийн сүлжээнд орох нь” гэж айлгасаар өдийг хүрлээ. Гэтэл яаралтай өр, зээл авч чадсан бол өнөөдөр ам.долларын ханш ингэтлээ чангараа ч уу, үгүй ч үү. Өр тавьж болно, зөв зарцуулах нь л чухал. Гэтэл өрийн зарцуулалтыг хуульчлах Өрийн удирдлагын тухай хуулийг одоо болтол дэмжээгүй л байна. Уг нь аль өнгөрсөн оны сүүлээр өргөн барьсан хууль. Энэ мэтээр МАН-ынхан бүх зүйлийг “сөрсөөр” л байгаа юм. Цаашдаа энэ янзаар сөрсөөр байвал хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргах, цаашлаад эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэдэг “мөрөөдлөөс” цаашгүй болох биз. Тийм учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хүссэн хүсээгүй дэмжлэг хэрэгтэй. Дэмжлэг буюу зөвшилцөл. Зөвшилцөж байж, шийдвэрүүд хурдан гарна.

Засагт хамтрахгүй байж болно. Гэхдээ парламентын төвшинд зөвшилцөл, ойлголцолд хүрэх хэрэгтэй байх. Тэгж чадахгүй бол ирэх хоёр жилийг дэмий үрэхээс цаашгүй болох нь байна. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат “МАН-ыгүйгээр засаг байгуулж чадахгүйдээ хамтрах санал тавьсан юм биш” хэмээн мэдэгдсэн байсан.

Үнэхээр ч дараагийн Засгийн газар МАН-тай МАН-гүй байгуулагдаж болно. Гэхдээ Засгийн газар байгуулагдах нэг өөр. Байгуулагдаад ажлаа урагшлуулах, ажил хийх гэдэг бас нэг өөр. Шинэ Засгийн газар ард түмэнд заавал таалагдахгүй шийдвэр олон гаргана гэж буй. Энэ шийдвэрүүдийг гаргахын тулд зөвшилцөл хэрэгтэй. Тэгж байж, дэмжлэгтэй Засгийн газар болох учиртай.

Товчхондоо бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар үнэхээр сайн ажиллаж чадах эсэх нь сөрөг хүчинтэйгээ хэр ойлголцож, хамтран ажиллахаас л хамаарахаар болчихлоо. Ч.Сайханбилэг өөрийгөө “Сайн менежер” гэж тодотгосон. Сайн менежрийн ур ухаанаар сөрөг хүчнийхээ арга, эвийг олж, ажлаа “нугалаад” явна гэж найдъя.

 

Сэтгүүлч Л.Энхдэлгэр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.