АН-ын фракцууд их хурлаа хуралдуулахгүй байхаар тохирчээ

Twitter Print
2014 оны 11-р сар 25-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

АН-ынхан өнгөрсөн зунжингаа бүлэг фракцаараа хөдөө хээр гарч хуралдсан. Ингээд ил далд тохироо, хуйвалдаанууд явагдсаар Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад авсан билээ. Гэхдээ Н.Алтанхуягийг огцруулсан ч Алтангадас хэмээх хүчтэй фракц нам доторхи нөлөөллөө хадгалж чадсан юм. Уг нь бол МоАХ, МҮДН, Шонхор фракцийхан намынхаа нэр хүндийг унагаж байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтаа хариуцлага тооцоод зогсохгүй, намынхаа их хурлыг хуралдуулж Намын даргаас нь буулгаад ҮЗХ-нд Алтангадасыг бага төлөөлөлтэй болгон буланд шахах сценаритай байсан.

Гэвч Н.Алтанхуяг болон Алтангадасынханы найруулсан сценариар бүх асуудал шийдэгдэж эв найрамдалтайгаар намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хуваагаад авчихлаа. Мөн эрх мэдлээ эв найрамдалтай хувааж авсан фракцууд намынхаа их хурлыг хуралдуулахгүй байх тохироог хийгээд байгаа гэнэ.

АН-ын ҮЗХ-нд Алтангадас хамгийн хүчтэй бол Их хуралд МоАХ хамгийн нөлөөтэй нь гэлцдэг. Тиймээс ч намынхаа их хурлыг хуралдуулахын төлөө МоАХ-ны анхдагч партизан, МУГЖ төрийн соёрхолт Д.Сосорбарам хүртэл дуу хоолойгоо илэрхийлж “бүтэн зургаан жил хурлаа хийдэггүй нам гэж юу байсан юм бэ?” гэх мэтээр маш хүчтэй эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ.

Гэвч тэдэнд одоо намынхаа эрх мэдлийг их хурлаар булааж авах шаардлага үлдсэнгүй. МҮДН Алтангадастай сайн тохироо хийсэн бол Шонхорынхон намын даргатай болж чадсан. Алтангадасынхан ч Ерөнхий сайдын суудлаа хадгалж үлдсэн. Тэдний хэн хэн нь ямар ч гомдолгүй хоцорлоо. Тийм учраас намын их хурлаа ирэх оны 5-6 сард хуралдуулахаар тохироогоо нэгэнт хийсэн гэнэ.

Ойрын өдрүүдэд өрнөж байгаа улстөрийн үйл явдлаас харахад МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулах магадлал өндөр байна. Хэрвээ хамтарсан Засгийн газар байгуулж сайд нарын суудлыг хуваарилсаны дараа их хурлаа хийвэл албан тушаалгүй үлдсэн гомдогсод болон МАН-ыг эсэргүүцэгчдийн фронт намынхаа эв нэгдлийг самрах аюултай. Тийм учраас улстөрийн нөхцөл байдал тодорхой болж, зүг чигээ олон хэвшихийг харгалзан их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэсэн шийдэлд тэд хүрч байгаа бололтой. Гэхдээ энэ бүхнээс харахад намын их хурал нь хуралдахгүй ч байж мэднэ гэж эх сурвалж мэдээллэж байна. Учир нь намын их хурлаар намын дарга, ҮЗХ-ны томилгооны асуудал хүссэн ч эс хүсссэн ч сөхөгддөг болохоор тэд эв эеэ хичээн 2016 он хүртэл аль болох зодоон багатай байхыг хүсэх болжээ.

Харин намынхаа дотоод бүтэц, аймаг орон нутгийн салбаруудыг шинэчлэх ажлыг үе шаттайгаа зохион байгуулахаар болсон гэнэ. Одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Учир нь шинэ намын дарга З.Энхболд үүнтэй туйлын таарамж муутай бөгөөд хамтарч ажиллах хүсэлгүй байгаагаа дуулгаад авсан сурагтай байна.

Гэхдээ Ц.Оюундарь нь өмнөх намынхаа удирдлагуудыг цээжээрээ хамгаалж ирсэн учраас Алтангадасынхан түүнийг гаргуунд нь гаргачихгүй Засгийн газрын танхимд эсвэл өөр дүйцэхүйц албан тушаалд томилох магадлал өндөр байгаа ажээ. Харин түүний орон тус намын шинэ генсекээр одоогийн нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг очихоор тохироо хийгдсэн гэсэн мэдээлэл улстөрийн хүрээнийхэний сонорт хэдийнээ хүрчээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.