Нурууны нугалам хоорондын жийргэвч, үе, холбоосууд хатуурч, зузаарч, уян хатан чанар, хэлбэрээ алдах эмгэгийг остеохондроз гэнэ

Twitter Print
2021 оны 11-р сар 16-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

ОСТЕОХОНДРОЗ буюу ХҮЗҮҮ НУРУУНЫ ШОХОЙЖИЛТ

Маш олон хүн миний хүзүү шохойжчихсон байна гэнээ, миний нуруу шохойжилттой, шохойжилтод бариа сайн гэж бие биедээ хэлдэг ч үнэндээ яг ямар өөрчлөлт бий болчихоод байгааг тодорхой мэддэггүй.

Нурууны нугалмуудыг чөлөөтэй хөдлөх боломжоор хангаж өгдөг нугалам хоорондын жийргэвч, үе, холбоосууд нь бүтцийн өөрчлөлтийн улмаас хатуурч, зузаарч, гөлгөр байдал, уян хатан чанар, хэлбэрээ алдах эмгэгийг остеохондроз гэнэ. Нэг үгээр хэлэхэд нурууны үе тань хөгширчихлөө гэж ойлгож болох юм.

Остеохондроз өвчинд хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү өртдөг. Энэ нь жирэмслэлт болон төрсний дараа уг өвчин эхэлж, цэвэршилтийн үед идэвхждэгтэй холбоотой.

Гэтэл эрэгтэйчүүдэд нурууны остеохондроз өвчин олон дахин хурцдах, архаг удаан явцтай тохиолдох нь элбэг болж байна. Энэ нь эрчүүд биеийн хүчний ажил хийх нь багасч, хөдөлгөөний хомсдолд орж байгаа, тэдний физиологийн онцлог, элдэв хорт зуршилд нэрвэгдэх явдал элбэг байдагтай холбоотой. Харамсалтай нь аль хүйсийн хүмүүсийн хувьд сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөгсөд улам бүр залуужиж байна.

Остеохондрозын үе шат

Остеохондрозыг дөрвөн үе шатад хувааж үздэг.

Эхний үе шат нь нуруу чилэх, удаан суухаар эсвэл хэвтэхээр хүзүү нуруу өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэнээр эхлэх боловч эдгээр шинж тэмдэг нь амархан арилдаг, шинжилгээгээр бага эсвэл бараг илэрдэггүй учир маш ховор оношлогддог. Энэ үе шатанд нурууны өөрчлөлт хамгийн бага байдаг. Өөрөөр хэлбэл рентген зураг авхуулахад нурууны хэлбэр өөрчлөгдсөн, үе хоорондын зай багассан зэрэг бага хэмжээний өөрчлөлт илрэх бөгөөд хүнд ачааллын дараа нурууны булчин бага зэрэг чангарч өвдөх боловч хэдэн удаагийн бариа эмчилгээний дараа намдчихдаг учир хүмүүс тэр бүр анхаарал хандуулдаггүй нь тун тоогүй юм. Уул нь энэ шатанд мэргэжлийн эмчид хандан оношоо сайн тогтоолгоод, мэргэжлийн байгууллагаар эмчилгээгээ жил бүр хийлгээд байвал хүндрэхгүй байх боломжтой байдаг.

Хоёр дахь шатанд нугалам хоорондын зай багасаж, жийргэвч дарагдаж, шахагдан цүлхийж, хавагнан, мэдрэлийн судасны төгсгөлүүд, цус, лимфийн судаснууд дарагдаж эхэлдэг. Нурууны өвдөлт ч хүчтэй болж, ойр ойрхон мэдрэгдэж эхэлдэг. Чухам энэ үед хүмүүс нуруунд юм хавчуулагдчихаад байдаг гэж хэлэх нь элбэг ч зовиур мөн л удаан үргэлжлэхгүй, удалгүй зүгээр болчихдог болохоор анхаарал хандуулахгүй орхичихдог.

Гурав дахь шат. Фиброзон цагаригууд хүчтэй шахагдсанаас цоорч, нугалам хооронд жийргэвчийн цөм нь бултайж, ивэрхий үүснэ. Ийм өөрчлөлтүүд ихэвчлэн бүсэлхий ба хүзүүний хэсэгт илэрдэг.

Нугалмын хооронд бий болсон ивэрхий нугаснаас салаалсан мэдрэлийн судаснууд дээр дарж өвдөлт үүсгэхээс гадна, мэдрэлийн эсийн дамжуулалт буурах, үрэвсэх хэлбэрээр хүндэрдэг. Энэ үе шатанд хүмүүс нуруу хааяа өвддөг ч ерөнхийдөө гайгүй байснаа одоо хөл үрүүгээ дамжмж өвдөөд намдахгүй байна, өмнө нь ингэж удаан хүчтэй өвдөж байгаагүй гэдэг ч үнэндээ аль хэзээний эргэлтгүй өөрчлөлт бий болсон байдаг.

Дөрөв дэх үе шат. Нугалам хоорондын жийргэвчийн хэлбэр бүрэн алдагдаж, тэжээлийн өөрчлөлтөөс шалтгаалан хатуурч шохойжсон эдээр солигдоно.

Харамсалтай нь эхний үе шатанд эмчид хандан оновчтой эмчилгээ хийлгээгүйгээс өвчнөө хүндэрсэн хойно, 2 дах эсвэл 3 дах шатанд эмчид хандах нь олонтоо.

