Шинийн найманг Маналын дүйцэн өдөр хэмээдэг

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тохиож байгаа билээ. Оточ /төвдөөр Манал/ бурхан болон Дара эхийн буулттай байдаг тул Гандантэгчэнлин хийд Y Далай ламын зохиосон Их Манал \Идшинванжил\, Маналын дончодыг Гандан дуганд, Дарь эхийн мандал шиваг Очирдарийн буюу Цогчэн дуганд хурдаг. Их Манал нь Бурхан багш болон 8 Манал бурханы аврал чуулганы, Маналын дончод нь судрын ёсны уншлагад зориулсан зан үйл юм.

Шинийн найманг Маналын дүйцэн өдөр хэмээдэг. Энэхүү хурал нь Манал бурханыг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манал бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчингүй зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манал бурханы тахилгын зан үйл, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манал бурхадын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.

Манал бурханы хот мандлыг 1,000 удаа гороолж, мөргөхдөө тэргүүлэшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэнэ.

Сунаж мөргөж буй нь бурханы шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурханы зүрхэн тарнийг 1,000 удаа уншиж буй нь Манал бурханы лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1,000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манал бурханы оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.

Манал бурханыг шүтэж, Шинийн наймны их хуралд даган баяссанаар бурхан бүгд таалан аварч, өвчнөөр өвдөхгүй, урт насалж, цаг бусаар үхэхийн зовлонгоос ангижирч, үхэл, дайсан, ад, хэрүүл, тэмцэл, салж хагацах гэх мэтээс гэтлэн, дайсан тотгорын эрхэнд үл орж, юу санасан сайн санаа бүхэн номын ёсоор ёсчлон бүтнэ.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Daramaa

      (182.160.35.88) 2020-03-02 12:04
      • 0
      • 0

      Tegeed Gandand ochij sunaj morgood ene aimaar tahalaas angijirana gesen uguu. Ochij morgiee tsomooroo. Tahalholuur ongoroh ch ym bilyy. Ymiig yaj medeheb.

      Хариулах