Шинж тэмдэг

Тэгвэл та энэ өвчин танд илэрч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Эхэн үед хүчтэй шинж тэмдэг илрэхгүй, илэрсэн ч хурдан намддаг. Харин өвчин нэлээн даамжирсан үед багана нурууны аль хэсэгт энэ эмгэг үүссэнээс шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрнэ.

Хүзүүний нугалмын остеохондроз, үе шатаасаа хамааран толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хааяа дотор муухайрч огиулах, хүзүү хөших, хуян хөөрөх, хоёр гар эсвэл мөрөөр бадайрч өвдөх, ажлын ачаалал хэтрэх, удаан тонгойн суусан үед мөн шөнийн цагаар өвдөлт нэмэгдэх, гарын бугалга, тохой шуугаар бадайрч янгинаж өвдөх, гарын хуруунууд мэдээ муутай болох, хүзүүний үений хөдөлгөөн хязгаарлагдах, нойр муудах, тайван бус болох, амархан ядрах, их зүүдлэх, зүрх дэлсэх, даралт ихсэх зэрэг шинж тэмдгүүд хавсран илэрнэ.

Цээжний нугаламд суулт шохойжилт үүссэн бол зүрх дэлсэх, хатгах, зүрхний хэм алдагдах, гар мөрөөр өвдөх, бадайрах, гар руу өвдөлт дамжих, гарын булчингууд татах, дал мөрөөр хатгаж өвдөх, цээжний хэнхэрцэг нилдээ хөндүүрлэж өвдөх, бүсэлж өвдөх, цээжээрээ эргэх хөдөлгөөн хийхэд өвдөлт нэмэгдэх, хүчтэй амьсгалах, найтаах, ханиах үед өвдөлт нэмэгдэх, сэрвээгээр хөших зэрэг шинж тэмдгүүд өвчний үе шатаас хамааран янз бүрээр ажиглагдана.

Бүсэлхий ууцны үенд шохойжилт, суулт үүссэн үед өвчний эхэн үед ууц нуруу чилэх, хөших, бөхийж гэдийх хөдөлгөөн бага зэрэг хязгаарлагдах, бөөр өвдөх мэт шинж илэрдэг бол өвчин хүндэрсэн үед нуруу гэнэт татах, шатаар өгсөж уруудах, бөхийж тонгойх үед өвдөлт нэмэгдэх, түнхээр хатгаж өвдөх, өвдөлт доошлон гуяны гадар хажуу, ар тал, урд тал, тахим, шилбэ рүү дамжин өвдөх, өвдөлт нь явах, ханиалгах, найтаах, дүлэх үед нэмэгдэх, тавхай, хөлийн хурууны хүч суларч тавхайн гадна тал, ар тал, шилбэний гадна талаар өнгөц мэдрэхүй алдагдах, булчин зангирах, хөдөлгөөн хязгаарлагдах, хөдөлгөөн болон ачааллын үед гэнэт бүсэлхий нуруугаар өвдөх, нуруу мурийх, давсаг сулрах, эрэгтэйчүүдэд бэлгийн сулрал үүсэх, эмэгтэйчүүдэд эрт цэвэрших, биеийн юмны мөчлөг алдагдах, өвдөлттэй ирэх шинж ажиглагдана.

Оношлогоо

Эдгээр зовууриуд илэрч байвал эмчид үзүүлж, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авч, шаардлагатай бол компьютер томографи, МRI оношилгоо хийж таны биеийн байдлыг үнэлнэ.

Нурууны рентген зурагт илэрсэн жийргэвчийн өндөр намсах, нугалам хоорондын зай бүхэлдээ эсвэл зарим хэсгээр ойртох, жийргэвчийн ялгарал муудах, жийргэвч шохойжих, нугалмуудын ирмэгээр ясан ургацаг бий болох, нугалмын хэлбэр өөрчлөгдөх, хөдөлгөөн хязгаарлагдах зэрэг шинжүүдээр эмч өвчний үе шатыг тодорхойлон, тохирсон эмчилгээг санал болгоно.

Харин компьютер болон MRI шинжилгээгээр дискийн ивэрхий, нугасны ёзоор дарагдлыг бүрэн оношилно.

Эмчилгээ

1. Хамгийн гол нь эмчилгээнээс гадна урьдчилан сэргийлэхийн тулд зохистой дасгал хөдөлгөөн чухал хэрэгтэй.

2. Эмийн эмчилгээ

3. Өвчний үе шат, нас биеийн онцлогт тохируулан эмчийн зөвлөсөн зүү эмчилгээ, бариа засал, шарлага, татлага, бумба, зэрэг хавсарсан уламжлалт - сэргээн засахын эмчилгээ үр дүнтэй.

4. Өвчин хурц биш үед нурууныхаа цусан хангамжийг сайжруулах зорилгоор рашаан сувилал, халуун шавар эмчилгээ хийлгэх хэрэгтэй

5. Хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ.

6. Хурц өвдөлттэй бол хэвтрийн дэглэм сахих шаардлагатай.

7. Шаардлагатай кальци, холбогч эдийг төлжүүлдэг эрдэс бодисоо хоол хүнсээр эсвэл хүнсний нэмэлтээр хангалттай хэмжээгээр авах талаар бас санаж байх хэрэгтэй. Энэ өвчнийг нэг удаа эмчлүүлээд л эдгэрдэг өвчин гэж төсөөлж огт болохгүй шүү.

Нурууны өвчний үед 6-7 төрлийн хавсарсан уламжлалт эмчилгээг ивээс болон нугалмын хөдөлгөөнт засал эмчилгээтэй хавсарсан эмчилгээ хийж болно.

Н.Алтанхундага

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.